Ригс 12 дахь ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Ригс 12 дахь ялалтаа авлаа

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн плэй оффт өрсөлдөх найман баг өчигдөр бүрэн тодорсон. Энэ удаа өчигдрийн сонирхолтой хоёр тоглолтын мэдээллийг хүргэж байна.

ТӨВ УРГАЦ vs ЭРДЭНЭДРИЙЛИНГ РИГС – 88:95 /НЭМЭЛТ ЦАГТ/

SBL ХАСЫН ХҮЛЭГҮҮД VS СЕНТОЗА АРСЛАНГУУД 82:69

РИГС 12 ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА

Ийнхүү 2 багийн тоглолт эхэлсэн бөгөөд тоглолтын эхнээс өгөө аваатай тэнцүү тоглолт болж байсан ч 2 багийн шидэлтүүд эхний хагаст төдийлөн болж өгөхгүй, оноо авалт багатай болж байв. Эхний хагаст Ригсээс Will Giddings багаа оноо авалтаар тэргүүлж, довтолгооны гол тоглогч нь болж байсан бол Төв Ургацаас Frank Holmes мөн сайн тоглолтыг үзүүлж байлаа. Харин 2-р хагаст багуудын довтолгоо сэргэж, харилцан довтолж эхэлсэн бөгөөд Ригсийн тоглогчдын шидэлтүүд орж, хурдан довтолгоонд Б.Батжавхлан хэд хэдэн удаа амжилттай оролцсоноор оноогоор бага зэрэг холдож эхэлсэн. Мөн Н.Золжаргал, С.Өрнүүнбилэг нар ч өөрийн тоглолтыг гаргаж эхэлсэн. Төв Ургацаас D.Boone үе үе хэрэгтэй оноог авч явсаар тоглолтын үндсэн цаг дуусахаас хэдхэн секундын өмнө Boone холын зайн шидэлтээ оновчтой болгож, багаа нэмэлт цагт авчирсан юм. Гэсэн ч нэмэлт цагт Төв Ургац довтолгоогоо тун тааруу гүйцэтгэж байснаар Ригс баг улирлын 12 дахь ялалтаа авч, өнөөдрийн байдлаар 2-р байранд бичигдэж эхэллээ. Гэхдээ Лхагва гарагт болох тоглолтоос хамаарч Ригсийн байрлал өөрчлөгдөх учиртай.

Тус тоглолтонд РигсээсWill Giddings багаа тэргүүлж 23 оноо, 17 самбар авсан бол Н.Золжаргал 16, М.Бадрах 14 оноо, 10 дамжуулалт, С.Өрнүүнбилэг 13 оноо, Б.Батжавхлан 11 оноо, Chris Moore 10 оноо, 13 самбар авч багаа хожилд хүргэлээ.

Төв Ургацаас F.Holmes 27 оноо, 16 самбар, D.Boone 23 оноо, 7 самбар, Ц.Пүрэвдорж 14, Д.Дэлгэрням 11 оноог авсан ч баг нь хожигдол хүлээлээ. Улмаар Төв Ургац баг хүснэгтийн 7-р байранд одоогоор бичигдэж байна.

 

Хүлэгүүд 1-р байраар Плей-оффд шалгарлаа

Плэй-Оффт орох уу? Ирэх улирлыг хүлээх үү? гэдэг асуултын хариултыг өгөх чухал тоглолт "Сентоза Арслангууд"-ын хувьд тулж ирээд байлаа. Өмнөх тоглолтонд нь "Төв Ургац" баг хожигдол хүлээгээд байсан учир Арслангууд энд хожил байгуулбал Плэй-Оффт 7-р байраар ч шалгарах боломж бүрдээд байсан юм. Харин хожигдол хүлээвэл "Хан талстын ирвэсүүд" Плэй-Оффт тэдний оронд орох байсан юм.

Ийнхүү тоглолт эхэлсэн ч өнгөрсөн улирлын аваргууд эхнээсээ өөрсдийн тоглолтыг гаргаж, Арслангуудад боломж өгөхгүй байлаа. Арслангуудын довтолгоо, хамгаалалт аль аль нь тун тааруу байсан юм. Хүлэгүүд хамгаалагч Отгонмөнхийг амраахаар шийдэж тус тоглолтонд тоглуулсангүй. Харин Билгүүн тоглолтын эхнээс онцгой байлаа. Арслангууд эхний хагаст дэндүү тааруу тоглолт үзүүлж байсан нь Крис Лаусоны муу тоглолттой холбоотой байлаа. Лаусон өөр дээрээ бөмбөгийг хэтэрхий удааж байсан нь багт нь муу нөлөө үзүүлсэн гэхэд болно. Эхний хагаст ч гэлтгүй тоглолтын турш хамгийн гайгүй тоглосон тоглогч нь төвийн тоглогч Торин Уакер байсан. Тэдний шидэгчид болох Батзолбоо, Тамжид, Пүрэвцэрэн нарын шидэлт энэ тоглолтонд дэндүү тааруу байсан. Тэд нийлээд холын зайнаас 22 шидсэн ч ердөө ганцыг нь оновчтой болгосон нь энэ тоглолтын үр дүн ямар байсантай шууд холбоотой. Хамгийн чухал тоглолтондоо ингэж тааруу тоглосон нь Сентозагийн залууст том сургамж болсон юм. 2-р хагаст оноог ойртуулах гэж оролдсон ч тэдэнд цаг хангалттай байсангүй. Улмаар Хүлэгүүд улирлын 13 дах ялалтаа байгуулж Плэй-Оффт 1-р байраар шалгарч чадсан бол Хан Талстын Ирвэсүүд Плэй-Оффт 8-р байраар шалгарах нь тодорхой болсон юм. Ингэснээр бид эхний шатанд Хүлэгүүд vs Ирвэсүүд гэсэн тулааныг үзэх болж байна. Харамсалтай нь энэ улирал Арслангуудын хувьд ийнхүү өндөрлөж байна.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж