АНУ Хятадын хоёр хакерыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

АНУ Хятадын хоёр хакерыг баривчиллаа

АНУ Хятадын хоёр хакерыг баривчиллаа

АНУ-ын компаниудаас худалдааны нууцыг нь хулгайлах “кибер тагнуул хийсэн” хэргээр Хятадын хоёр иргэнийг АНУ-д баривчилсан тухай Тагнуулын төв газар болон Шүүх яамнаас өчигдөр /2018.12.20/ мэдээлэл хийжээ.

Тэдний хийсэн мэдээлэлд дурдсанаар “APT-10” хэмээн нэрлэгддэг хятад хакеруудын бүлгэм нь 2006 оноос хойш өнөөг хүртэл дэлхий даяарх хувийн компани, төрийн болон төрийн оролцоотой олон байгууллагад цахим халдлага хийж байсан нь илэрчээ. Түүгээр ч барахгүй тус бүлгэмийн Хятадын Төрийн аюулгүй байдлын яаманд ажилладаг хоёр гишүүн нь Тяньжин хотод төвтэй шинжлэх ухаан, технологийн компанид зориулж гадаадын улс орнуудаас мэдээлэл хулгайлж өгдөг байсан аж.

Өнгөрсөн хугацаанд “APT-10” бүлгэм нь дэлхий даяар хэдэн зуун гигабайттай тэнцэх хэмжээний мэдээллийг хакердан хулгайлжээ. Тэдний хакерддаг газрууд нь голдуу нисэх онгоц үйлдвэрлэл, сансар, эрчим хүч, биотехнологи болон бусад салбарт үйлдвэрлэл явуулдаг хувийн компаниуд байв.

Хакердуулсан компаниудын харьяалагдах салбаруудаас нь харвал тэд БНХАУ-ын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Хятадад үйлдвэрлэв -2025” санаачилгын хүрээнд шинжлэх ухаан, технологийн салбарт амар, хялбар аргаар дэвшил гаргах зорилготой гэж үзэх үндэслэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд Хятад улс АНУ-аас мэдээлэл хакердсан хэргийн тоо эрс өсч байгааг өчигдрийн мэдэгдэлд дурдсан байна.

Их Британийн Засгийн газар ч бас өчигдөр “APT-10” бүлгэмийг Европ, Ази, АНУ-д оюуны өмчийг хулгайлах хор хөнөөлтэй кибер “кампанит ажил” өрнүүлдэг, мөн тэднийг Хятадын Засгийн газрын тусын тулд ажилладаг хэмээн мэдэгджээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант тус мэдэгдэлдээ “APT-10 бүлгэмийн хийж буй ажил нь Англи болон түүний холбоотой улсуудын эсрэг хийж буй түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй оюуны өмчийн хулгайн хэрэг” хэмээн хэлсэн байна.

Тэднийг кибер тагнуулын ажлаа нэн даруй зогсоохгүй бол үүний эсрэг шийдвэртэй алхмуудыг санаачлан, хэрэгжүүлэх болно хэмээн АНУ болон Их Британид хийсэн мэдэгдлүүдэд дурджээ.

Эх сурвалж: NHK

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж