Дроноос болж бүх нислэг цуцлагджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Дроноос болж бүх нислэг цуцлагджээ

Дроноос болж бүх нислэг цуцлагджээ

Зул сарын баяр ойртож байгаа энэ үед бүх л хүмүүс гэр бүлийнхнийгээ зорьж, тэдэнтэйгээ хамт баяраа тэмдэглэхийг зорьдог. Тиймээс ч жилийн энэ үед Европын нисэх онгоцны буудлууд хамгийн их ачаалалтай байдаг байна. Гэвч өчигдөр Лондон хотын “Гатвик нисэх онгоцны буудал”-ын ойролцоо дрон ниссэнээс болж 24 цагийн турш бүх нислэгийг цуцалж, үйлчлүүлэгчдийг багагүй бухимдуулаад байна.

“Гатвик нисэх онгоцны буудал”-ын ойр орчимд Лхагва гаригийн /2018.12.19/ шөнөөс эхлэн өчигдрийг хүртэл хоёр дрон ниссэн байна. Үүнээс болж нисэх буудлаас хөөрөх, буух 760 орчим нислэг цуцлагдаж, 110 мянган орчим хүний нислэг саатжээ.

Дроныг хэн хөөргөж байгааг нисэх онгоцны буудлын удирдлагууд болон цагдаа нар олж тогтоохыг хичээсэн ч амжилтад хүрээгүй тул өчигдөр үдээс хойш цэргийн мэргэжилтнүүдийг дуудсан байна.

“Гатвик нисэх онгоцны буудал” нь Английн хоёр дахь том нисэх онгоцны буудал бөгөөд жилийн энэ үед маш их ачаалалтай байгаа ч ганцхан дроноос болж яагаад бүтэн өдрийн турш бүх нислэг саатаж байгааг хүмүүс гайхаж байна. Дрон нь онгоцны харилцаа холбооны систем, навигацид нь саад учруулахаас гадна нисэх онгоцтой мөргөлдвөл бэрхшээлтэй асуудлууд үүсэх аж. Онгоцны далавчийг дрон мөргөвөл сүйдтэй юм болохгүй ч салхины шилийг нь мөргөх, эсвэл хөдөлгүүр рүү нь орвол ноцтой асуудлууд үүсч болзошгүй юм.

Нисч яваа дроныг зогсоох технологийн хөгжил одоогийн байдлаар маш муу байдаг. Ялангуяа нисэх онгоцны буудлын ойролцоо нисч яваа дроныг зогсоох нь бараг л боломжгүй юм. Түүнчлэн зарим дронууд нь GPS, WiFi-ийн аль алийг нь хэрэглэдэггүй, хиймэл оюун ухаанаар ажилладаг болсон тул хүндрэл учирч байгаа. Харин дроныг удирдаж байгаа хүнийг олох нь хавьгүй амар тул цагдаа нар энэ тал дээр анхаарч ажиллаж байгаа аж. Гэхдээ сүүлийн үеийн дроныг  16 км хүртэлх зайнаас удирдах бололцоотой болсон.

Энэ оны зургаадугаар сард Британийн Засгийн газар нисэх буудлын ойролцоо нэг километрийн радиуст дрон нисгэхийг хориглон, эс бөгөөд тав хүртэлх жил хорих ялаар шийтгэх шийдвэрийг гаргаж байв. Гэхдээ нисэх буудлын ойролцоо дрон нисгэхээс сэргийлсэн ямар нэг зохицуулалт байдаггүй аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж