Путин: Орос-Хятадын харилцаа дэлхийг эрүүлжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Путин: Орос-Хятадын харилцаа дэлхийг эрүүлжүүлж байна

Путин: Орос-Хятадын харилцаа дэлхийг эрүүлжүүлж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн Пүрэв гаригт 14 дэх удаагаа сэтгүүлчидтэй уулзаж, 3.43 цагт 53 асуултад хариулав. Москвагийн Олон улсын худалдааны төвийн Их танхимд найман минут хоцрон, орон нутгийн цагаар 12:08 цагт орж ирсэн тэрбээр хар хөх өнгийн пиджак, цагаан цамц өмсөн, улаан хүрэн өнгийн зангиа зүүжээ. Хэвлэлийн хурлын эхэнд Путин 2018 оны хөгжлийн үр дүнгийн талаар ойролцоогоор таван минутад багтаан танилцуулав.

Хэвлэлийн хурлын үеэр Путины хэлсэн үгийн онцлох ишлэлүүдийг толилуулъя.

ЭДИЙН ЗАСАГ, ХОРИГ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙД

-Оросын эдийн засаг гадаад хориг хязгаарлалтад хэдийнэ дасан зохицсон. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ тэдгээрийг тогтоосон хүмүүст нөлөөлж байгаа. Өрнөдийнхөн нэг бол Крымын оршин суугчдын ОХУ-ын бүрэлдэхүүнд эргэн нэгдэх тухай санал хураалтыг хүлээн зөвшөөрөх, эсвэл крымчүүдэд хориг арга хэмжээ авахгүй байх хэрэгтэй.

-ОХУ-ын төсөв 2011 оноос хойш анх удаа ДНБ-ий 2.1 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байна. Энэ нь “Засгийн газрын ажлын үр дүн сайн байгаагийн илрэл”. Оросын Засгийн газар 2021 оноос ДНБ-ий жилийн өсөлтийг гурваас дээш хувьд хүргэж чадна гэж найдаж байна.

-Шатахууны үнэ нэмэгдэж байгаа нь нефтийн үнийн өсөлттэй холбоотой. Дотоодын зах зээлийн байдлыг тогтворжуулах арга хэмжээг Засгийн газар хэдийнэ авсан. Сайд нарын танхим ирэх онд нефтийн бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх арга хэмжээ авна. Гэхдээ нэмүү өртгийн татвар 1-1.5 хувиар нэмэгдэж байгаатай холбоотойгоор шатахууны үнэд тохируулга хийж магадгүй.

-ОХУ-д “эргэлт” хэрэгтэй. Шинэ технологийн салбарт шилжих хэрэгтэй, энэ бүхэнгүйгээр улс оронд ирээдүй байхгүй. ДНБ-ий өсөлтийн хурдцыг түргэтгэх хүчин зүйлүүд бол эдийн засгийн бүтцийг өөрчлөх, шинэчлэл хийх, үндэсний төслүүдийг хэрэгжүүлэх явдал. Эдгээрийг хэрэгжүүлэхэд 20.8 их наяд рубль, дэд бүтцийг хөгжүүлэхэд 6.5 их наяд рубль төсөвлөсөн.

ДЭЛХИЙН БАЙДАЛ БОЛОН ЦӨМИЙН АЮУЛ ЗАНАЛЫН ТУХАЙД

-Дэлхийн тавцанд боломжит өрсөлдөгчийн хувиар Орос улсыг тогтоон барихын тулд Өрнөдийнхөн “оросоос айх эмээх улс төржсөн үзэл”-ийг ашиглаж байна. ОХУ-ын гадаад бодлогын гол зорилго бол улс орны хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэх, тэгш эрхтэй түнш байх.

-Цөмийн дайны аюулыг дутуу үнэлэх байдал өсөн нэмэгдэж байгаад харамсаж байна. Зэвсгээр хөөцөлдөх сонирхол ОХУ-д байхгүй, зөвхөн хүчний тэнцвэрийг хадгалах зорилготой. Цөмийн зэвсэг хэрэглэх босго хэмжээ буурах хандлага ажиглагдах болсон нь дэлхийн хэмжээний сүйрэлд хүргэж болзошгүй. Хүн төрөлхтөнд цөмийн дайн гаргахгүй байх эрүүл саруул ухаан бий гэдэгт итгэлтэй байна.

-Япон улстай найрамдлын гэрээ байгуулах хэвээр. Гэхдээ Америкийн пуужингаас хамгаалах системийг Японы нутаг дэвсгэрт байрлуулах төлөвлөгөө түгшээж байна. Аюулгүй байдлын салбарт Токиогийн Вашингтоноос хараат байдлын түвшин тодорхой бус байна.

-Хашогги алагдсаныг хүн бүр хүлээн зөвшөөрлөө. Бурхны авралаар Скрипаль амьд байна. Оростой холбоотой олон хориг арга хэмжээ бий. Энэ бүхэн Оросын хөгжлийг зогсоох ганц зорилготой. Би түүнээс өөр шалтгаан олж харахгүй байна.

-Олон улсын тавцанд хийж буй Орос-Хятадын амжилттай харилцаа дэлхийн байдлыг бүхэлд нь эрүүлжүүлж байна. Хоёр орны худалдааны эргэлтийн хэмжээ 100 тэрбум орчим ам.доллар болж магадгүй нь томоохон амжилт болно.

-“Brexit” ОХУ-д маш бага нөлөөлнө. Хэдийгээр Москва-Лондоны харилцаа гацаанд орсон ч үүнээс гарах нь хоёр улсын ашиг сонирхолд нийцнэ.

КЕРЧИЙН ХООЛОЙ ДАХЬ ӨДӨӨН ХАТГАЛГА БОЛОН УКРАИНЫ ҮЙЛ ЯВДЛЫН ТУХАЙД

-Керчийн хоолой дахь өдөөн хатгалга нь Украины удирдагч Петр Порошенкогийн тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болохын өмнө нэр хүндээ өсгөх гэсэн явуургүй оролдлого.

-Украины баривчлагдсан далайчдын хувь заяаг эрүүгийн шүүхээр шийднэ. Тэдний эцсийн үгийг шүүх дээр сонсоно. ОХУ хөлөг онгоцууд, тэр дундаа цэргийн хөлөг онгоцуудыг Керчийн хоолойгоор дайрч өнгөрөхөд саад хийх төлөвлөгөөгүй.

-Донбассын улс төрийн асуудлыг хүчээр шийдэх оролдлого бүтэлгүйтсэн. ОХУ энэ нутаг дэвсгэрийн оршин суугчдад тусламж үзүүлсэн, цаашид ч үзүүлнэ.

-Украин улс Киевийн эрх баригчдын бүх үйлдлээс үл хамааран ОХУ-ын худалдаа-эдийн засгийн чухал түнш хэвээр үлдэнэ.

ДОТООД БОДЛОГЫН ТУХАЙД

-2018 оны гол үйл явдлууд Оросын ерөнхийлөгчийн сонгууль болон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.

-Улс оронд социализмыг сэргээх боломжгүй. Учир нь энэ нь "үргэлж орлогоо давсан зардалтай холбоотой байдаг, эцэст нь эдийн засгийг зогсонги байдалд оруулдаг”. Эх оронч үзэл үгийн эрхэм дээд утгаараа улс орныг бэхжүүлэх үндэс суурь болох ёстой.

-Хэд хэдэн бүс нутгийн дарга сөрөг хүчний намд харьяалагдаж байна. ОХУ-ын бүс нутгуудад амьдрал илүү сайн тал руугаа өөрчлөгдөж байгааг хүмүүс мэдэрсэн нь хамгийн гол нь юм.

-Алс Дорнодын тойргийн нийслэлийг Хабаровскоос Владивостокт шилжүүлэх нь зөв шийдвэр. Хөрш орнуудын сонирхлыг татах төвийн хувиар хот эрчимтэй хөгжинө.

-“Гадаад агентлагууд”-ын тухай хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд асуудалгүй ч шаардлагатай тохиолдолд засвар оруулах боломжтой.

ОХУ, АНУ-ЫН ХАРИЛЦАА БОЛОН СИРИ ДЭХ ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙД

-АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэр зөв боловч одоогоор энэ шийдвэрийг биелүүлж буй шинж тэмдгийг олж харахгүй байна. Сирид террорист “Лалын улс” бүлэглэлийг ялсан гэдэг Америкийн удирдагчийн дүгнэлттэй санал нэг байна. Гэхдээ террористууд Арабын улсаас өөр улс орнууд руу шилжин байрлах аюул бий.

-Трамптай уулзахад бэлэн байна. Конгрессын шинэчлэлийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч рүү хийх довтолгоо сэргэнэ.

-ОХУ, Туркийн харилцаа бэхжиж байна. Сирийн хямралыг зохицуулах асуудалд хэдийгээр хэд хэдэн асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа боловч Москва болон Анкара харилцан буулт хийсэн.

ЭРҮҮЛ МЭНД, ХУВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙД

-Эрүүл мэнддээ анхаарахыг хичээдэг. Одоогийн байдлаар “бүх зүйл хэвийн”. “Би төлөв төвшин хүний хувьд хэзээ нэгэн цагт гэрлэнэ”.

Эх сурвалж: ТАСС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж