УИХ-ын чуулган ирц бүрдэхгүй байсаар тав дахь удаагаа хойшлов. УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ илэрхийлээд байгаа бол УИХ-ын даргын зүгээс хуулийн дагуу асуудлаа шийднэ гэсэн байр суурийг илэрхийлсээр тав дах удаагаа хойшилж, төрийн ажил гацаанд орсон хэвээр байна.
Хуралдаа суухгүй байгаа гишүүд, ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа гишүүдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Жирийн төрийн албан хаагч ажлаа тасалсан тохиолдолд торгуулах, хариуцлага тооцуулдаг байхад ард түмний төлөөлөл болж сонгогдсон УИХ-ын гишүүд нь ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Харин өнөөдрийн чуулганы хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг хэлэлцэж цалинг нь хасах хэрэгтэй. Хуулиар цалинг нь л хасах зохицуулалттай. Жирийн төрийн албан хаагчид ажлаасаа хэдхэн минут хоцроход л цалингаасаа хасуулдаг. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй гишүүдийн цалинг хасах захирамж гаргах нь зөв” гэсэн саналыг хэлсэн юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн цалинг хасах, сануулга өгөх байдлаар ч болов ирцээ бүрдүүлээч ээ, эрх баригчдаа. Уг нь өнөөдрийн чуулганы хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн асуудлаар хаалттай” мэдээлэл хийх байсан ч ирц бүрдэхгүй учраас хойшилсон. Мөн УИХ-ын үйл ажиллагаа доголдож, намрын чуулган үр дүнгүй ажиллавал хариуцлагыг нь хэнээс нэхэх вэ. Эрх баригчдаа ирцээ бүрдүүлж, төрийн ажлыг гацаахаа зогсооно уу.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ