Шийдлийн Засгийн газар байгуулагдан ажлаа эхлүүлсний 100 хоног энэ сарын 19-нд тохиох аж. Гэхдээ Засгийн газрын зүгээс 100 хоногийн хүрээнд тодорхой ажил зохион байгуулахгүй юм байна.
2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Ардчилсан нам Засгийн газрыг байгуулах эрхийг гартаа авч, МАХН, МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, ИЗНН-тай хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцсэнээр шинэ танхим байгуулахаас аргагүй болсон. УИХ 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулсан юм. Ерөнхий сайдыг огцруулсан нөхцөлд Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Энэ дагуу УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад Ч.Сайханбилэг гишүүнийг нэр дэвшүүлж, УИХ арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг томилж байжээ. Харин сайд нарыг УИХ 2014 оны арванхоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө томилж, Шийдлийн Засгийн газар бүрджээ.
Шийдлийн Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна 18 сайдтай ажиллаж байна.
Г.ДАРЬ