Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх нар өнөөдөр /2018.12.21/ уулзаж, зөвшилцөлд хүрчээ. Энэхүү уулзалтаар Бөхчүүдийн түр зөвлөлийг байгуулж хамтран ажиллахаар болсон байна. Мөн Бөхийн өргөөг нээж, үйл ажиллагааг хэвийн явуулахыг яаравчлахад санал нэгджээ. Хоёр талын уулзалтад дархан аварга Х.Баянмөнх, холбооны тэргүүн Б.Бат-Эрдэнэ, дэд тэргүүн Ц.Магалжав, гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр нарын төлөөлөл оролцсон байна.
Х.Баянмөнх аварга хэлэхдээ “Бөхийн өргөөг нээж барилдаанаа хийе. Бид эвлэрээд санал нэгдэж чадлаа. Надад сайхан байна. Өнөө орой тамирчдын баяр дээрээ сайхан мэдээтэй уулзмаар байна” гэж тодотгосон юм.
Өнөөдрийн уулзалтад Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарын хэлсэн үгийг хүргэж байна.
Х.БАЯНМӨНХ: Бөхийн өргөөндөө орж барилдах бөхчүүд нь бэлтгэлээ хийгээд бэлэн байдаг. Бөх сонирхогчид нь бөхийн барилдаанаа өргөөндөө үзэхээр хүлээж байна. Тэгэхээр энэ зүйл дээр их цаг алдаад байгааг бөхчүүд хэлж байна. Энэ асуудлыг чи бид хоёр шийдэх хэрэгтэй болж байна. Өнөөдөр хоёулаа ярилцая. Шүүхээр явдаг асуудал нь явж байг. Бөхийн өргөөг нээж, барилдааныг хийе. Бөхчүүдийн түр зөвлөл байгуулая. Бид хоёрын хувьд бие биенээ дэмжиж явсан шүү дээ. Энэ асуудал дээр эвлэрээд санал нэгдэж байгаад би баяртай байна. Би энэ тавьсан саналыг зөвшөөрч байна. Олон нийт болон цагдаагийн байгууллага нь дэмжих байх. Бөхийн өргөө хаалттай биш нээлттэй байх хэрэгтэй байна. Өнөөдөр энэ ажил цэгцтэй болчуул болох гээд байна. Гараад цагдаад хэлье. Өнөө орой хоёулаа тамирчдын шагнал гардуулах “Бөртэ чоно” арга хэмжээн дээр уулзахдаа Өргөөгөө нээчихсэн уулзвал сайхан байна.
Б.БАТ-ЭРДЭНЭ: Таньтай санал нэг байна. 2018 оны гуравдугаар сард Бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хуралдаад бөхчүүдийн 80 орчим хувь нь ирсэн. Энэ хурлаас намайг Тэргүүнээр сонгож, та энэ маргаантай байгаа асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна гэсэн. Ингээд би энэ асуудалд ороод явж байна. Энэ хурлын маргаашаас нь би хэлэхдээ “Санал нийлдэггүй нөхдүүдтэйгээ уулзаж, хамтраад ажиллах талаар ярилцъя” гэсэн. Мөн өнгөрсөн зун Үндэсний телевизийн нэвтрүүлэгт орж, хэдүүлээ ярилцсан байгаа. Есдүгээр сарын эхээр хурлаа хийх талаар тохиролцсон. Олон түмний хүсэлд нийцүүлээд Бөхийн өргөөгөө нээх тал дээр санал нэгдэж байгаад баяртай байна. Та бид хоёр бөхийн дэвжээнд ах, дүүс шиг явлаа. Одоо Өргөөний хаалга үүдийг өшиглөх, мөн эвгүй байдал гаргаад байдаг зүйлийг болиулах хэрэгтэй байна. Хоёулаа энэ холбооныхоо тэргүүнд сууж байгаагийн хувьд энэ асуудлыг нааштай шийдэж, шийдвэр гаргая. Тамирчдынхаа баярын өдөр хоёулаа Өргөөгөө нээчихвэл сайхан байна.