Усан спортын шилдэг тамирчдын нэг 23 настай Америк бүсгүй М.Франклин өнгөрсөн лхагва гарагт их спортоо орхиж буйгаа албан ёсоор зарлалаа. Мисси Франклин 2016 оны 4 сараас хойш мөрний бэртэлтэй байсан.
М.Франклин 2012 оны Лондонгийн олимпийн наадамд гялалзсан одуудын нэг байсан бөгөөд араар даллах төрлийн 100 болон 200 метрийн зайд алтан медаль хүртсэн бол Нэгдсэн Улсынхаа шигшээ багийн хамтаар багийн холимог болон чөлөөт сэлэлтийн төрөлд багтан алтан медаль, 100 м-н буухиад хүрэл медаль хүртсэн. Мөн тэрээр багийн төрөл болон хувийн төрөлд хоёр ч рекордыг шинэчлэн тогтоосон. Харин Риогийн олимпийн наадамд шигшээ багийнхаа хамтаар 200 метрийн чөлөөт төрөлд алтан медаль авсан. Бэртэл гэмтэл түүнийг зовоож байсан ч олимпийн наадмаас 5 дахь алтан медалиа энгэртээ зүүж чадсан юм. Тэрээр Риогийн олимпийн наадмаас алтан медаль хүртсний дараа “агуу амжилт” хэмээн ярьж байжээ.
Ийнхүү дэлхийн спортын нэгэн шилдэг тамирчин их спортоо орхиж байна. М.Франклин өдгөө дөнгөж 23 настай боловч мөрний ужиг гэмтэл зовоохын зэрэгцээ, өдөр бүр өвдөх нь түүнд төвөгтэй байгаа ажээ. Одоо тэрээр сайн эхнэр, сайн ээж байхыг хичээнэ гэж ярьсан байна.
Б.БЯМБАБАЯР
Эх сурвалж: cbssports.com
Холбоотой мэдээ