Улаанбаатар гамшигт тэсвэртэй хот болоход 385 мянган доллар зарцуулна

Хуучирсан мэдээ: 2018.12.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатар гамшигт тэсвэртэй хот болоход 385 мянган доллар зарцуулна

Улаанбаатар гамшигт тэсвэртэй хот болоход 385 мянган доллар зарцуулна

Улаанбаатар хот газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхтэй бүсэд оршдог. Хот орчмын Авдар уул, Эмээлт, Гүнжийн ам, Хустайн нуруу, Мөнгөнморьт сум гэсэн зургаан бүс нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд тооцогддог бөгөөд 6.5-8.5 баллын газар хөдлөлт болох өндөр магадлалтай аж. Хэрэв хотоос 280 км-ийн зайд газар хөдлөлт болбол 10 секундийн дараа Улаанбаатарт чичирхийлэл нь мэдрэгдэх, улмаар болзошгүй эрсдэл гарах магадлал маш өндөр аж. Сүүлийн жилүүдэд газар хөдлөлт ихэсч, гамшгийн эрсдэл нь хоёр дахин нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогдсон байдаг.

Өнгөрсөн онд гэхэд 2.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 77 удаа болсны 21 нь суурин газруудад тохиолджээ. Тэгвэл энэ жил Улаанбаатарт газар хөдлөлтийн шинэ хагарал бүртгэгдсэн нь хотын дундуур дайран өнгөрч буйг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж буй юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд явуулсан шалгалтаар нийт барилгын 10.5 хувь ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болохыг тогтоосон байдаг. Өнөөдрийн байдлаар ийм барилга нийслэлд 234 бий. Эдгээрийг нийслэлээс буулгах, дахин төлөвлөлтөд оруулах, зарим тохиолдолд хүчитгэх арга хэмжээ авч буй. Тэгвэл  болзошгүй эрсдэл, аюул гамшигийн үед иргэн өөрөө хүнд нөхцөл байдлыг давж гарах нь нийт эрсдэлийн 90 хувь байдаг аж. Өөрөөр хэлбэл, хувь хүн осол, гамшгийн үед онцгой байдлын аврагчдад найдахаас илүү өөрийгөө болон гэр бүлээ аварч хамгаалах нь чухал. Тиймээс   болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд иргэд мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал  гэдгийг холбогдох албаны хүмүүс онцолж байна. Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар,  Дэлхийн зөн байгууллагатай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжихдээ газар хөдлөлт, зуд, байгалийн гамшгаас иргэдийг урьдчилан сэргийлэхэд сургалтад хамруулах, хамтарч ажиллах чиглэлээр хэрэгжих аж. Хамгийн гол нь хороодын ажилтнуудыг мэргэшүүлж, дадлагажуулах шаардлагатай гэнэ.

"ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТУУД" ТӨСӨЛ 385 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨВТЭЙ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.БАЯРХҮҮ: 

-Энэ төсөл нь нийт 385 мянган ам.долларын хөрөнгөөр хэрэгжиж байна.  Улаанбаатар хот  гамшигт тэсвэртэй, тэвчиж чаддаг хот болох ёстой. Газар хөдлөлтийн үед Улаанбаатар хотод эрсдэл үүсэхэд өөрсдийгөө болон ард иргэдээ, барилга байгууламжийг хамгаалах, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, эрсдэл үүсвэл өөрийгөө яаж хамгаалах вэ зэрэг асар том асуудал үүсч байгаа тул бид энэ төсөлд ач холбогдол өгч байгаа юм. Бодит байдал дээр хувь хүн л гамшигаас өөрийгөө хамгаалах арга арга хэмжээг авна. Сүүлийн жилүүдэд гамшгаас урьдчилан сэргийлэх тал дээр иргэдийн хандлага, харах өнцөг өөр болж байна. Өмнө нь сургалт зохион байгуулахад иргэд шоолж инээх, ёс төдий гарч ирэх байдлаар ханддаг байсан.

Иргэд байгалийн гамшиг, болзошгүй эрсдэл биднээс хол байна гэж бодож болохгүй. Эрсдэлийн түвшин нэмэгдэж, аюул ойрхон байгаа. Улаанбаатарт газар хөдлөлтийн чичирхийлэл жилээс жилд нэмэгдсээр байна. Тиймээс иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, сургалтад хамруулах нь чухал юм.

Газар хөдлөлт яг хэзээ болох вэ гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн байх ёстой аж. Айл бүрт гамшгийн үед хэрэглэгдэх 15 зүйл үүргэвчинд байх ёстой аж. Үүнд бичиг баримт, эмийн сан, удаан хугацаанд хадгалж болох гурав хоногийн хүнс, хүлээн авагч /радио/, гар чийдэн, сонин, гялгар уут зэргийг хийж, гэр, орондоо бэлэн байлгах хэрэгтэй юм байна.

ОСОЛ ГАРСАН ҮЕД 70-90 ХУВЬД ИРГЭД ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛДАГ

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Н.НЯМХОРЛОО: 

-Онцгой байдлын газраас гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх тал дээр тодорхой ажлуудыг зохион байгуулдаг.  Энэ жил нийслэлийн хэмжээнд иргэдэд чиглэсэн 218 сургалт зохион байгуулж 160 иргэн хамрагдсан. Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд чухал хувь нэмэртэй. Хэдийгээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулдаг ч осол гарсан үед 70-90 хувьд иргэд өөрсдийгөө аварч, хамгаалдаг. Иймд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, анхан шатны мэдлэг олгоход иргэдэд чиглэсэн ажлыг зохион байгуулж байна. Бидний зүгээс иргэд, аж ахуй нэгж байгууллагад ил задгай гал тавихгүй байх, хог хаяхгүй байх тал дээр хяналт тавьж ажилладаг. Нийслэлийн хэмжээнд 3000 орчим гамшиг ослын дуудлага ирдэг. Үүний 80-90 хувийг гал түймэр эзэлдэг. Өвлийн улиралд гарч буй түймрийн 40 орчим хувийг ил задгай хогийн цэгүүдэд гарсан байдаг. Түймэр гарч байгаа шалтгааны дийлэнх нь иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй.

Онцгой байдлын ерөнхий газар болон Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран нийт 385 мянган ам.долларын хөрөнгөөр нийслэлчүүдийг гамшгаас хамгаалах, газар хөдлөлтийн үед өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар сургалт, сурталчилгаа бусад зүйл зарцуулах нь. Гэхдээ ийм хэмжээний мөнгө зарцуулж, олон арга хэмжээ авсан ч эцсийн дүндээ иргэд, хувь хүн өөр өөрсдийгөө хамгаална гэдгийг энд онцолсныг тодотгоё. Угтаа бол ийм хэмжээний мөнгөөр гамшигт тэсвэртэй хот болоход, тэсвэргүй барилга орон сууцдаа засвар, шинэчлэл хийх, эсвэл газар хөдлөлтийг эрт илрүүлэх техник, технологи гэх мэт зүйлст зарцуулсан илүү үр дүнтэй байх байсан болов уу. Нэгэнт л газар хөдлөлтийн үед иргэд амь амиа бодож, өөрсдийгөө л хамгаалах юм бол ийм хэмжээний мөнгийг үр ашиггүй зарцуулмааргүй л санагдах.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж