Хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг болно

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улсын Их Хурал ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн Газраас өргөн барьсан "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төрийн ордын Б танхимд зохион байгуулах гэж байна.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр энэ оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэн ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурал, НҮБХХ хамтран хэрэгжүүлж байгаа “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл нь 2013 оноос хэрэгжиж байгаа бөгөөд УИХ-д бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгчид хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн тайланг гаргах, хэрэгжүүлэх ажиллагаа, ёс зүй ба сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Төслийн зүгээс энэ хуулийн төслийг боловсруулж эхлэхээс нь дэмжиж, зөвлөх баг, судалгаагаар хангах, олон нийтийн оролцоог хангах, хэлэлцүүлэг өрнүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэг нь энэ хуулийн төслийг боловсруулах хүрээнд хийж буй 4 дэх хэлэлцүүлэг бөгөөд энэ удаад төслийн үзэл баримтлалын гол гол асуудлууд болох хууль тогтоомж боловсруулах техникийн болон агуулгын шаардлагууд, үр нөлөөний үнэлгээ, магадлан шалгалт хийх, олон нийтийн оролцоог хангах, хуулийн хэрэгжилт, хяналт үнэлгээ зэргийг дэлгэрэнгүй ярилцана. Мөн мэргэжлийн холбоо, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын төлөөллийн байр суурийг сонсох юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, Хууль зүйн яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцоно.

Хуулийн төсөл болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг splp.parliament.mn хаягаар авах боломжтой.

Эх сурвалж: http://open.parliament.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж