Иргэн хүнийг Эрүүгийн гурван зохиомол хэрэгт 2365 хоног яллагдагч, шүүгдэгчээр хэлмэгдүүлсэн прокуроруудаас хариуцлага нэхэн Ерөнхий прокурорын газрын үүдэнд өнөөдөр /2018.12.21/ иргэд жагсаал хийж байна.
Энэ талаар иргэн Б.Батдэлгэр“Би гурав дахь өдрөө энд жагссан. Өнөөдөр жагсаалын сүүлийн өдөр. Прокурорууд, прокурорын тухай хууль болон Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахгүй байна. Мөнгөтэй эрх мэдэлтэй танил сайтай хүмүүсийн эрх ашгийг хамгаалж хууль бус шийдвэр гаргаж жирийн иргэдийг хохироож байна. Энэ бол надад тохиолдсон явдал.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас надад Эрүүгийн гурван зохиомол хэрэг үүсгэн 2365 хоног яллагдагч, шүүгдэгчээр хэлмэгдүүлэн 5.5-8 жилийн яллах саналыг прокурорууд шүүх рүү явуулсан. Монгол Улсын дээд шүүхээс 2018 оны тавдугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг биш иргэний хэргийн маргаан гэж үзээд цагаатгасан. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр Монгол Улсын прокурорууд буюу улсын яллагч нар ажилдаа хариуцлагагүй хайнга хандсан эсвэл мөнгө эрх мэдэлтэй хүнд үйлчилж жирийн иргэдийг хохироодог нь харагдаж байна.
Намайг 5.5- 8 жилийн чанга дэглэмтэй ангид хорих ялаар шийтгэж байсан прокурорууд өнөөдөр зүгээр ажлаа хийгээд явж байна. Гэтэл эдгээр прокуроруудтай уулзаад "Та нар ажлаа хариуцлагагүй хандсан байна. Дээд шүүхээс ийм тогтоол гарлаа” гэхээр бид нар зүгээр ажлаа хийж байсан гэж яриад байгаа юм. Энэ асуудлаар улсын ерөнхий прокурортой уулзах гэхээр уулзахгүй байсан. Харин түрүүн Монгол Улсын прокурорын орлогчтой уулзахад миний шаардлагыг хүлээж авлаа. “Асуудлыг хуулийн хүрээнд шалгаж тогтоогоод эргээд хариу мэдэгдье. Үнэхээр Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор хэлмэгдүүлсэн эсэхийг прокурорын ёс зүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцье гэсэн хариу өгсөн.
Ийм тохиролцоонд хүрээд өнөөдрийн жагсаал цуглаанаа дуусгаж байна. Мөн нэг зүйлийг нэмж хэлэхэд манай “Бүрэн цутгамал” ХХК 2013 онд Сант сургуулийн өргөтгөлийн байрыг барьсан. Гэтэл барилгыг барьж дуусгаснаас хойш Эрүүгийн, Иргэний, Захиргааны хэргийн маргаанууд явж байгаа. Манай “Бүрэн цутгамал” компанийг чанаргүй барилга барьсан гэж үзсэн бол нөгөө талаасаа манай компанийн бичиг баримт тусгай зөвшөөрлөөр Улсын комиссоор тухайн барилга дээр ямар ч ажил хийгээгүй “Голомт” констракшинаар хүлээлгээд өгсөн байгаа юм. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад сүүлдээ Монгол Улсын ерөнхий прокуророос ирсэн хариунд “Сант" сургууль болон “Голомт” констракшины гэрээ хуурамч байна. Гэхдээ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн. Гэтэл “Сант” сургуульд гомдол гаргахаар бүхэл бүтэн “Улсын ерөнхий прокурор гэмт хэргийн шинжтэй байна. Хуурамч гэрээ байна” гэж дүгнэчхээд байхад Улсын ерөнхий прокурорын хэрэг бүртгэлийн хэлтсийн дарга нь “Улсын ерөнхий прокурорын хариуг өөрчлөх боломжгүй. Гэхдээ анхан шатны прокурорын шийдвэрийг хэвээр нь үлдээлээ” гэж Сант сургуульд бичиг ирүүлсэн. Энэ талаар мөн ерөнхий прокурорын орлогчтой уулзахдаа хэлсэн” гэв.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ