Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний зохион байгуулж байгаа. Үндэсний лигийн тэргүүн хэсэгт зургаан баг, харин дэд хэсэгт найман баг өрсөлдөж байна. Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж буй лигийн тэмцээний тоглолтын мэдээллийг хүргэе. Өчигдөр болсон тоглолтод Сүхбаатар, Өвөрхангайн багууд ээлжит хожлоо авсан байна.
СҮХБААТАР БАГ УЛИРЛЫН ХОЁР ДАХЬ ХОЖЛОО АВЛАА
З.Баясгалан эзэнтэй “Сүхбаатар Альянс тех” болон А.Энхбаатар эзэнтэй Хэнтий аймгийн багууд эхний тоглолтыг хийлээ. Тоглолтын эхнээс “Сүхбаатар Альянс тех” оноогоор илүүрхэж 115-72 онооны харьцаатай хожлоо. Тус тоглолтын гуравдугаар үед Хэнтий аймаг оноог бага зэрэг ойртуулсан гүйцэж чадаагүй юм. Энэ тоглолтод Сүхбаатар аймаг хурдан довтолгоогоор эсрэг багаасаа 19 оноог илүү авсан байна. Мөн хамгийн ихдээ 43 онооны тэргүүллийг Сүхбаатар аймаг авлаа. Энэхүү тоглолтод Б.Золбаяр 21 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Отгонтөгс, Б.Батзолбоо нар 19 оноог авлаа. Харин эсрэг багаас Б.Эрдэнэболор 16 оноогоор багаа манлайлжээ.
ӨВӨРХАНГАЙ ТЭНҮҮН ӨЛЗИЙ ГУРАВ ДАХЬ ЯЛАЛТАА АВЛАА
Үндэсний лигийн шилдэг багуудын нэг “Өвөрхангай Тэнүүн Өлзий” баг улирлын дөрөв дэх тоглолтоо “Баянхонгор Мазаалай” багийн эсрэг хийлээ. Тоглолтын эхний үеэс л хоёр баг тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, эхний хагас 41-40 онооны харьцаагаар “Мазаалай” баг нэг онооны илүүтэй өндөрлөв. Гэхдээ гуравдугаар үед Өвөрхангайн баг гайхалтай байж 16 оноог илүү авч 70-55-аар тэргүүлсэн. Улмаар шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Баянхонгор Мазаалай” баг оноог ойртуулсан ч илүү гарч чадалгүй явсаар 83-90 харьцаатай хожигдол хүлээлээ. Тус тоглолтод ОУХМ Д.Дэлгэрням 28 оноо, 14 самбар авч гайхалтай байлаа.
Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээн Даваа, Лхагва, Бямба гаригуудад Үйлдвэрчний эвлэлийн спортын төв ордонд болж байна.
Холбоотой мэдээ