Монголын эмэгтэйчүүдийн холбооноос энэ жил анх удаа эмэгтэйчүүдийн нийгэмд оруулж буй хувь нэмрийг бодитой үнэлж, нийгмийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор салбар, салбарын оны эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулж, алдаршуулах “Алунгоо-2018” наадмыг өчигдөр /2018.12.20/ зохион байгууллаа.
“Алунгоо-2018” цомын эздээр нийт 13 салбарын манлайлагч эмэгтэйчүүд тодорсон юм. Тухайлбал:
- Аж үйлдвэрийн салбарын оны эмэгтэй – “Кашмер Холдинг”-ийн ерөнхий дизайнер А.Энхмаа. Тэрбээр механик инженер, дизайнерын мэргэжлээр салбараа манлайлж ийнхүү оны эмэгтэйгээр тодорсон байна.
- Бизнес эрхлэгч оны эмэгтэй – Д.Долгормаа. Зөгийн аж ахуй эрхэлдэг тэрбээр салбартаа 30 гаруй жил хүчин зүтгэж, 67 шавь бэлтгэж, 60-120 зөгийг маллаж байна.
- Боловсролын салбарын оны эмэгтэй – Ц.Тунгалаг. Тэрбээр сургуулийн өмнөх боловсролын арга зүйч мэргэжлээр салбартаа 30 гаруй жил ажиллажээ. Оны шилдгээр шалгарсан эмэгтэйчүүдэд нэг сая төгрөг болон гэр бүлээрээ гадаадад аялах эрхийн хамтаар шагнасан. Ц.Тунгалаг шагналынхаа 50 хувийг буюу 500 мянган төгрөгийг Налайх дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэг барихад хандивлаж буйгаа шагнал авах үеэрээ зарласан юм.
- Иргэний нийгмийн байгууллагын оны эмэгтэй – Д.Мөнхөө. Улс эх орондоо хүлээн зөвшөөрөгдсөн тэрбээр хүүхдийн их эмч мэргэжилтэй. Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө өөрийн амьдралаа зориулж яваа тэрбээр “Гал голомт үндэсний хөдөлгөөн”-ий тэргүүнээр ажиллаж байгаа билээ.
- Нийтийн аж ахуйн салбарын оны эмэгтэй – Б.Нарантуяа. Тэрбээр 16 настайгаасаа эхлэн өнөөг хүртэл 39 жилийн турш нийслэлчүүдийнхээ цэвэр цэмцгэр орчин анхаарч, зам талбай цэвэрлэж байна.
- Оны малчин эмэгтэй – Д.Хорлоо.
- Оны тариаланч эмэгтэй – Т.Баярхүү. Агрономич мэргэжилтэй тэрбээр өвлийн хүлэмжид гүзээлзгэнэ тарьж ургуулах технологийг амжилттай нэвтрүүлжээ.
- Соёл, урлагийн салбарын оны эмэгтэй – З. Цэнгэлсайхан. Түүнд уран хатгамалын өв соёлын түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн үзэж энэхүү шагналыг олгожээ.
- Спортын салбарын оны эмэгтэй – Г.Угалзцэцэг. Бодибилдинг, фитнесийн чиглэлээр зургаан жил хичээллэсэн бөгөөд дэлхийн дөрвөн удаагийн аварга билээ.
- Уул уурхайн салбарын оны эмэгтэй – А.Болормаа. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрт Цахилгаан усаар нэвчүүлэгч мэргэжлээр олон жил ажиллажээ.
- Хэвлэл мэдээллийн салбарын оны эмэгтэй – Э.Энэрэл. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд олон нийтлэл, бүтээл туурвисныг нь үнэлж олгосон юм.
- Шинжлэх ухаан, инновацын салбарын оны эмэгтэй – И.Санчир
- Эрүүл мэндийн салбарын оны эмэгтэй – О.Сэргэлэн. Хүний их эмч тэрбээр Монгол Улсад төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн салбартаа 35 жил тасралтгүй ажиллаж байгаа билээ.
Ийнхүү Монголын эмэгтэйчүүдийн холбооноос анх удаа “Алунгоо-2018” шагналаар салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүдийг шалгарууллаа. Цаашид “Алунгоо” цомын эзнийг жил бүр уламжлал болгон салбар салбартаа манлайлагч эмэгтэйчүүдийг алдаршуулах юм байна.
Үүнээс гадна, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос 93 жилийн түүхтэй “Монголын эмэгтэйчүүд” сэтгүүлийг шинэчлэн хэвлэж, олон нийтийн хүртээл болгож буйгаа албан ёсоор зарласан юм. Үеийн үед нийгмээ соён гэгээрүүлэх, боловсруулах, бүсгүйчүүдийн эрхийг дээдлэх үйл хэргүүдэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тус сэтгүүл 94 жилийнхээ ойн босгон дээр дахин мэндэллээ. Тус сэтгүүл нь сар тутам гарах юм байна.
Сонирхуулахад, 1924 онд их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны үндэс суурийг анх тавьж, анхны даргаар нь сонгогдон ажиллаж байжээ.
А.АНИР
Холбоотой мэдээ