"МАН-ыг татан буулгах асуудлыг 30-60 хоногт шийдэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

"МАН-ыг татан буулгах асуудлыг 30-60 хоногт шийдэх ёстой"

Хуульч А.Эрдэнэцогт  Монгол Ардын нам /МАН/-ыг  татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд энэ сарын 10-ны өдөр өргөдөл гаргасан. Тэгвэл хуульч А.Эрдэнэцогт  дээрх асуудлаар  өнөөдөр /2018.12.21/ мэдээлэл хийлээ.  

/2018.12.10/

Тэрбээр “Миний өргөдөл Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр шүүгч дээр хуваарилагдсан  ч  Х.Сонинбаяр шүүгч  өвчтэй  байгаа учраас ажилдаа ирэхгүй байгаа юм байна. Ирэх долоо хоногоос ажилдаа орох гэнэ.  Тэр үеэс шүүхийн үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ гэдэг нь илүү тодорхой  харагдах байх. Шүүхээр хэрэг шийдвэрлэгдэх хүртэл 30-60 хоногийн  хугацаа шаардагддаг. Би иргэн хүнийхээ хувьд энэ  асуудлыг  хуулийн дагуу үнэн зөв  шийдээсэй гэж хүсч байна. Ер нь цаашдаа улс төрийн намын үйл ажиллагааг зөв голдрилд нь оруулж ямар ч улс төрийн хүчин засгийн эрхэнд  гарсан  хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхын  төлөө л явж байгаа.  Тийм учраас хэн нэгний явуулгаар  ийм зүйл хийгээгүй гэдгийг хэлэх нь зөв байх.

Гэхдээ МАН-ыг татан буулгах хангалттай үндэслэл байгаа шүү дээ.  Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хоёр дахь заалтад, “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бол Улсын дээд шүүх намыг тараах тухай шийдвэр гаргаж, бүртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан.

2016 оны УИХ-ын сонгуулийн үед төрийн удирдах албан тушаалуудыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгох талаар тухайн үеийн МАН-ын удирдлагууд ярилцаж буй бичлэг нийтэд ил болсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан “60 тэрбум”-ын гэх тодотголтой энэхүү хэрэг нь МАН-ыг татан буулгах хууль зүйн  хангалттай үндэслэл юм. Хамгийн гол нь 60 тэрбумын хэргийг үнэн гэдгийг МАН-ын удирдлагууд бүгд л  хүлээн зөвшөөрөөд явж байна. МАН цаашид улс орныг удирдах ёс суртахууны болон хууль зүйн  үндэслэл байхгүй” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж