Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтаж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Утга Урлагийн холбооны төлөөлөгчид Монголын хөгжмийн зохиолчдын холбооны урилгаар 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод айлчлан ирээд байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Утга Урлагийн холбооны дэд тэргүүлэгч Бао Ин Шан, Өвөр Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэд тэргүүлэгч, хөгжмийн зохиолч Ван Яа Жүнь, Өвөр Монголын Үндэстний Урлагийн Хүрээлэнгийн уран бүтээлийн төвийн хөгжмийн зохиолч С.Энхбаяр, Өвөр Монголын Радио Телевизийн хөгжмийн зохиолч Гүэ Зи Жи, Өвөр Монголын Радио Телевизийн яруу найрагч Н.Насан, Өвөр Монголын Радио Телевизийн дээд зэргийн найруулагч, Одон сувгийн дэд захирал яруу найрагч Б.Цогжилт зэрэг хөгжмийн зохиолч, яруу найрагчид хүрэлцэн ирсэн юм. Эдгээр уран бүтээлчдийг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа.
Уг уулзалт ярилцлагад Монгол талаас Соёл, урлагийн газрын Урлаг уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч УГЗ, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, Ардын жүжигчин Д.Ухнаа, УГЗ Хөгжмийн зохиолч Ж.Шараа, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Чингис хаан хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан тэргүүтэй уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид оролцож ирэх онд хамтарч ажиллах уран бүтээл, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Эх сурвалж: СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР