У.Хүрэлсүх алтан боломжоо алдлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх алтан боломжоо алдлаа

У.Хүрэлсүх алтан боломжоо алдлаа

МАН-ын Бага хурал дуулиан ихтэй ч намын дарга оноогоо алдсаар хожил багатай болж өнгөрлөө. Илтгэл нь түүний хувьд улиг болсон сэдэв, ирсэн гишүүдээ айлган сүрдүүлэх маягтай, өөрт нь нэмэр болох гэсэн зарим нь нэрмээс болж намын дүрэмдээ террор мэт хандаж өөрчлөлт оруулав. Нэмж хэлэхэд саяхан л “Та нар л надад туслаарай. Гэхдээ би мөнгөгүй л дээ” гээд байсан Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэвлэлийнхний өмнө хана хэрэм босгоод зогсохгүй Бага хурлын мэдээг өгөхөд “бойкот”-той нүүр тулах нь тэр.

Тэр өөрийн хүрч болох л эрх мэдлээр УИХ-ын даргыг огцруулахад хамаарах бүх үйлдлийг хийсэн ч хуулийн өмнө хана мөргөлөө. Тэгэх нь ч тодорхой байсан. Гэхдээ түүнд Бага хурлыг ашиглаад багаа шинээр бүрдүүлж, дахин хэсэг хугацаанд толгой өвдөлгүй Засгийн газраа залуурдах боломж байсан ч тэр зөвхөн УИХ-ын дарга буюу өөрийнх нь “дор” байгаа ганц сэжим, намын гишүүн М.Энхболдтой хувьдаа л тэмцсээр хүчээ барав.

Энэ бол У.Хүрэлсүхэд том боломж байлаа. Намын Бага хурлыг хуралдуулсан дээрээ, бас чиг хэрэндээ сүрийг үзүүлж, өөрийг нь анхааралтай сонсч буй энэ нөхцөл байдал сонгуулийн өмнө түүнд тийм ч олон олдохгүй билээ. Цэргийн хүн гэхэд тавьт, зуутаа байг гэхэд яг өөртөө үнэнч үлдэх “Аравт”-тай үлдэж тэр чадсангүй. Уг нь “ЖДҮЧИН” гэх хочтой булингартай Засгийн газраа нэгэнтээ хөрвөөж “цусыг нь сэлбээд” авсан бол танхимын сайд нар нь ч, Бага хурлын гишүүд ч дэмжих л байсан. Ингэснээр үзэн ядаад байгаа М.Энхболдоосоо танхимын сайд нараа хараат бус болгож, “Ерөнхий сайд нь л гаднаас” гэдэг урамгүй “ганцаардлаас” буюу өөрийнх нь хэлдгээр “шүдгүй арслан” шүдтэй арслан болох байв.

“Давхар дээл”-тэй сайдуудаа чөлөөлнө, УИХ-ын гишүүд  ажлаа сайн хийгээрэй, би Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд алдагдсан цаг хугацааг нөхөж амралтгүй ажиллана” гэхэд хэн “Үгүй” гэх билээ. Шаардлагатай буюу салж болохгүй ахмад гишүүдээ түшиг тулгуур болно гэж үзвэл бодлогын яамдыг удирдуулаад, шинэ үзэл бодолтой, бодлого концепцтой, нэр цэвэр залуусыг парламентын гаднаас авч ажиллуулах нь боловсон хүчин”-ээрээ гайхуулдаг МАН-ын даргад тийм ч хэцүү биш. Дээр нь хариуцлага тооцож чаддаг, “нүд олж” томилдог, зөв цаг үед оновчтой шийдвэр гаргадаг гэхчлэн “бонус” оноо овоо олдоно. Эхнээсээ энэ алхмыг хийгээд эхэлчихлээ шүү дээ.

Нөгөөтэйгүүр, хэрэв муугаар бодоход У.Хүрэлсүх , түүний Засгийн газар 2020 оны сонгуулиас өмнө огцорвол яах вэ. УИХ-ын гишүүн сайд нар нь ирэх сонгуулийн өмнө сонгогчдодоо таалагдахын тулд “хутга бариад гэтдэггүй” юмаа гэхэд бритвагаар бяцхан зүсч шархдуулахаас огтхон ч буцахгүй. Тэгээд ч өөрөө хударгагүй замаар энэ “өндөрлөгт” гарч ирсэн болохоор бусдадаа гомдож , эр хүний жудаг сэлт нэхээд үр дүнд хүрэхгүй. Тэд Засгийн газар огцорлоо л гэхэд УИХ-ын “сайн гишүүн” болж шаардлага гарвал “Манай Засгийн газарт ийм, тийм алдаа байсан. Хэлээд байхад үг аваагүй” гэж хэлээд сууж байвал хэн ч гайхахгүй. Тийм л гишүүдээр танхимаа бүрдүүлчхээд, дээр нь Тагнуулын Ерөнхий газрын дарга нь хүртэл өөрийнх нь томилсон хүн биш. Өөрчилье гэвэл эрх мэдэл нь өөрт нь бий.

У.Хүрэлсүх намдаа биш өөртөө л “лидер” гэдгээ харууллаа. Айдас хүйдсээр хучигдсан нэгдсэн шийдвэр бол төлөөллийн байгууллага доторх эв нэгдлийн дүнд гаргасан шийдвэрээс хавьгүй хэврэг, нас богинотой. Ямххан ухаан чимххэн зориг дээр маш том эрх мэдэл байхад энэ боломжийг ашиглаж чадсангүй дээ, У.Хүрэлсүх.

Эдийн засгийн гадаад орчин амаргүй болоод ирлээ. Нисгэж хэлээд байсан өндөр өсөлтийг мэргэжлийн судлаачид, олон улсын судалгааны байгууллагууд өөрөөр таамаглаж, тэр хооронд дэндүү хол зөрүү гарч байна. Улс төрийн тогтворгүй байдал эдийн засгийн тогтворгүй байдлыг даллаж, дээр нь хувийн хэвшлийнхэнд таагүй сигнал өгснөөс болж улс орны нөхцөл байдал хэцүүдэж мэдэхээр байна. Хууль зүйн талаасаа тэмцээд байгаа УИХ-ын дарга зөвдөж, тэмцлийг эхлүүлсэн шударга ёс нэхсэн Та улс орноо ч, намаа ч цэвэрлэж чадалгүй гацааны эзэн болж таарч мэдэхээр байна.

Энэ бүхнээс харахад Бага хурлаас та хожсонгүй. Сонгууль дөхсөн энэ цаг үед УИХ-ын даргыг огцруулъя гээд кноп дарахад тойргоо алдахгүй байж болох ч нэр хүндээ алдана гэдгээ УИХ-ын гишүүд ч, Засгийн газрын гишүүд ч бодчихсон байгааг сануулах юун. Уг нь Гүйцэтгэх засаглалын тэргүүнд энэ цаг мөчид нэг хүнтэй тэмцэхээс илүү чухал ажил бөөн бөөнөөрөө хүлээж буй. Үүнийг л ард иргэд чинь хүлээж байгаа болохоос хэнтэй тэмцээд хэн ялах нь дугаар хорооны иргэнд тийм ч чухал биш. Төрийн ордны хонгилд зүгээр ч нэг зурагаа өлгүүлэх гэж ирээгүйгээ тунхагласан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн гэсэн танхимтай, өөр зүйлд өчүүхэн ч сатаарахгүй сайд нартай, “давхар дээл тайлуулсан” бяцхан нэр хүндтэй үлдэж болох алтан боломжийг ашиглаж чадсангүй дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
76
ЗөвЗөв
35
ТэнэглэлТэнэглэл
28
БурууБуруу
13
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж