АНХААР: Зөвхөн сурагчид үнэгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

АНХААР: Зөвхөн сурагчид үнэгүй зорчино

АНХААР: Зөвхөн сурагчид үнэгүй зорчино

-Хоёр сая төгрөгөөр долоо хоног сурагчдыг үнэгүй тээвэрлэж байна-

Утаа ихтэй бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу орчмын гэр хорооллын хүүхдүүд өчигдрөөс /2018.12.20/ тохилог, дулаахан автобусаар үнэ төлбөргүй үйлчлүүлж эхэллээ. Зүүн салаагаас Саппоро чиглэлд үйлчилж байгаа бөгөөд энэ сарын 29-ныг хүртэл сайн санааны "аян"үргэлжилнэ.  Автобус 06.30-20.00 цаг хүртэл үйлчилж байна. Хэдийгээр маргаашнаас бага ангийн сурагчдын амралт эхэлж байгаа  ч дунд болон ахлах ангийн сурагчид үйлчлүүлэх бүрэн боломжтой. Үнэгүй автобус долоо хоногийн хугацаатай үйлчилнэ.

Энэхүү гэгээлэг санаачлагыг сурвалжлахаар өглөө очих үед автобус аль хэдийн дүүрсэн байв. Биднийг автобусанд орох гэж оролдох үед хүүхдүүд “Энэ зөвхөн хүүхдийн автобус. Хүүхдэд л үйлчилнэ” гэцгээж байлаа. Хүүхдүүд шуугилдсан автобус төд удалгүй буудлаас хөдөллөө.

ДОЛООН ӨДӨР ҮЙЛЧЛЭХЭД ХОЁР САЯ ОРЧИМ ТӨГРӨГИЙН ЗАРДАЛ ГАРНА

Бид сурвалжлага бэлтгэх явцдаа “Монголын хандив тусламжийн холбоо” төрийн бус байгууллагын тэргүүн А.Анхмаагаас энэхүү үйл ажиллагааных нь талаар тодруулга авсан юм. 

-Хүүхдүүдийг үнэ төлбөргүй тээвэрлэх болсон шалтгаан нь юу вэ?

-Шинэ жилийн баярыг тохиолдуулан хүүхдүүдэд өгч буй бидний бэлэг. Бидний үйл ажиллагааг дэмжин маш олон газраас эцэг, эхчүүд холбогдож “Манай эндээс автобус явуулаач” гэж байна. Гэхдээ бид одоохондоо Зүүнсалаагаас Саппоро чиглэлд явж байгаа. Учир нь, хүүхдийн автобус нь заавал харгалзагчтай байх ёстой. Одоогоор би өөрөө харгалзагч хийгээд явж байна.

-Эхний өдөр хэчнээн хүүхдэд үйлчилсэн бэ?

-Бид өнөө өглөө /2018.12.20/ 06.30 цагаас Зүүн салаанаас Саппоро чиглэлд нийт 10 удаа явлаа. Нийт 300 гаруй хүүхдэд үйлчилсэн байх. Нарийн тоог авч чадсангүй. Өглөө хичээлдээ явдаг хүүхдүүд маань 06.20 цаг гэхэд гэрээсээ гардаг юм байна. Хичээлдээ явж байгаа хүүхдүүдийн тал нь л автобусандаа багтаж сууцгаасан байх. Аюулгүй байдлыг нь хангана гэвэл бүх хүүхэд суудал дээр сууж явах ёстой. Гэвч олон хүүхдийг дааруулахгүй багтаах санаатай чихээд л суулгачихлаа. Бага хурдтай явж буудлууд дээр тайван буух боломжийг хангахыг хичээж байна.

Өчигдөр орой 17.00 цагаас хойш зам түгжирч, ачаалал нэмэгдсэн, хүүхдүүд маань бүгд багтаагүй.

-Хүүхдүүд шинэ жилийн бэлгээ хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хүүхдүүд их хөөрхөн сониуч бас их баярласан шинжтэйгээр “Эгчээ байнга энэ автобус явах уу. Яагаад үнэгүй байгаа юм бэ” гэж их асууж байна. Хариуд нь “Зөндөө олон ах эгч нарын хандиваар мөнгө цуглуулаад та нарыг хэд хоног дааруулахгүй гоё автобусаар үйлчилж шинэ жилийн бэлэг барьж байгаа юм” гэж хэлэхээр бүгдээрээ л “Ямар гоё юм бэ” гэж шаагилдаж байсан. Автобусны буудлаас том хүн, хүүхдүүд чихэлдээд суух гэхэд нь “Зөвхөн сурагчид сууна. Томчуудад үйлчлэхгүй шүү” гэж хэлэхээр хүүхдүүд “Yes” гээд л их додигор байгаа. Тэгээд өөрсдийг нь буух үед зөрөөд том хүн суух гэхээр “Энэ зөвхөн хүүхдийнх” гэж хэлээд их хөөрхөн хэвлүүхэн байгаа.

-Нэг өдөр хүүхэдтэй ажиллахад анхаарах шаардлагатай зүйл олж харав уу?

-Сургуулиасаа арай ойр гэртэй хүүхдүүд нь 2-3 буудал газар алхчихдаг гэж байна. Энэ их утаан дунд ихэнх нь маскгүй явж байна. Бидний ирээдүй хойч үеийн эрүүл мэндэд ямар аймшиг нүүрлэж байгаа бол. Хүүхдүүдийг буруутгаад яах вэ хүүхэд л болсон хойно маск зүүхээс төвөгшөөдөг байх, бас мартчихдаг байх. Эцэг, эхчүүд, багш нар маань маск зүүхийн ач тусыг сайн тайлбарлаж сануулах хэрэгтэй санагдлаа. Энэ их утааг нэг эсвэл хоёр жилд хэн ч шийдэж чадахгүй. Харин сургуулийн, хүүхдийн автобусны асуудлыг шийдэх нь утаа шиг ярвигтай асуудал биш. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэж өгвөл их  сайн байна. Автобусны асуудлыг шийдэж чадвал энэ их хортой нөхцөлд хэдэн цагийг гадаа унаа хүлээх эсвэл алхах гэх мэтээр хор биед нь шингэхээс сэргийлж чадна. Бас хүүхэд алга болох эрсдэлээс ч сэргийлж чадна. Хүүхдийн автобус харгалзагчтай явах ёстой. Үүнийг дагаад харгалзагч, жолооч гээд ажлын байр ч нэмэгдэж болно.

-Хүүхдийн автобус ажиллуулахад хэр их зардал гарч байна вэ?

-Бид өдөрт түгжрэлээс шалтгаалах 150-200 км замд долоон өдөр үйлчилгээ үзүүлэхэд хоёр сая орчим зардал гархаар байна. Ингээд долоон өдрийн турш өдөрт дунджаар 300 хүүхдэд үйлчилнэ гэж бодвол 2100 орчим хүүхдэд дулаан харих бэлэг түгээх нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж