Ө.Бодьгэрэл: Эрчүүдийн тэтгэврийн нас 2037 онд 65 болно

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Ө.Бодьгэрэл: Эрчүүдийн тэтгэврийн нас 2037 онд 65 болно

-60 насандаа тэтгэвэр тогтоолгосон иргэн дунджаар 17,0 жил өндөр насны тэтгэвэр авч байна

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт орсноор тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмсэн нь иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд буй юм. Гэвч тэдний дийлэнх нь энэ шийдвэрийн талаар тодорхой ойлголтгүй байгаа. Тиймээс тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн асуудлаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хэтийн тооцоолол, нэрийн данс хариуцсан мэргэжилтэн Ө.Бодьгэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.


-Тэтгэврийн насыг хэрхэн нэмэгдүүлсэн талаар мэдээлэл өгөхгүй юу?  

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд 2017, 2018 онд өөрчлөлт орж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жилд гурван сараар нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2019 онд эрэгтэй хүн 60 нас зургаан сартайдаа, эмэгтэй хүн 55 нас зургаан сар хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгоно гэсэн үг. Тэтгэврийн насыг нэг жилээр нэмэгдүүлэхэд дөрвөн жил шаардагдах юм.

Харин дөрөв ба түүнээс олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүд 50 насандаа тэтгэвэр тогтоолгож болох заалт өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тэтгэврийн насыг нэмэгдүүлээгүй.

Ихэнх улс оронд хүн амын насжилттай уялдуулан тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлж байна. Тэтгэврийн насыг жилд гурван сараар нэмэгдүүлж буй нь бусад улс оронтой харьцуулахад аажмаар нэмж байгаа хувилбар.

-Тэтгэврийн насаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй тохиолдолд сонголт бий юу?

-Даатгуулагч тэтгэврийн насаа нэмэгдүүлэхийг хүсэхгүй бол өөр сонголт бий. Хэрэв нийт 20 жил зургаан сар ажилласан эрэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 2019 онд 60 насандаа тэтгэврээ тогтоолгож болно. Эмэгтэй даатгуулагч мөн ижил тэтгэврийн насаа нэмэгдүүлэлгүй 55 насандаа тэтгэвэрт гарч болно. Иргэд тэтгэврийн насыг 65 болголоо гээд шууд одооноос эхлээд 65 нас хүрч байж тэтгэврээ тогтоолгоно гэж ойлгоод байна. Энэ нь алсдаа тэтгэврийн нас 65 хүрэх зохицуулалт болохоос шууд 65 насандаа тэтгэвэрт гарах тухай ойлголт биш юм.

-Тэгвэл монгол хүн 65 нас хүрч байж тэтгэвэр тогтоолгох хугацаа яг хэдийгээс эхэлнэ гэсэн үг вэ?

-Монгол эрэгтэй хүний тэтгэврийн нас 2037 онд, харин эмэгтэй хүнийх 2057 онд  65 болно. Өөрөөр хэлбэл, 1977  оноос хойш төрсөн эрэгтэйчүүд л 65 насандаа тэтгэвэрт гарна, түүнээс өмнө төрсөн хүний тухайд 65 наснаас эрт тэтгэвэрт гарна. Эмэгтэйчүүдийн хувьд 2002 оноос хойш төрсөн эмэгтэй даатгуулагч 65 насандаа бусад нь түүнээс эрт тэтгэвэрт гарна. Жишээ нь, 1965 онд төрсөн эмэгтэй 55 нас 9 сартай, эрэгтэй нь  62  насандаа тэтгэвэрт гарна. Гэхдээ энд өөрөө хүсвэл, мөн 55, 60 насандаа тэтгэвэрт гарч болох заалт хэвээр үйлчилж буй гэдгийг анхаарах хэрэгтэй.

-Тэгвэл хүн өөрөө хүсвэл тэтгэвэрт гарах насаа хойшлуулахгүй байж болох нь ээ?

-Хуульд заасан болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд боломжтой. Одоогийн мөрдөж байгаа хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан байх хугацааны болзол 20 жил. Тэгвэл энэ хугацаан дээр нэмж гурван сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөр 55, 60 насандаа өндөр насны тэтгэврээ тогтоолгоно. Энэ хугацаа жил бүр гурван сараар нэмэгдэнэ. Харин тэтгэврийн нас нэмэгдэхгүй, өөрөөр хэлбэл, эцсийн дүндээ шимтгэл төлөх хугацаа нэмэгдсэнээр тэтгэвэр бодох хувь нэмэгдэж, авах тэтгэврийн хэмжээ нь нэмэгдэх ач тустай.

-Тэтгэврийн насыг нэмснээр тэтгэврээ авч амжилгүй өөд болчих юм биш үү гэсэн яриа их байна?

-Үндэсний статистикийн хорооны судалгаагаар монгол хүний дундаж наслалт 69,9 жил. Эмэгтэй хүн 75,4, эрэгтэй хүн 65,9 жил насалж байна. Гэхдээ энэ бол төрөлтөөс тооцсон дундаж наслалт, өөрөөр хэлбэл, дөнгөж төрөөд эндсэн хүүхдийн насжилт хүртэл орж тооцогдсон гэсэн үг. Иргэд үүнийг жаахан буруу ойлгодог. Дундаж наслалт эрэгтэй 65,9 байхад тэтгэврийн насыг 65 болгосон нь тэтгэврээ авч амжилгүй өөд болох нь гэж ойлгоод байгаа. Гэтэл яг өнөөдөр 60 настай эрэгтэй хүн тэтгэвэр тогтоолгосноосоо хойш дунджаар 17,1 жил амьдарч байгаа нь Үндэсний статистикийн хорооны судалгаагаар тодорхой болсон. Үүнийг тэтгэврийн наснаас хойш дундаж амьдрах хугацаа буюу бүр энгийнээр өнөөдрийн байдлаар эрэгтэй хүний тэтгэвэр авах дундаж хугацаа гэж ойлгож болно.

-Тэгвэл тэтгэвэр тогтоох нас, дундаж наслалт адилхан 65 болчихлоо гэсэн мэдээлэл нь ташаа гэсэн үг биз?

-Дээр хэлсэнчлэн хүн амын дундаж наслалт гэдэг шинэ төрсөн хүүхдийн цаашид үргэлжлэн амьдрах хугацаа, харин дундаж амьдрах хугацаа гэдэг нь тодорхой наснаас хойш хүний үргэлжлэн амьдрах хугацааг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 60 настай эрэгтэй хүний цаашид үргэлжлэн амьдрах дундаж хугацаа 5,9 жил биш 17,1 жил ба түүнээс ч урт хугацаанд амьдрах боломжтой гэсэн үг. Нөгөө талаас тэтгэврийн нас үнэн хэрэгтээ, эрэгтэй хүний хувьд 2037 ба эмэгтэй хүний хувьд 2057 онд 65 нас болох юм.

-Дэлхийн улс орнуудын тэтгэврийн насыг хэдээр тогтоосон байдаг бол?

-Дэлхийн улс орнуудын дийлэнх нь хүн ам зүйн насжилттайгаа уялдуулж тэтгэврийн насыг аажмаар нэмэгдүүлж эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насыг ижил түвшинд хүргэсэн байдаг. Жишээ нь, Норвеги улсад 63, Тайваньд 66, Германд 65 нас долоон сар, Унгарт 63, Грект 67, Нидерландад 68 насандаа тэтгэврээ тогтоолгож болно. Манай улсын хөрш Оросын Холбооны Улсад тэтгэврийн нас 60 байгаа ч 2019 оноос нэмэгдүүлж 2028 он гэхэд 65 насанд хүргэх зохицуулалт хийсэн байна. ОХУ-ын тухайд, тэтгэврийн насаа манайхаас илүү хурдтай нэмэгдүүлэх шийдвэрийг энэ онд гаргасан байна билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж