Ирц бүрдэхгүй байсаар чуулганыг дахин завсарлалаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гурван долоо хоногийн турш буюу таван удаа ирц бүрдэхгүй цуцлагдаад байлаа. Энэ байдал өнөөдөр ч мөн давтагдаж чуулганы хуралдаан цуцлагдлаа.
Хурал даргалагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан "Нэр бүхий 32 гишүүн чуулганы танхимдаа орж ирэхгүй байгаагаас болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн чуулганы нэгдсэн хуралдаанд хийхээр төлөвлөж байсан үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хойшилж байна. Үүссэн нөхцөл байдалд санаа зовсон Ерөнхийлөгч маань ҮАБЗ-ийн даргын хувьд мэдээлэл хийх гэж байлаа. Гэтэл санаатайгаар ирц бүрдүүлэхгүй энэ асуудлыг хойшлуулж байгаа нь харамсалтай. Сахилга хариуцлага УИХ-ын чуулганы танхимаас эхлэх ёстой. Мэдээлэл хийхээр төлөвлөж байсан Ерөнхийлөгчөөсөө чуулганы танхимд хүрэлцэн ирсэн 36 гишүүнийхээ нэрийн өмнөөс уучлал хүсч байна. Мөн Монголын ард түмнээсээ уучлал хүсч байна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаа ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг хэлэлцэж цалинг нь хасах хэрэгтэй Хуулиар цалинг нь л хасах зохицуулалттай. Жирийн төрийн албан хаагчид ажлаасаа хэдхэн минут хоцроход л цалингаасаа хасуулдаг. Тиймээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй гишүүдийн цалинг хасах захирамж гаргах нь зөв гэснээр өнөөдрийн чуулганы хуралдааныг хаав.
Л.Энх-Амгалан: Хуралдаа суухгүй байгаа гишүүд хууль зөрчиж байна
Парламентын үйл ажиллагаа гацаад нэлээд хугацаа өнгөрч байна. УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр уламжлал ёсоор 10.00 цагт товлогдсон ч эхлээгүй байна. Одоогоор 34 гишүүн чуулганы хуралдаандаа иржээ.
Гишүүдийн ирц бүрдээгүйгээс болоод чуулганы таван удаагийн нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны 16 удаагийн, дэд хорооны гурван удаагийн хуралдаан хойшлогдоод байгааг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан мэдэгдээд ирцээ бүрдүүлж, хэлэлцэхээр хуваарьт тусгагдсан асуудлуудаа яаралтай хэлэлцэж шийдвэрлэхийг Байнгын, дэд хорооны дарга нар болон УИХ-дахь МАН-ын бүлгийн даргад анхаарууллаа.
Чуулганы өчигдөр, өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ 18 асуудал хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэсэн. Засгийн газраас нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Засгийн газрын гишүүнийг томилох, зарим гишүүдийг чөлөөлөх зэрэг дээр дурдсан асуудлуудаас гадна Улсын Их Хурлын гишүүнээс Ерөнхий сайдад хандаж тавьсан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”, мөн “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” зэрэг улс орны нийгэм, эдийн засгийн амьдрал, иргэд олон нийтийн эрх ашигтай холбоотой асуулгын хариуг сонсохоор хуваарьт тусгагдсан учраас Ерөнхий сайд энэ талаар анхаарч, танхимын гишүүдээ нэгдсэн хуралдаанд оролцуулж гишүүдийн асуулга, асуултад хариу өгөх боломж бүрдүүлэх шаардлагатай байна гэдгийг тэрбээр тодотголоо.
Түүнчлэн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийхээр төлөвлөгдсөн.
Холбоотой мэдээ