Монголын нөхөд өө, 2019 он бидэн рүү чиглэн айсуй. Хуучин оноо үдэн шинэ оноо угтах гэж буйг тохиолдуулан миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс бүх найз нөхдийн амар мэндийг эрэн сайн сайхан, амжилт бүтээлээр дүүрэн байхын чин сэтгэлийн ерөөлийг өргөе.
Өнгөрч буй энэ нэг жил Хятад, Монгол хоёр улсад маань арвин их үр өгөөжтэй жил болсон байна. Хятад Улс Ши Жиньпингийн шинэ эрин үеийн Хятадын онцлогт социализмын үзэл санаагаар Хятад улс орны нөхцөл байдалд тохирсон хөгжлийн замаар урагшилсаар эдийн засаг тогтвортой эрүүл хөгжиж, ард түмний амьжиргаа зогсолтгүй дээшилж Хятадын дэлхий нийтийн хөгжилд оруулсан хувь нэмэр улам ихэссээр байна. Монгол Улс ч мөн Төр засгийн удирдлагаар эдийн засаг нь хурдацтай сэргэж, улсын хөгжлийн бүтээн байгуулалт өдөр өдрөөр эрчимжсээр байна. Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа Хятад Улсын дипломатчийн хувьд эдгээр хөгжлийг харж буйдаа их баяртай байдаг.
Цаг хугацаа нүд ирмэхийн зуур л урсан өнгөрч байна. 2018 он дөнгөж гарч байхад би "2018 онд БНХАУ-ын Элчин сайдын хүсэл эрмэлзэл" нийтлэлээ гаргаж байснаа тод санаж байна. Би тэр нийтлэлээрээ Монголын найз нөхөдтэй өөрийн хоёр улсын харилцааны хөгжил дэх хүлээлт, эрмэлзлээ хуваалцаж байсан билээ. Монголын олон найз нөхөд миний энэ нийтлэлийг уншиж, өөрсдийн хоёр улсын найрсаг харилцааны талаарх хүсэл, бодлоо надтай хуваалцаж байсан юм. Өнгөрсөн нэг жилээ эргэн санахад нэгэн баярлууштай зүйл бол тэр үеийн олон сайхан хүсэл маань хэдийнэ биелэгджээ.
2018 онд Хятад, Монгол хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлал улам тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй бэхэжлээ. Энэ жил Хятадын Чиндао хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болон ОХУ-д болсон Дорнын эдийн засгийн форумын үеэр Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр удаа уулзалт хийсэн. Уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар талуудын харилцааг гүнзгийрүүлэх олон чухал тохиролцоонд хүрэн Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлэх цаашдын чиглэлийг тодорхойлсон билээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д айлчлан Бо-Ао-гийн Азийн чуулга уулзалтад оролцож, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мөн Хятад Улсад хоёр ч удаа олон улсын арга хэмжээнд оролцсон. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Тяньжинь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжуны ахалсан ХКН-ын төлөөлөгчид мөн Монгол Улсад айлчлал хийсэн. Үүнээс гадна ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн мөн энэ жил Монгол Улсад айлчлал хийлээ. Эдгээр бүх өндөр дээд түвшний айлчлалын үеэр талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцооны хэрэгжилтийг ахиулах талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцон стратегийн харилцаагаа бэхжүүлэн бүх талын бодит хамтын ажиллагааг дэмжихээр санал нэгдсэн юм. Тэр дундаа Монголын тал Хятадын талын язгуур эрх ашиг, чухалчлан үздэг асуудлуудыг хүндэтгэн Төвд, Тайвань, Шинжаантай холбоотой асуудлуудыг зөв зүйтэй шийдвэрлэж “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримтлахаа онцолсон. Улс төрийн харилцан итгэлцэл бол хоёр улсын харилцааны амин судас мөн гэдгийг би өмнө нь хэлж байсан. Энэ л амин судас бат бэх байгаа учраас Хятад, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ мөчир нахиалж хөгжлийн таатай хандлага бүрдэж буйг харах надад их сайхан байна.
2018 он бол хоёр улсын худалдаа, эдийн засаг тогтвортой бөгөөд хамтдаа хөгжсөн жил байлаа. Хятад Улс нь Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн чухал хөрөнгө оруулалтын эх үүсвэр гэх статусаа хадгалсаар байна. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Хятад, Монголын Засгийн газар хоорондын комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл, Хятад Монголын экспо зэрэг механизмыг амжилттай хэрэгжүүлснээр хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ, чанарыг нэмэгдүүлж чадсан. Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа хэрэгжүүлж Монголын хөгжилд чин сэтгэлээр тусалдаг. Энэ жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлах үеэрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хамт Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын шав тавих ёслолд оролцсон. Энэ нь Төв цэвэрлэх байгууламжийн төсөлд томоохон дэмжлэгийг өгсөн хэрэг юм. Мөн энэ ажил бол Хятадын тал найз, хөршийн хувьд Монголын ард түмэнд нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж, томоохон арга хэмжээг бодитоор хэрэгжүүлж Монголын хөгжилд тусалж буй хэрэг билээ. Энэ жил мөн Хятадын талын буцалтгүй тусламжаар барьсан Яармагийн гурван түвшний огтлолцол бүхий шинэ гүүрний авто машины хөдөлгөөнийг нээсэн билээ. Би энэ гүүрийг Улаанбаатар хотын Энхтайваны гүүр шиг Хятад, Монголын найрамдалт харилцааны мөнхийн бэлгэ тэмдэг болж хоёр улсын ард түмний гүн зузаан нөхөрлөлийг уламжлуулагч байна гэж төсөөлж явдаг.
Энд би бас нэг зүйлийн тухай онцолмоор байна. Одоо талууд Хятад, Монгол хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, “Нэг бүс нэг зам” санаачилга болон “Хөгжлийн зам” санаачилгын стратегийн уялдааг гүнзгийрүүлж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ “Нэг бүс нэг зам санаачилга нь Монгол Улсын хөгжлийн алтан далавч болно” гэж хэлсэн байдаг. Түүний айлчлалын үеэр талууд Хятад, Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийн хамтарсан ТЭЗҮ-г албан ёсоор эхлүүлж Эрээн хот-Замын-Үүдийн хил дагуух эдийн засгийн зэргэлдээ бүсийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны хэлэлцээг батлах үйл явц улам эрчимжсэнийг мэдэгдсэн юм. Монголын тал “Нэг бүс нэг зам” санаачилгыг хэрэгжүүлж дэмжих үүднээс олон чухал санал дэвшүүлж, арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. “Нэг бүс нэг зам” энэ хос алтан далавчтай болсноор Хятад, Монгол хоёр улсын бодит хамтын ажиллагаа хурдацтай хөгжиж алсын зорилт аугаа хүсэлтэйгээр хоёр улсын ард түмэнд үр өгөөжийг нь хүргэнэ гэдэгт би итгэлтэй байдаг.
2018 он бол хоёр улсын соёлын солилцоо идэвхтэй хөгжсөн, ард түмний харилцаа тасралтгүй ойртож гүнзгийрсэн жил. Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улсад соёлын солилцооны багц хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан бөгөөд уг хөтөлбөрийн үр дүн яг одоо хаа саягүй цэцэглэн дэлгэрч байна. Энэ жил Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн анхдугаар хурлыг Бээжин хотод амжилттай зохион байгуулж, хурлын үеэр талууд олон чухал тохиролцоонд хүрсэн. Тухайлбал, тохиролцооны үр дүнгээр Монгол хэл дээрх Хятадын бас нэгэн багц олон ангит кинонууд Монголын телевизээр гарч байна. Олон найз нөхөд, үзэгчдэд эдгээр дэлгэцийн бүтээл ихээхэн таалагдаж, үзэгчдийн үзэх дуртай бүтээлүүд болж, зарим хүмүүс кинонуудын үйл явдлын талаар надаас ч илүү сайн мэддэг тухай би мөн сонссон. Тохиролцооны бас нэг үр дүн бол хятад хэлний сургалтын танхим нээж буй их дээд сургуулиуд улам бүр нэмэгдэж, хятад хэл болон Хятадын соёлд сонирхолтой, танин мэдэх хүсэлтэй залуучууд улам бүр олон болж байна. Хятадын уран зохиолын шилдэг бүтээлүүдийн төлөөлөл болсон “Алдарт дөрвөн зохиол”-ыг монгол хэлэнд хөрвүүлж хэдийнэ хэвлэж эхэлсэн. Мөн Хятадын ӨМӨЗО, Жилинь зэрэг мужийн “Хятадыг танин мэдэх нь – Соёл, аялал жуулчлалын наадам” гэх зэрэг арга хэмжээ Монголд зохион байгуулсан нь Хятадын онцлогт амтат хоол, үзэсгэлэнт сайхан байгалийн үзэмж болон Хятадын ард түмний Монголд гэх нөхөрлөл нь Монголын найз нөхдөд маш гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн гэдэгт итгэлтэй байна.
Нөхөд өө,
2019 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиох гэж байна. Манай хоёр орны удирдагчид энэхүү баярт ойгоо хамтдаа тэмдэглэхээр чухал тохиролцоонд хүрч, Хятад Монголын харилцаа дараачийн хурдны зам руугаа шилжих түүхийн шинэ эхлэлийн цэг дээрээ ирээд байна.
70 жилийн ойгоо угтан бид бие биедээ улам бүр чин сэтгэлээсээ хандаж, улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх нь зүйтэй юм. Хөршүүд хооронд хамгийн чухал нь байнга харилцаж, байнга холбоотой байж, харилцан итгэлцэж, нэгэндээ чин сэтгэлээсээ хандах явдал байдаг. Хоёр орны харилцааны өнөөгийн энэхүү таатай нөхцөл байдал тийм ч хялбархан олдоогүй. Тиймээс талууд улс төрийн харилцан итгэлцэл гэх хоёр улсын харилцааны үндэс суурийг хамгаалан, хоёр улсын харилцааны урт удаан, эрүүл, тогтвортой хөгжлийг хангаж хэрэгтэй. Ши Жиньпин дарга Хятад Улс Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, Монголын ард түмний өөрсдийн сонгосон хөгжлийн замыг хүндэтгэх болно гэдгээ олон удаа онцгойлон мэдэгдсэн. Энэ тал дээр Хятадын талын байр суурь баттай байна. Үүний нэгэн адил бид Монголын талыг урьдын адил Хятад Улсын язгуур эрх ашиг, чухалчлан үздэг асуудлуудыг хүндэтгэж, “Нэг Хятад” зарчмыг чанд баримталж, амлалтаа биелүүлэн Төвд, Тайвань, Шинжаантай холбоотой асуудлыг зохистойгоор шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байдаг. Энэ л суурь үндсэн дээр, Хятад Монголын харилцаа урт удаан тогтвортой хөгжих болно.
Хятадын тал Монголын талтай өндөр дээд түвшний харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн байдаг. Ирэх жил Хятад Улс “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулна. Үүнд бид Монголын удирдагчийг идэвхтэй оролцож, БНХАУ-д айлчлахыг урьж байна. Хятадын тал мөн өөрсдийн удирдагчдыг Монгол Улсад айлчлуулахыг идэвхтэй дэмжиж ажиллах болно. Хятадын тал Монгол Улсын УИХ, Засгийн газар, улс төрийн намууд, цэргийн болон иргэний нийгмийн байгууллагуудтай олон түвшинд бүх талын харилцаагаа өргөжүүлж, харилцан суралцаж, туршлага солилцон, хамтдаа хэлэлцэж хамтран ажиллахад бэлэн байна. Мөн бид хоёр улсын парламент хоорондын байнгын уулзалтын механизм, батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөгөөнүүд, гадаад харилцааны яамд хоорондын стратегийн яриа хэлэлцээрүүдийг улам бүр хөгжүүлж, тэдгээрийг илүү нааштай үүрэг гүйцэтгэхэд түлхэц үзүүлэх болно. Эдгээр өндөр дээд түвшний харилцаа цаашид хоёр улсын харилцааны хөгжлийг ахиулахад дэмжлэг түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.
70 жилийн ойгоо угтан хоёр улс улам бүр чин сэтгэлээсээ гар гараасаа барилцаж, бодит хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлэх хэрэгтэй. Хамтын хөгжил нь хамтын ажиллагаа болон хамтын хичээл зүтгэлтэй салшгүй нягт холбоотой бөгөөд бид нэг санааны дор нэг зүйлийн төлөө зүтгэх хэрэгтэй болох юм. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, Хятадын тал үргэлжлүүлэн “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалаа тууштай хэрэгжүүлж, Монголын найз нөхдийг Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Бид хөрштэйгөө Хятадын хөгжлийн үр шимээс хуваалцаж, хамтын хөгжлийг биелүүлэхэд бэлэн байдаг. Бид Монгол Улсыг “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах үйлсэд илүү гүн гүнзгий, илүү олон талаар оролцохыг урьж байна. Талууд хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөл, Хятад Монголын экспо зэрэг механизмыг сайн ашиглан, үр бүтээмжийг улам нэмэгдүүлэн ажиллавал 2020 онд хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт амжилттай биелэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Бид Монгол Улстай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа сайжруулан, аль болох түргэн хугацаанд Хятад Монголын чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, Эрээн -Замын-Үүд хил дагуух эдийн засгийн зэргэлдээ бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн ажиллахад бэлэн байна. Бид хоёр улсын хоорондын томоохон төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх явцад түлхэц үзүүлж, аль болох эрт бодитоор хөрсөнд буулгахаар эрмэлзэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ, Хятадын хөрөнгө оруулалттай банкуудыг Монгол Улсад салбараа нээн, Монгол Улсын бүтээн байгуулалтад илүү сайн санхүүжилтийн батлагаа олгох боломжийг нээхэд Монголын талаас хууль эрх зүйн орчин нөхцөл бүрдүүлнэ гэж найдаж байна. Хятадын тал урьдын адил Монголын ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд өөрийн чадах чинээгээрээ дэмжлэг туслалцаа үзүүлж, Хятад Монголын нөхөрлөлөөс Монголын ард түмэнд бодит үр өгөөжийг өгөх болно.
Монголын найз нөхөд маань Монголын Хятад руу гарах нүүрсний экспортын асуудалд маш их санаа тавьдгийг би мэднэ. Шулуухан хэлэхэд, Хятад Улс яг одоо эдийн засгийн бүтцийг сайжруулах зохицуулалт хийж одоогийн байгаа үйлдвэрлэлийн хүчин чадлаа цомхотгож байгаа бөгөөд үүний дотор хамгийн их цомхотгол хийгдэж байгаа нь нүүрсний болон гангийн үйлдвэрлэл болно. Гэсэн хэдий ч Хятад Улс Монгол Улсын хөгжлийг дэмжих үүднээс, хоёр орны хооронд нүүрсний худалдааны хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар идэвхтэй судалгаа хийж, холбогдох хилийн боомтын шалган нэвтрүүлэх чадавхыг сайжруулж, харилцан ашигтай, хамтдаа хожих зорилтыг биелүүлэн ажиллаж байна.
70 жилийн ойгоо угтан хоёр улс илүү ойртон нөхөрлөж, хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцлыг тасралтгүй нэмэгдүүлэх хэрэгтэй. Уул усаараа залгагдсан хоёр улсын хувьд ард иргэд хооронд илүү дотно байх нь зүйтэй юм. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Монгол Улстай хүмүүнлэгийн салбарын солилцооны багц төлөвлөгөөний бодит хэрэгжилтийг сайн хангаж, хоёр улсын удирдагчдын тохиролцооны дагуу дипломат харилцаа тогтоосон 70 жилийн ойн арга хэмжээнүүдийг сайтар зохион байгуулах болно. Ирэх жил Хятад Монголын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн хоёрдугаар хуралдаан Монгол Улсад зохион байгуулагдана. Энэхүү хуралдаан нь Хятад Монголын хоорондын соёлын солилцоог дэмжих, хоёр ард түмний нөхөрлөлийг улам бүр ойртуулах чухал тавцан байх болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид үзэгчдийн шимтэн үзэх дуртай улам олон Хятадын кино бүтээлүүд Монголын телевизүүдээр гаргах болно. Эдгээрээс Монголын найз нөхөд маань Хятадын ард түмний амьдрал ахуй, баяр баясгалан зэргийг үзэж, Хятад Улсыг илүү сайн таньж ойлгох болно гэдэгт итгэлтэй байна. Мөн бид цаашид Хятадын утга зохиолын шилдэг бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулан нийтэлж, хоёр улсын ард түмний сэтгэлийг утга соёлоор холбон ойртуулж улам бүр бие биеэ ойлгож танихад хүчин чармайлт гаргах болно. Мөн бид Күнзийн институт, Күнзийн хичээлийн танхимуудын үйл ажиллагааг дэмжиж, Монголын сургуулиудад Хятадын соёлын төв байгуулахад туслалцаа үзүүлэх болно. Монголын оюутан сурагчдыг Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдан Хятад Улсад амжилттай суралцаад эх орондоо эргэж ирээд Монгол Улсынхаа бүтээн байгуулалтад, Хятад Монголын найрамдалд бодит хувь нэмэр оруулахыг хүсч байна.
70 жилийн ойгоо угтан хоёр улс хүчээ нэгтгэн хамтарч, олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт илүү их үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Манай хоёр улс нь хоёулаа Зүүн хойд Азийн бүс нутагт оршдог бөгөөд иж бүрэн стратегийн түншийн хувьд холбогдох олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт идэвхтэй хамтарч ажиллаж ирсэн. Өнөөгийн олон улсын нөхцөл байдалд гүн гүнзгий өөрчлөлтүүд орж байна. Манай хоёр улс НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн шинэчлэл зэрэг дэлхийн засаглалын чухал томоохон асуудлууд дээр хамтын ажиллагаагаа сайжруулж, худалдааны нэг талыг баримталсан үзэл болон протекционист бодлогыг эсэргүүцэн, олон талт худалдааны тогтолцоог хамгаалахад хамтдаа дуу хоолойгоо илэрхийлж, Хятад Монгол зэрэг олон олон хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах хэрэгтэй.
Өдгөө Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, энэ жил гурван улсын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний дөрөв дэх уулзалт амжилттай болсон. Бид гурван улсын тэргүүн нарын тохиролцоог бодитоор хэрэгжүүлж, Хятад Монгол Оросын эдийн засгийн коридорыг урагш хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх хэрэгтэй. Хятад Улс Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэн орохыг дэмжиж байна. Ингэснээр Монгол Улсын олон улс дахь нөлөө ихээхэн дээшлэх бөгөөд энэ нь мөн Монгол Улсын өөрийн эрх ашигт бүрэн нийцнэ. Бид Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын том гэр бүлийн нэгэн гишүүн болох байх гэсэн хүлээлттэй байна.
Нөхөд өө, Хятад ардын нэгэн шүлэгт “Завин дээрээ эргийн хоёр хажуугийн байгалийг ажиж суух зуур нэг л мэдэхэд олон олон уулсыг өнгөрсөн байдаг” гэж гардаг шиг он цаг улиран одож, бид хамтдаа ихийг туулж өнгөрүүлжээ. Өнгөрсөн 70 жилийн хугацааны тэр л он жилүүд Хятад Монголын найрамдлын түүхэнд маш сайхан цаг үе болж мөнхөрлөө. Ирж буй шинэ жилээ угтаад бүгдээрээ гар гараасаа атгаж, Хятад Монголын харилцааны шинэ аяллаа эхлүүлцгээе.
Та бүхэнд шинэ оны мэндийг дахин дэвшүүлье.
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
ШИН ХАЙМИН
Холбоотой мэдээ