Уулын цанын дэлхийн цомын 2018-2019 оны улирлын ээлжит гараа энэ өдрүүдэд үргэлжилж байна. Эмэгтэй цаначид Итали улсын зүүн хойд нутгийн Валь-Гардена цанын баазад доунхилл болон супер-жи төрөлд өрсөлдөв. Эхний өдөр доунхилл төрлийн уралдаан явагдсан бөгөөд ердөө 46 тамирчин өрсөлдөж Словени улсын тамирчин И.Штухец 1 мин 22.81 сек-н амжилтаар тэргүүлжээ. 28 настай Словени тамирчин өнгөрсөн улирал бэртлийн улмаас өнжөөд байсан бол энэ жил ийнхүү улирлын анхны түрүүгээ хүртэж байгаа нь энэ ажээ. Доунхилл төрөл бол И.Штухецийн үндсэн төрөл бөгөөд 2017 онд энэ төрөлдөө дэлхийн аварга цолыг хүртэж, 2016-2017 оны дэлхийн цомд мөн энэ төрөлдөө нийлбэр дүнгээр тэргүүлж байсан. Ийм түүний хувьд энэ улиралд анх удаагаа тэргүүн байр хүртэж байгаа ч хүчтэй өрсөлдөгч гэдгээ батлан харуулж байна. Харин түүнтэй хамт шагналын тавцан дээр гарсан Н.Делаго карьерын анхны, Р.Зибенхофер карьерынхаа 2 дахь шагналын тавцан дээр гарч байна.
ЭМЭГТЭЙ ДОУНХИЛЛ ТӨРЛИЙН МЕДАЛИЙН ЭЗЭД:
- И.Штухец (Словени) – 1 мин 22.81 сек
- Н.Делаго (Итали) – +0.14 сек
- Р.Зибенхофер (Австри) – +0.51 сек
Словени бүсгүйн ялалт үүгээр дууссангүй. Италид хуваарь ёсоор доунхилл болон супер-жи төрлийн уралдаан явагдах хуваарьтай байсан бөгөөд доунхилл төрөлд тэргүүлсэн И.Штухец мөн супер-жи төрөлд шилдэг нь байж тэргүүлсэн байна. Супер-жи төрөл нь доунхилл төрөлтэй адил хурд шаарддаг бөгөөд энэ төрөлд Швейцарын Л.Гут, Германы В.Ребенсбург, Лихтенштейний Т.Вайратер болон Австрийн Н.Шмидхофер нарын шилдгүүд өрсөлдсөн. Эдгээр томчуудаас Н.Шмидхофер болон Т.Вайратер нар энэ төрөлдөө өндөр амжилт үзүүлдэг тамирчид юм. Ийм хүчтэй өрсөлдөгч нартай уралдсан И.Штухец 1 мин 31.87 сек-н амжилтаар тэргүүлсэн бол Т.Вайратер болон Н.Шмидхофер тэргүүлэгчээс 0.05 сек-н алдагдалтай яг ижил цагийн амжилтаар дэд байранд орцгоосон байна.
ЭМЭГТЭЙ СУПЕР-ЖИ ТӨРЛИЙН МЕДАЛИЙН ЭЗЭД:
- И.Штухец (Словени) – 1 мин 31.87 сек
- Т.Вайратер (Лихтенштейн), Н.Шмидхофер (Австри) – +0.05 сек
Эмэгтэй цаначид Италид 2 төрөлд өрсөлдсөн бол Австрид эрэгтэйчүүд цуглараад байна. Австри улсын баруун нутгийн Зальбах-Хинтерглеммд эрчүүд жиант слалом болон слалом төрөлд медалийн эздээ тодруулах хуваарьтай. Өчигдөр буюу эхний өдөр жиант слалом төрлийн уралдаан болж Словени улсын 26 настай тамирчин Ж.Краньец 2 гүйцэтгэлийн нийлбэр дүнгээр 2 мин 50.08 сек-н амжилт үзүүлэн карьерынхаа анхны түрүү байр хүртэв. Тус гараанд нийт 70 гаруй тамирчин нэрээ өгсөн боловч 2 дахь гүйцэтгэлд ердөө 23 тамирчин өрсөлдсөн бөгөөд Австрийн М.Хиршер 6, Францын А.Пентюро 7-р байранд орсон байна.
ЭРЭГТЭЙ ЖИАНТ СЛАЛОМ ТӨРЛИЙН МЕДАЛИЙН ЭЗЭД:
- Ж.Краньец (Словени) – 2 мин 50.08 сек
- Л.Майер (Швейцар) – +0.19 сек
- М.Февр (Франц) – +0.50 сек
Ийнхүү эрэгтэй төрөлд медалийн тавцанд гарсан тамирчид анхны алт болон анхны медалиудаа энгэртээ зүүж байгаа нь энэ ажээ. Өнөөдөр эрэгтэй тамирчид слалом төрөлд ээлжит шилдгүүдээ тодруулна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ