МАН-ын Бага хурлын энэ сарын 19-ны Лхагва гаригт, үүдээ цоожлоод үүр цайтал хуралдаж дөрвөн асуудал хэлэлцсэн юм. Үндсэндээ, энэ удаагийн Бага хурлын гол зорилго нь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахад чиглэгдэв. УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох тухай МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг Бага хурлын гишүүдийн 95 хувь нь дэмжсэнээр Бага хурал өндөрлөсөн. Гэхдээ У.Хүрэлсүхийн хүсэл Үндсэн хуультай зөрчилдөх тул тэрбээр намын дүрмээ шинэчлэх замаар зорилгоо гүйцээхийг оролдож байна. Учир нь, Бага хурлын нийт гишүүдийн 66.7 хувь нь ирсэн, тэдний 95 хувь нь У.Хүрэлсүхийг дэмжсэн уг хурлаар намын дүрэмдээ хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулсан нь МАН "коммунист" нам болоход тун ойртжээ гэх дүгнэлтийг улс төр шинжээчид хийхэд хүргэж байна.
Өнгөрөгч 28 дугаар Их хурлаар байгуулагдсан Хяналтын ерөнхий хороонд жилийн хугацаанд намын анхан шатны байгууллагаас олон тооны өргөдөл гомдол иржээ. Эдгээрийг үндэслэн Хяналтын ерөнхий хорооноос намын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг танилцуулан, Бага хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж баталсан. Ингэхдээ дөрвөн зүйл, таван заалт шинээр нэмж, долоон зүйлийн долоон заалтад нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Бага хурлаар танилцуулж хэлэлцүүлсэн байна.
Намын дүрэмд орсон гол нэмэлт өөрчлөлт нь бүх шатны намын хурал болон намын дотоод үйл ажиллагааны үеэр бичлэг хийх, зөвшөөрөлгүйгээр намын дотоод үйл ажиллагааны тухай олон нийтэд мэдээлэл гаргасан тохиолдолд тухайн гишүүнийг намын дүрмийг зөрчсөн хэмээн үзэж хариуцлага тооцохоор тусгажээ.
Түүнчлэн Удирдах зөвлөл болон Бага хурлаас гарсан аливаа шийдвэрийг зөрчсөн тохиолдолд намын гишүүнээс гарсанд тооцно гэж заажээ. Тодруулбал,
6 дугаар зүйл. Монгол Ардын Намын гишүүнээс хасах
6.3 “Энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагыг биелүүлээгүй бол намын гишүүнээс гараагүйд тооцно” гэснийг хасаад “МАН-ын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын Ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ” гэж өөрчлөх нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Уг нэмэлт өөрчлөлтүүдээр Хяналтын Ерөнхий хороог хэмжээгүй эрх мэдэлтэй болгон хувиргасан гэдгийг МАН-ын зарим гишүүн хэлж байна. Түүнчлэн 2020 онд МАН-ын нэр дээр сонгуульд нэр дэвшихийн тулд намынхаа болж бүтэхгүй зүйлийг шүүмжилж үг хэлэх эрхгүй болгохоор намын дүрэмд нэмэлт өөрчлөлт орууллаа гэдгийг намын гишүүд онцолж буй. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн эсрэг үг, үйлдэл гаргасан бүхэн ийнхүү ХЕХ-ны шийдвэрээр өчиггүй хөөгдөх дүрмийн өөрчлөлт хийгджээ.
Бага хурлын өмнө Хяналтын Ерөнхий хорооноос 10 гаруй гишүүнийг намаас хөөнө гэсэн мессеж тархсан ч "МАН-ын дүрэмд намаас хөөх тухай нэг ч үг байдаггүй" гэдэг тайлбарыг өгч байв. Учир нь гишүүнийг намаас хасах нь Хяналтын Ерөнхий хорооны одоогийн эрх үүрэгт байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулж буй намын шинэ дүрэмд МАН-ын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын ерөнхий хороонд шилжүүлжээ. Ингэснээрээ МАН улам хаалттай, дарангуйлагчийн нам болж хувирч байна гэсэн шүүмжлэл ч сонсогдож эхэллээ.
Мэдээж, эрх баригч нам эсрэг хүчнийхэн буюу М.Энхболдынхонд зориулсан өөрчлөлт хийвэл жирийн гишүүд, дэмжигчдэдээ муухай харагдах нь лав. Тиймээс зарим нэг дүрэмд өөрчлөлт оруулж, "өөхөнд чулуугаа боох"-оор болсон намынхаа дэргэдэх дөрвөн байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулах асуудал. Тэдгээр дөрвөн байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх хүрээнд насны хязгаарыг тогтоож, дүрмийн нэмэлт өөрчлөлтдөө тусгасан байна. Тухайлбал, Оюутны холбоонд 25 хүртэлх насны оюутнууд харьяалагдах бол 35 хүртэлх залуучууд Залуучуудын холбоонд, хуулиар заасан тэтгэврийн насны хүмүүс Ахмадын холбоонд харьяалагдах тухай өөрчлөлт хийжээ.
Улстөрийн намын тухай хуулиар улс төрийн нам дүрэмдээ өөрчлөлт оруулсан тохиолдолд Улсын дээд шүүхэд заавал бүртгүүлэх учиртай. Тиймээс МАН дүрэмдээ өөрчлөх өөрчлөлтөө батлуулахын тулд хуульд зааснаар Ц.Зоригтод хандана. Хэрэвзээ МАН-ын дүрэмд оруулсан дээрх нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэж авбал УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага хүлээлгэх болсон Бага хурлын шийдвэрийн дагуу, шинэ дүрэмд орсон өөрчлөлтөөр хар залуугаасаа ажил, амьдралаа холбосон намын батлахаа У.Хүрэлсүхэд тушааж мэдэх юм. Учир нь, Бага хурлаар УИХ-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох тухай саналыг Бага хурлын гишүүдийн олонх нь дэмжсэн. Бага хурлаас гарсан аливаа шийдвэрийг зөрчсөн тохиолдолд намаас хасна гэж дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан гол зорилго нь ийм юм. Харин Улсын дээд шүүх МАН-ын шинэ дүрмийг хүлээж авахгүй бол У.Хүрэлсүхийн багын найзаа намаасаа хөөх төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Ингээд М.Энхболдын хувь заяа Ц.Зоригтын гарт ирж байна.
Холбоотой мэдээ