Өмнөд Солонгосын "зовлон"

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын "зовлон"

Өмнөд Солонгосын "зовлон"

Өмнөд Солонгос улсад сүүлийн таван жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн 65-аас дээш насны хүмүүсийн тоо 45 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Ялангуяа 65-аас дээш насны хүмүүсийн үйлдсэн онц ноцтой гэмт хэргүүд буюу хүн амины, хүчингийн, хулгайн болон санаатай түймэр тавьсан хэргийн тоо 2013 онтой харьцуулахад 70 хувиар өссөн байна.

Тухайлбал, өнгөрсөн сард 70 настай нэгэн хүн гэрт нь шуудан авчирсан хүнийг зодож, гэмтээсэн, өөр нэгэн 70 настан усны хангамжийн асуудлаар хорооныхоо ажилчидтай ам зөрж, хоёр төрийн албан хаагчийг хутгалан хөнөөн, гэрч болсон хөрш айлынхаа эмэгтэйг алахыг завдсан, мөн 69 настай нэгэн эмэгтэй хүлээн авалтад оролцохоор ирсэн хэдэн зуун хүний хоолонд хор хийсэн гээд Өмнөд Солонгост хөгшин хүмүүсийн үйлдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд л өсч, улам харгис хэрцгий болж байгаа нь хэвлэлийнхний бичиж буй мэдээнээс нь харагддаг байна.

 

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ ШАЛТГААН

Өмнөд Солонгосын нийт хүн амын 14 хувь нь 65-аас дээш настай хүмүүс байдаг тул “хүн амын хөгшрөлттэй орон” гэсэн ангилалд ордог байна.

Тус улсад хүн амын дундаж наслалт харьцангуй өндөр байдаг ч хөгшчүүлийн дунд ядуурал их байдаг байна. Учир нь Өмнөд Солонгост нийгмийн даатгалын тогтолцоо 1980-аад оны сүүл үе хүртэл боловсронгуй бус байснаас өдгөө тэтгэврийн насны хүмүүсийн 60 гаруй хувь нь тэтгэвэр авах шалгуурт тэнцдэггүй аж. Мөн харж хандах хүнгүй, гэртээ ганцаараа амьдардаг өндөр настны тоо сүүлийн жилүүдэд олширсон байна.

“Хөгшин хүмүүс нийгэмд хувь нэмрээ оруулах боломж хомс байдгаас бусдаас зайгаа барьж, зожгирч, хүмүүсийг үзэн ядаж эхэлдэг. Хөгшин хүмүүс удаан хугацаанд сэтгэл санааны хямралтай байсны үр дүнд биеэ хянах чадваргүй болж бусдад муухай аашилж эхэлдэг байна. Харин нийгмийн харилцаанд илүү идэвхтэй оролцдог буюу гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч тэдэнтэйгээ дотно байдаг, ямарваа нэгэн байдлаар ажил хийдэг хөгшчүүлийн хувьд биеэ хянах чадвар нь илүү сайн байдаг” хэмээн Донггук их сургуулийн багш Чо Юн У хэлжээ.

АХМАДУУДЫН ХОРИХ ГАЗАРТ Ч ЗӨРЧИЛДДӨГ

Хөгшин хүмүүс гэмт хэрэг ихээр үйлдэх болсон нь хорих газруудад ч хүндээр тусч байгаа аж. Тухайлбал, тэд анх шоронд ирэхдээ л хорт хавдар, сэтгэцийн, бөөр, дотор эрхтний зэрэг олон янзын өвчинтэй болчихсон байдаг.  Тэд бие, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд сул дорой байдгаас гадна залуу хүмүүстэй харьцуулахад хоорондоо муудалцах, зодолдох зэрэг зөрчил гаргах нь хамаагүй их байдаг нь хорих газрын ажилчдад хүндрэлтэй байдаг гэв.

Намбу-2” хорих газрынхан

“Хөгширсөн хүмүүст ажлын олдоц хомс байдаг, мөн тэтгэврийн насны хүмүүст төрөөс тавих анхаарал муу байдгаас ийм байдалд хүрсэн. Ер нь мөнгөгүй, ядуу байгаа хүмүүсийн дунд л гэмт хэрэг их гардаг шүү дээ” хэмээн “Намбу-2” хэмээх хөгшчүүл голдуу байдаг  хорих газрын хоригдогч 71 настай Пак хэлжээ. “Намбу 2”-ын бусад хоригдлууд ч бас Өмнөд Солонгосын нийгэм хөгшин хүмүүстээ илүү анхаарал хандуулж, тэднийг халамжилдаг байхыг хүсдэг гэв.

Өмнөд Солонгосын 70 орчим настай иргэдийн хувьд түүхийн хүнд хэцүү, ороо бусгаа цаг үед төрж өссөн ч хөгширсөн хойно нь хүртэл нийгэм нь тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байгаад маш их гомдож явдаг нь хүмүүсийг үзэн ядах бас нэгэн сэдлийг төрүүлдэг байж болох юм. Тэднийг төрөх үед дэлхийн хоёрдугаар дайн дөнгөж дуусч, Солонгос улсын иргэд олон жил хүнд амьдралыг туулсны эцэст тэмцэл хөдөлгөөн өрнүүлсний ачаар Японы колоничлолоос ангижирч чадсан ч 1950 оноос иргэний дайны хөлд нэрвэгдсэнээр сая сая гэр бүлүүд хагацаж, олон сая хүүхэд өнчин өссөн байна.

АХМАДУУДЫГ НИЙГЭМШҮҮЛЭХ ГАРЦ, ШИЙДЭЛ ХАЙСААР

Хорих газраас суллагдсаны дараа ч тэдгээр хөгшчүүлийг нийгэм нь хүлээн авахгүй, тэд ч нийгэмдээ дасан зохицож чадахгүйн дээр очих газар байхгүй, хоолны ч мөнгө олдохгүй хэцүү нөхцөл байдал угтан авдаг байна. Тиймээс ч хорих газраас суллагдсан 65-аас дээш насны хүмүүсийн 30 орчим хувь нь давтан гэмт хэрэг үйлддэг ажээ.

Өмнөд Солонгост хүн амын хөгшрөлтийн асуудал 2025 он гэхэд улам хүндрэлтэй болох төлөвтэй байгаа буюу Япон улсын араас орж “хүн амын супер хөгшрөлттэй” гэсэн ангилал руу шилжих аж /Япон улсын хүн амын ¼ -ийг 65 ба түүнээс дээш настай хүмүүс эзэлдэг тул ийм ангилалд багтсан/. Тиймээс Өмнөд Солонгос улсад өндөр настнууд руугаа чиглэсэн илүү сайн нийгмийн халамжийн болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгтэй байгаа гэнэ. Мөн “хөгшин хүмүүст зориулсан үйлчилгээг сайжруулж, залуу хүмүүсийг тэднийг ойлгох, хүндлэх, хүлээн авах ухамсрыг суулгах хэрэгтэй” хэмээн Донггук их сургуулийн профессор хэлжээ.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж