ФИФА-аас гаргадаг хөлбөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн оны сүүлийн чансаа шинэчлэгдэн гарав. Таван тивийн төлөөлөл 211 улс орон багтдаг тус байгууллагын чансааг Бельги улсын шигшээ баг 1727 оноотой тэргүүлсэн бол дэлхийн аварга Франц удаалж Бразилын шигшээ баг гутгаар байранд эрэмбэлэгдсэн байна.
Энэ онд хамгийн ихээр чансаагаа ахиулсан багаар Францын шигшээ баг тодорсон бөгөөд 2017 оны арванхоёрдугаар сараас хойш 165 оноо нэмж авснаар чансааны дэд байранд бичигдсэн. Уг нь Францын шигшээ баг наймдугаар сард дэлхийн чансааг тэргүүлж байсан. Харин Бельги улсын шигшээ баг энэ оны есдүгээр сараас хойш чансааг тэргүүлж байна.
ДЭЛХИЙН ЧАНСААНЫ ТОП-10 УЛСЫН ШИГШЭЭ БАГ:
- Бельги – 1727 оноо
- Франц – 1726 оноо
- Бразил – 1676 оноо
- Хорват – 1634 оноо
- Англи – 1631 оноо
- Португал – 1614 оноо
- Уругвай – 1609 оноо
- Швейцар – 1599 оноо
- Испани – 1591 оноо
- Дани – 1589 оноо
ТОП-10-т Европ тивийн төлөөлөл найман улсын шигшээ бичигдсэн бол Өмнөд Америкаас хоёр төлөөлөл багтжээ. Харин Хойд Америкаас хамгийн өндөр чансааг Мексикийн шигшээ баг 1540 оноотой 17-р байранд бичигдсэн. Африк тивээс Сенегал улсын шигшээ баг хамгийн өндөр амжилттай буюу 23-р байранд 1505 оноотой, Ази тивээс Иран улсын шигшээ баг 29-р байранд бичигдсэн нь хамгийн өндөр амжилт болов. Тэгвэл Номхон далайн бүсээс Шинэ-Зеландын шигшээ баг 122-р байранд 1157 оноотой бичигдсэн нь хамгийн өндөр амжилт болжээ.
Манай Монгол улсын шигшээ баг 211 улсын шигшээ багуудаас 188-р байранд бичигдэж байгаа бөгөөд өнгөрсөн оны 12 сартай харьцуулбал нэг байр доошилсон байна. ФИФА-н дараагийн чансаа ирэх 2019 оны хоёрдугаар сард гарна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ