Шоу бизнес бол урлаг, гоо сайхны таашаал, соёлын эрэлт хэрэгцээнд нийцтэй баяр, цэнгүүний түгээмэл шинжийг өөртөө агуулсан байдаг билээ. Тухайн улс дэлхийн хүчирхэг гүрэн болоход нөлөөлөх чухал хэдэн зүйлийг нэг нь энэ юм. Тэгвэл сүүлийн жилүүдэд Монголд дэлхийн хэмжээний олон шоу нэвтрүүлгүүд хийгдэж, үзэгчдийг телевизийн өмнө уяж, хэлэлцүүлэг өрнүүлэх болсон. Ингээд хүмүүсийн анхааралд өртөж, олон нийтийн ярианы халуун сэдэв болж байсан шоу нэвтрүүлгүүдийг хүргэж байна.
ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ БАХАРХАЛ БОЛСОН ГАНЦ Л ЯЛАГЧ
"Монгол" HD телевиз 2015 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр “Авьяаслаг монголчууд” шоуг үзэгчдэдээ хүргэж байгаа билээ. Тус шоу нэвтрүүлэг нь Монгол Улсын өнцөг булан бүрээс өөрийн авьяас чадвараа харуулахыг зорьсон хүн бүр оролцох боломжтой хамгийн ардчилсан шоу нэвтрүүлэг юм. Тэр дундаа телевизийн салбарын шоу нэвтрүүлгүүдээс хамгийн өндөр буюу 100 сая төгрөгийн шагналын сантай.
"Авьяаслаг Монголчууд" шоуны 2015 оны буюу эхний улирлын ялагчаар Дархан-Уул аймгаас оролцогч Эгшиглэнт чимээ хамтлаг, 2016 оны буюу хоёр дахь улирлын ялагчаар Орхон аймгаас оролцогч Э.Энх-Эрдэнэ нар юм. “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэг нэг жилийн турш завсарлаад энэ жил буюу 2018 оны есдүгээр сараас дахин олны хүртээл болсон.
Ингэхдээ цоо шинэ шүүгчдийн бүрэлдэхүүн болон хөтлөгчтэйгээр эхэлсэн тус шоу үзэгчдийн үзэж дадсан хэв маягаас арай өөрөөр эхэлсэнд зарим хүмүүс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байсан юм. Шоуны шүүгч продюсер Ц.Чулуунбат, нэвтрүүлэгч С.Чимгээ, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар энэ улирлаас солигдож тэдний оронд хөтлөгч П.Анужин, жүжигчин Г.Ундармаа, Чингис хаан одонт дуучин Г.Ариунбаатар нар шүүгч хийхээр болсонд үзэгчид тэднийг тийм ч амар хүлээж аваагүй юм. Тус шоуны зураг авалт болон бэлтгэл ажилд бүтэн нэг жилийг зарцуулсан гэдэг.
ТҮҮНИЙ МӨРӨӨДӨЛ НЬ ДЭЛХИЙН ТАВЦАНД МОНГОЛЫН ИЛБИЙГ АЛДАРШУУЛАХ
Тэгвэл өнгөрсөн ням гаригт шоуны гурав дахь улирлын үндэсний ялагчаар илбэчин С.Билэгт тодорсон билээ. Түүнийг үзэгчид хүмүүст баяр баясал бэлэглэх гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн, Улаанбаатар хотын гудмаар явж, таарсан хүн бүртээ өөрийн илбээ үзүүлдгээс гадна “Илбэ намайг сонгосон" нэвтрүүлгээр нь андахгүй. Тэрбээр сүүлийн нэг жил урлаг, спорт, улс төр гээд бүхий л салбарынхныг гайхшируулсан илбийн үзүүлбэрүүдээ өөрийн фейсбүүк хуудаснаа байршуулсан байдаг.
С.Билэгт одоогоос долоон жилийн өмнө илбэ үзүүлэх болсон аж. Түүний мөрөөдөл нь дэлхийн тавцанд Монголын илбийг алдаршуулах. Залуу хүн мөрөөдөлтэй байх хэрэгтэй гэдэг дээ. Тэрбээр энэ жишгээр урагшилж яваа бүтээлч нэгэн. Бизнесийн менежментийн чиглэлээр сургуулиа төгссөн болоод ч тэрүү өөрийгөө илэрхийлэхдээ их сайн гэгддэг юм билээ.
"АВЬЯАС, ЧАНАР, ЧАДВАР” ГУРВЫН ТӨГС ХОСЛОЛ
Тус телевиз дэлхийн 62 оронд амжилттай зохион байгуулагдсан “The Voice” шоуг өнгөрсөн нэгдүгээр сарын 21-ний өдөр үзэгчдэдээ хүргэсэн юм. Мэдээж “The Voice of Mongolia” шоу маш олон үзэгчдэд хүлээлт үүсгэсэн лавтай. Шоуны эхний шатанд шүүгчид зөвхөн оролцогчдын дуу хоолойг л сонсож сонгодог тул тухайн оролцогчийн нас хүйс, царай зүс, таньдаг таньдаггүй, хамаатан садан энд огтхон ч хамаагүй. Тиймээс энэ бол зөвхөн авьяас, чадвар, мэдрэмжээр нь дүгнэх цэвэр, шударга шалгаруулалт юм.
Шоу гарч эхэлснээр монголчуудын хүлээлт ч тайлагдсан гэхэд болно. Энэхүү шоу нэвтрүүлэг нь “Авьяас, чанар, чадвар” гурвын төгс хослолоос бүрддэг гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл дуулахыг мөрөөдөгсөд бус жинхэнэ дуулах авьяастай нь тус нэвтрүүлэгт оролцоно гэсэн үг.
Шоуны зохион байгуулалт, тайз засалт, гэрэл, дуугаралт, үзэгчид болоод оролцогчдын ар гэрийнхэн, хөтлөгчид зэрэгт өөлөх юм байсангүй. Тэр бүү хэл аливаа шоу нэвтрүүлгийн эхний дугаараас л үзэгчид шүүгчдийн сайн мууг хэлэлцэж мэтгэлцдэг. Харин “The Voice of Mongolia” тэмцээний шүүгчид үзэгчдэд ихэд таалагдаж буй нь эхний дугаараас л харагдаж байсныг онцлох нь зүйтэй.
НУУГДАЖ БАЙСАН “ЭРДЭНЭ”
"Voice of mongolia" шоуны эхний улирлын ялагчаар үзэгчдийн хамгийн өндөр саналаар Ц.Энгүүн ялагчаар тодорсон билээ. Тэрбээр 2000 оролцогчоос шилдгээр шалгаран, “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” компанитай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai автомашины эзэн болсон юм. Тэрбээр багаасаа дуулах авьяастай, хөгжмийн онцгой мэдрэмжтэй болох нь тодорсон ч өнөөг хүртэл дууны төрлөөр ямар нэг уралдаан тэмцээнд оролцож олны өмнө ил гарч байгаагүй нуугдаж байсан “эрдэнэ” ийнхүү “The Voice of Mongolia” шоуны тайзнаа гарч ирсэн юм. Сонирхуулахад тус шоуны хоёрдугаар улирлын бүртгэл хэдийнээ эхэлсэн гэдгийг дуулгая.
ӨӨРИЙГӨӨ ӨӨР ӨӨР ӨНЦГӨӨС ТОЛЬДОХ БОЛОМЖ
“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын “Яг түүн шиг 2018” шоуг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулсан юм. Нэвтрүүлгийн эхний дугаар тавдугаар сарын 6-аас эхлэн цацагдаж долдугаар сард шоуны ялагч тодорсон юм. “Яг түүн шиг 2018” шоуны энэ жилийн дугаарт загвар өмсөгч Ж.Энэрэл, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, театр, киноны жүжигчин М.Цэрэндолгор, “A sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл, “VR” хамтлагийн гишүүн, загвар өмсөгч О.Билгүүн нар оролцсон.
Оролцогчид арван дугаарын турш үзэгчдэд дэлхийн болоод Mонголын ододтой уулзуулан өөрийгөө өөр өөр өнцгөөс тольдох боломжийг олгодог гэдгээрээ ихээхэн онцлог. Тэгвэл бүтэн хоёр сарын турш үзэгчдийг ням гариг бүр дэлгэцийн өмнө уяж байсан тус шоуны гурав дахь улирлын ялагчаар Б.Нацагдорж буюу Наки тодорч Гран при шагналын эзэн болж 20 сая төгрөг гардан авсан юм.
Накигийн хувьд гуравдугаар улирлын тоглолт эхлэхэд хамгийн эхний дугаарт шилдгээр шалгарч байсан юм. Харин хамгийн сүүлийн финалын тоглолтод тэрбээр алдарт дуучин Уитни Хьюстоныг дуурайв. Харин шоуны хоёрдугаар байрт “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин 47 оноогоор шалгарсан бөгөөд үзэгчдээс хамгийн өндөр санал авсан ч шүүгчдийн болон бусад оролцогчдын оноо хангалттай байж чадаагүй. Эргэн сануулахад "Яг түүн шиг" шоуны анхны улирлын ялагчаар дуучин П.Баярцэнгэл тодорч байсан бол "Яг түүн шиг-2" шоуны шилдгээр жүжигчин Т.Бархүү шалгарч байсан билээ.
ШИНЭ ӨНГӨ ТӨРХ, ШИНЭ ДҮР
Загварын ертөнцийн хар ирвэс Тайра Банксын санаачилсан “America’s next top model” шоу нэвтрүүлэг Монголд албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевизээр гарч байгаа билээ. Тус телевиз Америкийн “CBS” телевизийн албан ёсны эрхтэйгээр эхний улирлын дугаарыг 2017 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр үзэгчдэд хүргэж байсан юм. Шоуны зорилго нь Монголын загварын ертөнцөд шинэ дүр төрхийг тодруулахаар ажиллаж буй. Өнгөрсөн жил нэвтрүүлгийн хөтлөгч, шүүгчээр загвар өмсөгч, модель Нора, “On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нар үндсэн шүүгчээр ажилласан.
Нэвтрүүлэгт нийт 220 гаруй охид бүсгүйчүүд бүртгүүлснээс шилдэг 22 охин эхний дугаарт тэнцсэн бол нэвтрүүлгийн дүрэм ёсоор нийт 16 оролцогч 16 нэвтрүүлгийн турш өрсөлдөн шилдгээ тодруулах дүрэмтэй. Нэвтрүүлгийн финалын дугаарт дугаарт өмнөх шатны шалгаруулалтуудаас тунан үлдсэн шилдгийн шилдэг гурван гурван оролцогч Т.Номин-Эрдэнэ, Ю.Балжидмаа, Б.Цэрэндолгор нар үлдсэн юм.
Хоёр сарын хугацаатай үргэлжилсэн шоуны эхний улирлын ялагчаар загвар өмсөгч Б.Цэрэндолгор шалгарсан. Тэрбээр үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн нүүр царайгаар нэг жилийн хугацаатай ажиллах эрх, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал, Парис хотоор аялах эрх, Сингапур улсын “Looque” загварын агентлагтай хоёр жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллах эрхээр шагнуулсан юм.
"MONGOLIA’S NEXT TOP MODEL-2"
Тэгвэл “Mongolia’s next top model-2” нэвтрүүлгийн эхний дугаар энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр үзэгчдийн хүртээл болсон. Энэ жилийн нэвтрүүлгийн хувьд Боловсрол телевиз, Өвөр Монголын Монгол Одон телевиз хамтран бүтээжээ. Ингэснээр Монголын болон Өвөр Монголын үзэгчид шоу нэвтрүүлгээ албан ёсны эрхтэйгээр нэг зэрэг хүлээн авах боломжтой болсон гэсэн үг юм.
Харин шоуны шүүгчдийн хувьд багагүй өөрчлөлт орж On’n off” продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаа, загвар өмсөгч, жүжигчин Н.Оргил нарын оронд топ модель Э.Одгэрэл, топ модель Э.Энхболд шүүж байгаа.
Тус шоу нэвтрүүлгийн бичлэг наймдугаар сарын 22-ны өдрөөс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж дууссан байсан бөгөөд нэвтрүүлгийн ялагч тодрох финалын дугаар хүртэлх хугацаанд оролцогчид түр гэртээ харьсан байжээ. Харамсалтай нь өнгөрсөн аравдугаар сарын 24-ны өдөр нэвтрүүлгийн шилдэг оролцогч загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ зуурдаар нас барснаар нэвтрүүлгийн шинэ дугааруудыг гаргахыг түр азнасан.
Талийгаачийн гэр бүлийнхний хүсэлтээр MNTM нэвтрүүлгийн шинэ дугаарыг гаргаж байгаа ч дараа жил нэвтрүүлэг дахин хийгдэнэ гэдэг тун эргэлзээтэй байгаа юм.
Э.БУРАМ