Орон зай бүх юмны, харин цаг хугацаа бүх үйл явдлын хэмжүүр билээ. Цаг хугацаа, орон зай хоёрын огтлолцол дээр үндэсний түүх эхэлдэг жамтай. Энэ бол зүгээр нэг сайхан афоризм, уран үг биш.
Хэрэв Герман, Итали эсвэл Энэтхэгийн ард түмнүүдийн түүх судрыг судлан үзвэл тэдгээрийн мянган жилийн түүхэнд ул мөрөө үлдээсэн алдарт үйл явдал, гайхамшигтай ололтуудын олонх нь тухайн улс орнуудын одоогийн оршин амьдарч буй нутаг дэвсгэрээр хэмжигддэггүй байна. Жишээ нь, Эртний Рим бол одоогийн Итали биш, гэхдээ италичууд өнө эртний буурал түүх, угсаа гарвалаараа зүй ёсоор бахархдаг. Үүнтэй адил эртний гот болон өнөөдрийн Герман хоёр нэг ард түмэн биш, гэхдээ тэд Германы баялаг өв соёл, гайхамшигт түүхийн нэг хэсэг билээ. Олон угсаатны язгуур соёл бүхий Эртний Энэтхэг Жагарын орон болон өнөөдрийн Энэтхэгийг их түүхийн явц дунд тасралтгүй хөгжиж буй нэгдмэл нэгэн соёл иргэншил гэж ойлгож болно. Энэ бол түүхийн зүй тогтлыг дүгнэж цэгнэх зөв хандлага юм. Энэ чиг шугамыг баримталбал, бидэнд ч гэсэн өөрсдийн уг гарлыг зөв ухаарч, үндэснийхээ түүхийг гүнзгий эргэцүүлж, түүхийн ээдрээ зангилааг тайлах, түүнд хариулт өгөх боломж гарна. Казахстаны түүхийг ч гэсэн үйл явдлын хэсэг бусаг тасархайнуудаар бус одоогийн шинжлэх ухааны өндөрлөгөөс харж, үнэлж цэгнэж, цогцоор нь авч үзэх ёстой юм. Бидэнд шаардлагатай бүх эх сурвалж хангалттай байна.
Нэгдүгээрт, эртний төрт улсуудын анхны нэгдмэл хэлбэрүүдийн дийлэнх нь одоогийн Казахстаны нутаг дэвгэрт бий болсон байна. Тэдний оруулсан хувь нэмэр, өөрчлөлт нь казах үндэстний этногенезийг төлөвшүүлсэн нэгээхэн хэсэг нь билээ.
Хоёрдугаарт, бидний соёлын их ололтууд их тал нутагт харь холоос, гаднаас нэвтрэн ирээгүй, харин ч ихэнх тохиолдолд манай өргөн уудам их тал нутагт анх үүсэж бий болоод дараа нь Өрнөд болон Дорнод, Өмнөд болон Умард зүгт түгэн тархсан байна.
Гуравдугаарт, сүүлийн үед олдсон, илүүлсэн түүхэн олдворуудаар бидний өндөр өвгүүд тухайн цаг үед хамгийн шилдэг, хамгийн дэвшилт технологийг эзэмшиж байсан нь нотлогдож байна. Эдгээр хосгүй олдворууд Их талын даяар дэлхийн түүхэн дэх байр суурийг тодорхойлоход шинэ үзэл баримтлалаар хандах боломж олгож байна.
Тухайлан дурдваас, казахын зарим овог аймгуудын нэрийтгэл нь «казах» этноним бий болохоос хэдэн зуун жилийн өмнө оршиж байсан нь үндэсний түүхийг өмнө тоймлож байснаас хамаагүй өөр байдлаар үзэх боломжийг олгож байна.
Энэ баримт манай үндэсний түүхийн цар хүрээ маш өргөн болон гүн гүнзгий гэдгийг илэрхийлж байна. Евроцентризм үзэл нь скиф, сакууд, хүннүчүүд болон бусад эртний түрэг угсаатан аймгууд орчин үеийн манай үндэстэний угсаа гарвалын уг язгуур нь байсныг олж харах боломж олгоогүй билээ.
Басхүү Казахстаны түүх он удаан жил манай нутагт суурьшин амьдарч ирсэн угсаатны бүлгийн хувьд ч нийтлэг гэдгийг тэмдэглэх нь зарчмын хувьд чухал болно. Энэ нь өөр өөр угсаатны гарамгай төлөөлөгчид хувь нэмрээ оруулсан тул манай ард түмний түүх улам өргөн нэгдмэл цогц шинж чанартай болж байгаа билээ. Өнөөдөр бид өөрсдийнхөө түүхийг өөдрөг урам зоригтойгоор харж авч үзэх нь чухал юм. Гэхдээ ямарваа түүхэн үйл явдлыг шилэн сонгох юм уу, эсвэл улс төрийн аль нэг өнцгөөр тухайн байдалд тохируулан тайлбарлаж үл болно. Хар байваас цагаан байдаг нь жам ёс. Энэ хоёр өнгө нийлэхдээ хувь хүний болон бүхэл бүтэн ард түмний амьдралд давтагдашгүй өнгөний хослолыг үүсгэдэг билээ. Манай түүхэнд гал усны гашуун зовлон, эмгэнэлтэй үйл явдлууд, үхэл таригч дайн байлдаан, зөрчил зөрөлдөөн, нийгмийн хувьд аюултай туршилт, улс төрийн завхрал хэлмэгдүүлэл цөөн биш тохиолдсон юм. Бид эдгээрийг мартах ямар ч эрхгүй юм. Өөрсдийнхөө түүхийг олон талт, олон үзэгдэлт байгаа бодотоор нь хүлээн авах хэрэгтэй билээ.
Асуудлын амин гол нь бусад ард түмнийг дорд үзэн, үүх түүхийг нь үгүйсгэн өөрсдийгөө агуу болгохдоо биш юм. Хамгийн гол нь бид шинжлэх ухааны нотолгоотой эх сурвалжид тулгуурласан дэлхий нийтийн түүхэнд гүйцэтгэсэн манай үүрэг, хувь нэмрийг үнэн бодитойгоор, уужуу тайвнаар дүгнэж цэгнэх ёстой.
Их талын долоон гайхамшгийг толилуулъя.
І. ҮНДЭСНИЙ ТҮҮХЭН ДЭХ ОРОН ЗАЙ БА ЦАГ ХУГАЦАА
Казахстаны газар нутаг биет соёлын олон зүйлийг үүсгэсэн гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Одоогийн амьдралд шаардлагатай болсон гарцаагүй байгаа олон зүйлийг манай нутагт анх зохион бүтээжээ. Их талын эртний оршин суугчид техникийн шинэ шинэ бүтээлийг ертөнцөд нээн өгч, шинэ шинэ нээлтийг хийснийг өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн хүн ард ашигласаар байна. Казахуудын өндөр өвөг дээдэс Евразийн уудам дэлгэр нутагт улс төрийн болон эдийн засгийн явцыг орвонгоор нь эргүүлсэн удаа олон гарсан баримт өнө эртний судар бичгүүдэд хадгалагдсаар байна.
Морьтны соёл
Морь унах, адуу үржүүлэх, адуун соёлын эхлэл дэлхий нийтэд Их талаас анхлан үүдэн тархсан нь түүхэнд тодорхой билээ.
Манай эх орны хойд зүгийн нутагт энеолитийн үеийн соёлд хамаарах «Ботай» хэмээх эртний хүмүүсийн сууц бууринд явуулсан археологийн судалгаагаар хүн адууг Казахстаны нутагт анх гаршуулсан гэдгийг бүрэн нотолсон билээ.
Адууг анхлан гаршуулснаар манай өвөг дээдэс тухайн эрин үед бусдаас хэмжээлшгүй их давуутай болсон байна. Энэ үйл явц дэлхийн нийтийн хэмжээнд аж ахуй болон цэргийн урлагийн салбарт онцгой том хувьсгал болсон билээ.
Адууг гаршуулсан нь морь уналгааны соёлын эхлэлийг тавьсан билээ. Төмөр болд хөө хуягт илд жадаар бүрэн зэвсэглэсэн морьтон дайчин маань нүүдэлчдийн байгуулсан хүчирхэг гүрэнүүдийн түүхийн тавцнаа онцгойрон мандахын эхийг тавьсан бөгөөд эрин үеийнхээ өвөрмөц бэлгэ тэмдэг болж гарлаа.
Гартаа туг барьсан морьтон дайчны зураг хөрөг -баатарлаг эриний таних бэлгэ тэмдэг нь болсон билээ. Чухамдаа морьтон баатарын дүрслэл адуу, морийг унаанд хэрэглэх болсноор адуун соёл төлөвшсөн нүүдэлчдийн ертөнцийн «соёлын кодын» нэгэн салшгүй хэсэг нь болсон байна.
Автомашины хөдөлгүүрийн хүчин чадлыг одоо хүртэл морины хүчин чадлаар хэмжсээр байна. Энэ нь морьтон баатрууд дэлхийд ноёрхож байсан тэр аугаа их эринийг бэлгэдсэн эртний уламжлал мөнөөс мөн.
Эртний казахын нутгаас дэлхийд түгсэн технологийн аугаа хувьсалын үр шимийг хүн төрөлхтөн ХІХ зуун хүртэл ашиглаж ирсэнийг мартаж үл болно.
Орчин үеийн хувцасны суурь бүрэлдэхүүн хэсэг нь Их талын соёл иргэншлийн эрт үед хамаарна. Морь хөлөглөх соёл морьтон баатрын зүй зохист хувцыг бий болгов. Морь унахад дөхөм, чөлөөтэйг бодохдоо манай өвөг дээдэс хувцсыг дээд, доодоор ялгасан байна. Тийнхүү өмдний анхны загвар бүтээсэн байна.
Чингэснээр морьтон эрс морин дэлэн дээр чөлөөтэй байх, морьтой байлдан тулах үед хурдан шаламгай хөдлөх боломж бүрдэв. Их талын нүүдэлчид арьс, эсгий, ноос болон маалинга, таараар, мөн бөс давуугаар өмд оён өмсч байлаа. Хэдэн мянган жил улиран өнгөрсөн ч энэ хувцасны загвар төдий л өөрчлөгдсөнгүй. Учир нь археологийн олдвороос гарсан өмднүүд одоогийн загвартай адилхан дүйцэнэ. Басхүү одоогийн гутлын загварууд эртний нүүдэлчдийн морь унахдаа өмсөж байсан түрийтэй, өсгийтэй гуталуудаас улбаатай гэдэг нь тодорхой харагдана.
Талынхан унаж байгаа агт хүлгээ чөлөөтэй залж, тухтай явахын тулд өндөр эмээл, бас дөрөөг зохион бүтээжээ. Энэ шинэчлэлийн ачаар морьтон эмээл дээрээ бат сууж, бас хурдлан давхиж явахдаа нум сумаар мэргэн харван, илд жадаа оновчтой ашиглах бололцоотой болжээ.
Өвөг дээдэс маань морин дээрээсээ нум сумаар мэргэн харвах цэргийн эрдмийг төгс эзэмшиж хэвшүүлэв. Түүнтэй уялдаж нумны хэмжээ, бүтэц, хүчин чадал маш боловсронгуй болов. Ган зэвтэй өдтэй сумаар мэргэн харваач харвахад болд хуягийг хүртэл цоолж чаддаг байжээ.
Казахстаны нутагт амьдардаг түрэг овог аймгуудын бас нэгэн онцгой бүтээл нь байлдааны хурц зэвсэг – ган сэлэм билээ. Түүний шулуун бие нь басхүү хурц ир нь байлаа. Энэ зэвсэг маш их түгээмэл цэргийн зэвсэг болж чадлаа.
Хүн ба түүний унасан морь хоёрын хамгаалалтын хуягийг манай өвөг дээдэс анх ялтсаар хийж бүтээжээ. Ингэснээр Евразийн нүүдэлчдийн цэргийн урлагийн цоо шинэ дэвшил болсон иж бүрэн хуягтай хүнд морин цэрэг бий болсон байна. МЭӨ I зуунаас МЭ-ий I зуун хүртэлх үед хувьсан өөрчлөгдөж цэргийн онцгой төрөл урьд хожим байгаагүй-хуягт хүнд морин цэргийн давамгай байдал нь хадгалагдаж ирсэн байна. Энэ нь галт зэвсгийг бүтээж, нийтээр хэрэглэх болтол нүүдэлчдэд цэрэг зэвсгийн ер бусын давуутай талыг олгосоор байсан юм.
ИХ ТАЛЫН ЭРТНИЙ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР
Төмөрийг боловсруулах арга замыг олсон явдал түүхийн шинэ хуудасыг нээж, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг цоо шинэ түвшинд гаргалаа. Олон янзын төмөрийн хүдэрээр баялаг уурхайтай казахын тал нутаг төмөрлөгийн үйлдвэр бий болсон анхны нэгэн төв билээ. Өнө эртнээс Казахстаны Төв, Хойд ба Дорнод бүсүүдэд уул-уурхайн үйлдвэрлэл явуулах хүрэл, зэс, цайр, төмөр, мөнгө, алт хайлуулах нимгэн төмөр хийх голомт үүсч эхэлсэн байна.
Манай өвөг дээдэс шинэ, илүү бөх металлын үйлдвэрлэлийг хөгжүүлсэн нь, технологийн дэвшлийг хурдасгах боломжийг нээсэн юм. Төмрийн хүдрийг хайлуулах зуух, гоёл чимэглэлийн зүйл, ахуйн хэрэгсэл, зэр зэвсэг археологийн малтлагаар олдож байгаа нь үүнийг бэлхнээ харуулж байна. Эрт балар цагт манай нутагт байсан их талын соёл иргэншил технологийн өндөр хөгжилд хүрсэн байсан нь илт байна.
АМЬТНЫ ДҮРТ УРЛАГ
Бидний өвөг дээдэс хүрээлэн буй орчинтойгоо бүрнээ зохицон амьдарч, өөрсдийгөө байгалийн салшгүй нэгэн хэсэг гэж ойлгож байлаа. Ахуйн энэ гол зарчим нь Их талын ард түмнүүдийн ертөнцийг үзэх үзэл болон үнэт зүйлийг төлөвшүүлсэн байна. Казахстаны эртний оршин суугчид өөрийн гэсэн бичиг үсэг, домог-үлгэр тэргүүтэн дээд зэргийн соёлтой байжээ.
Тэдний өв соёлын тод махбод, уран сайхны онцлог, оюун сэтгэлгээний баялагийн тусгал нь «амьтны дүрт урлаг» гэж хэлж болно. Ан амьтны сэдэвт дүрслэлийг аж амьдралд өргөн хэрэглэж байсан нь хүн ба байгалийн харилцааны бэлгэ тэмдэг болж нүүдэлчдийн оюун санааны чиг баримжааг тодорхойлж байжээ.
Тэд араатны, ялангуяа муурын төрлийн зэрлэг амьтны зургийг их ашиглаж байлаа. Манай нутгийн амьтны аймгийн ховор бөгөөд нандин төлөөлөгч болох цаст уулын цагаан барсын дүрс тусгаар тогтносон Казахстаны бэлгэ тэмдгийн нэг болж байгаа нь санамсаргүй зүйл биш.
Чухам амьтны дүрт урлаг өвөг дээдсийн өндөр хөгжсөн үйлдвэрлэлийн онцгой туршлага байсныг илтгэн харуулна. Манай өвөг дээдэс уран сийлбэр, төмөртэй ажиллах уран дарханы арга, түүний дотор зэс, хүрэл хайлуулах, цутгах, алтаар ялтас хийх нарийн аргыг эзэмшиж байжээ. Бүхэлдээ амьтны хэв дүрст урлаг скифийн соёлын хүрээнд хамаарах дэлхий урлагийн өндрийн өндөр оргилын нэгэн билээ.
«АЛТАН ХҮН»
Казахстаны Иссык-ээс 1969 онд олдсон, урлаг судлаачдын зүгээс «Казахын Тутонхамон» гэж алдаршсан Скифийн үеийн дурсгал болох «Алтан хүн» дэлхийн шинжлэх ухаанд шуугиан тарьсан нээлт болж, манай ард түмний уг гарал үүслийг шинээр харж үзэх боломж олгосон юм.
Энэ дайчин түмэн нууцыг тайлахын үүдийг нээлээ. Манай өвөг дээдэс үнэхээр урлагийн бүтээлийг дээд түвшинд туурвиж байсан нь өнөөг хүртэл ухаан санаанд бахархал эрхгүй төрүүлсээр байна. Энэ баатрын алтан гоёл чимэглэл нь манай эртний дархачуул алтаар урлах эрдмийг төгс эзэмшсэн байсныг илтгэнэ. Басхүү Их талын соёл иргэншлийн хүч, гоо зүйг тусгасан баялаг домгийг бас нээн гаргалаа.
Их Талынхан удирдагч тэргүүнээ, жолоодогч нараа ингэж л дээдлэн хүндэтгэж , түүнийг наран мэт бурханы зиндаанд өргөмжилж байжээ. Энэ тахилын онгоноос гарсан чимэг гоёлын зүйлүүд манай өвөг дээдсийн оюун санааны баялаг уламжлалтай бүрэн танилцуулав. Баатар эрийн хажууд байсан мөнгөн аяган дээр сараачсан бичиг тэмдэг олдсон нь, Төв Азийн нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний бичгийн соёлын гайхамшигтай гэрч баримт юм.
ТҮРЭГИЙН ЕРТӨНЦИЙН АЛТАН ӨЛГИЙ
Казахуудын болон Евразийн бусад ард түмний түүхэнд цаст Алтай уул онцгой байртай. Энэ сүрлэг өндөр уулс ганцхан Казахстаны нутгийн титэм чимэг төдийгүй түрэг түмний алтан өлгий билээ. Яг энэ бүс нутагт манай эриний I мянганы дундуур Түрэгийн ертөнц мэндэлж, Их талын энгэрт шинэ эрин үе эхэлсэн билээ.
Түүх болон газарзүй нь түрэгийн төрт улсуудын болон нүүдэлчид байгуулсан талын их эзэнт гүрнүүдийн залгамжлалын онцгой хэв загварыг бий болголоо. Энэ улсууд урт удаан хугацаанд бие биеийн халааг ээлжлэн авч дундат зууны Казахстаны эдийн засаг, улс төр, соёлын амьдралд баларшгүй мөрөө үлдээсэн юм.
Түрэгүүд газар нутгийн зааг хязгаарт маш өргөн уудам зайг эзэгнэж, их тал нутагт нүүдлийн болон сууршин иргэншлийн хосломол хэв загварыг бий болгож урлаг, шинжлэх ухаан, дэлхийн худалдаа наймааны төв болсон дундат зууны алдартай хотуудыг цэцэглүүлэн хөгжүүлжээ. Жишээлбэл, дэлхийн соёл иргэншилд дорвитой хувь нэмрээ оруулсан агуу нэвтэрхий эрдэмтэн, их соён гэгээрүүлэгч Абу Насыр Аль-Фараби дундат зууны Отырар хотод мэндэлсэн бол, бүх түрэгийн ертөнцийн оюун санааны манлайлагч, суут багш, гэгээнтэн Кожа Ахмет Ясауи Түрэгстанд амьдарч, туурвиж байлаа.
ТОРГОНЫ ИХ ЗАМ
Манай орон газарзүйн хувьд маш онцлогтойн дээр ашигтай, тодруулж хэлэхэд Евразийн өргөн уудам нутгийн зүрхэнд байрлаж нэн эрт цагаас янз бүрийн улс орон болон соёл иргэншилүүдийн хооронд холбосон «холбоо сүлжээ» үүсэхэд тус дөхөм болжээ. Манай эриний заагаас эхлээд эдгээр хуурай зам нь Их Евразийн Дорно ба Өрнө, Умар ба Өмнөдийн хооронд худалдаа наймаа, соёлын харилцааны тив дамнасан сүлжээ болох Торгоны их зам болон бүрэлдсэн байна.
Энэ зам дэлхийн түвшинд бараа таваар солилцох, улс орнуудын хооронд оюуны талаар хамтран ажиллах талбар болсон байна.
Их талын ард түмэн балар эртний болон Дундад зууны үеийн худалдааны нэн чухал замын гол зууч болж, тээврийн гол судасны тасалдашгүй ажиллагааг, аюулгүй байдлыг хангаж ирсэн түүхтэй билээ. Их талын бүс Хятад, Энэтхэг, Перс, Газар Дундын тэнгис ба Славяны соёл иргэншлийг нягт холбож байжээ.
Анх үүсэн бий болсон цагаас эхлэн Их торгоны замын зураг голчлоод Түрэгийн эзэнт гүрнүүдийн хил хязгаарт багтаж байв. Дундад Евроазид түрэгүүд ноёрхож байх цагт Торгоны их зам цэцэглэлтийнхээ дээд туйлд хүрч, олон улсын хэмжээнд эдийн засаг хөгжих хийгээд соёл өрнөхөд их тус дэм болжээ.
КАЗАХСТАН АЛИМ БОЛОН АЛТАНЗУЛ ЦЭЦГИЙН ЭХ ОРОН
Цаст Алатау уулын хормой алим болон алтанзул цэцгийн «уугуул түүхэн нутаг» болох нь шинжлэх ухааны түвшинд нотлогдсон билээ. Энгийн бөгөөд даян дэлхийд ач холбогдолтой эдгээр ургамлууд эндээс дэлхий даяартаа тархажээ. Казахстан өнөөдөр ч гэсэн дэлхийн бүх алимны өвөг болох сиверс хэмээх алимыг хадгалагч хэвээрээ байна. Орчин үеийн хамгийн их дэлгэрсэн жимсний нэгийг манай нутаг дэлхийд бэлэглэсэн юм. Чухамхүү бидний мэддэг бүх алим төрөл зүйл нь уг гарвал үүслээрээ манай алимны төрлүүд л юм. Тэр нь Казахстаны Ил голын арын Алатау уулын хормойноос Их торгоны замын хуучин харгуйгаар Газар Дундын тэнгис хүрч, улмаар даян дэлхийгээр нэгэнтээ тархсан байна. Энэ алдартай жимсний буурал түүхийн бэлгэдэл болгон манай өмнө зүгийн нэгэн үзэсгэлэнт хотыг Алматы (Алимт) гэж эртнээс нэрийджээ.
Казахстаны Чуй, Ил голын сав нутгаар уулын хормойд Казахстаны ургамлын аймгийн сувд- Регель алтанзулыг эртнийх нь байдлаар үзэж болно. Энэ гайхамшигт цэцэг манай нутагт, говь цөл хийгээд Тэнгэр уулын өмнөх толгодын зурвасхан газар урганам билээ. Эгэл бөгөөд хөөрхөн энэ цэцэг Казахын нутгаас даян дэлхийд аажмаар тараад, өнгө үзэсгэлэнгээрээ олон олон ард түмний зүрх сэтгэлийг булаасаар байна.
Өнөөдөр дэлхийд алтанзулын гурван мянган төрөл зүйл байгаа бөгөөд тэдний дийлэнх нь манай тал нутгаас тархсан билээ. Одоо Казахстанд алтанзулын 35 зүйл ургадаг.
TҮҮХЭН ҮЗЭЛ САНААГ СЭРГЭЭН МАНДУУЛАХ НЬ
Хөндөгдсөн сэдвүүдийг ултай тунгаан, иж бүрэн шүүж, судлах хэрэгтэй болно. Энэ нь манай ард түмний ертөнцийг үзэх үзэл, өнгөрсөн ба өнөө, хойч ирээдүйн замналд хамаарах гүнзгий асуудал мөн.
Энэ ажлыг хэд хэдэн томоохон төсөл болгож хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна.
АРХИВ-2025
Тусгаар тогтнолоо олсон он жилүүдэд манай ард түмний өнгөрсөн түүхийг судлах талаар дорвитой ажлууд хийгдлээ. Улс орны өнгөрсөн түүхийн цагаан толбуудыг арилгах, өв соёлоо сэргээх талаар «Соёлын өв» хөтөлбөр амжилттай хэрэгжсэн билээ. Гэхдээ өвөг дээдсийн амьдрал, тэдгээрийн гайхамшигтай соёл иргэншлийн тухай ховор баримтууд одоо хүртэл эрдэм шинжилгээний эргэлтэнд хараахан ороогүй, дэлхийн өнцөг бүрт архивийн газарт өөрийгөө судлах эзнээ хүлээгээд байж байна.
Тийм учраас нэн эртнээс өнөөг дуустал үеийг гүйцэд хамаруулан эх орны болон гадаадын архивт байгаа баримтуудын суурь нухацтай судалгааг багтаах «Архив -2025» гэдэг долоон жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй.
Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд түүхч, архивч болон соёл судлагчдаас бүрэлдэсэн багийн эрлийн ажлыг эх орны болон гадаадын том архивүүдтэй системтэй хамтруулахад гол анхарлаа хандуулах нь зүйтэй.
Гэхдээ бүх талаар чухал энэ ажил энэ улсын төсвөөс санхүүждэг «академик жуулчлал» болох есгүй. Архивийн материалуудыг зөвхөн цуглуулж хадгалах бус сонирхосон судлаачид болон олон түмэнд хүртээмжтэй байлгахын тулд нэн даруй цахим хэлбэрт оруулах нь чухал.
Өөрийн түүхээрээ бахархаж, эх оронч үзэл төлөвшүүлэх үйл ажиллагаа сургуулийн ширээнээс эхлэх ёстой. Тийм учираас сургуул болон орон нутаг судлах музейнүүдийн дэргэд түүх-археологийн хөдөлгөөнүүдийг өрнүүлэх хэрэгтэй. Үндэсний түүхэн санааг сэргээх нь казахстанчуудыг өөрийнхөө уг үндсийг мэдэрч нэгдэсэн ойлголттой болгох ач холбогдолтой.
ИХ ТАЛЫН АЛДАР СУУТНУУД
Олон нийтийн ухамсарт түүхэн үйл явдлууд ерөнхийдөө алдартай хувь хүний амьдралаар төсөөлөгддөг. Ард түмэн алдарт жолоодогч, гарамгай жанжнуудыг магтан дуулдаг.
Жишээлбэл, эртний Тутанхамон, Кунз, Александр Македонский, Шекспир, Гете, Пушкин ба Джордж Вашингтон гэх мэт алдартанууд өнөө цагт эдгээр улсын маш үнэтэй “капитал” болж олон улсын тавцан дээр тэдгээр орнуудыг урагшлуулах хөшүүрэг болж байна.
Их тал нутаг Аль-Фараби ба Ясауи, Күлтэгин ба Бейбарыс, Аз-Тауке хаан ба Абылай хаан, Кенесары хаан ба Абай зэрэг олон суутануудыг төрүүлсэн билээ.
Тиймээс бид нэгдүгээрт түүхэнд гавьяа байгуулсан алдартнуудын нэрийг мөнхөлж, үйл хэргийг дурсахын тулд «Их талын аугаа алдартан» гэдэг сургалт-танин мэдэхүйн нэвтэрхий толь болохуйц цэцэрлэгт хүрээлэнг байгуулах шардалгатай.
Хоердугаарт, төр засгийн зүгээс тусгай захиалга өгч одоогийн уран зохиол, хөгжим, театр, дүрслэх урлагийн боломжийг ашиглаж эртний суут ухаантан, яруу найрагч, улс орныг манлай удирдагчдын цуврал дүрийг бүтээж галерей бий болгох ажлыг эхлэх нь чухал. Дашрамд хэлэхэд, энд зөвхөн сонгодог урлаг биш шинэ үеийн залуучуудын уран бүтээлийг бас ашиглах нь ач холбогдолтой. Тийм учираас энэ салбарт зөвхөн эх орны биш гадаадын урлагийн мастерууд болон бүтээлч хамт олныг оролцуулах нь зүйтэй.
Гуравдугаарт, манай улсын түүхийг өргөн цар хүрээтэй харсан «Их талын аугаа алдартан» гэдэг эрдэм шинжилгээний хялбарчилсан цувралыг бүтээж, түгээх ажлыг системчилж,эрчимжүүлэх шаардлагатай.
Энэ салбарт Казахстаны эрдэмтэд болон гадаадын мэргэжилтнүүдээс бүрэлдсэн олон улсын тусгай хамт олныг байгуулж болно. Үүний үр дүнд манай алдартануудын амьдрал үйл ажилгааг зөвхөн манай улсад биш гадаадад сурталчилж болно.
ТҮРЭГИЙН ЕРТӨНЦИЙН УГСАА ГАРАЛ
Казахстан бүх түрэг түмний алтан өлгий, ариун голомт билээ. Эндээс, манай казахын тал нутгаас түрэгийн овог аймаг, түрэг ард түмэн дэлхийн дөрвөн зүг найман зовхист одож, бусад улсын болон бүс нутгийн түүхэн үйл явцад дорвитой хувь нэмрээ оруулсан.
Үүнтэй уялдуулан , «Түрэг соёл иргэншил: өнө эртний уг гарлаас өнөө үеийг хүртэл» гэдэг төслийг хэрэгжүүлэх шаардлагатай юм. Энэ төслийн хүрээнд 2019 онд Астана хотод дэлхийн түрэг судлаач нарын их чуулганыг, бас түрэг гаралтай түмний соёлын өдрийг зохион байгуулж, түүнд оролцогч улсуудын музейн үзэсгэлэнд түрэгийн өв соёлын үзмэрүүдийг дэлгэн харуулах хэрэгтэй. Басхүү Википедиа нэвтэрхий толийн загварыг ашиглаж Казахстаны удирдлага санаачилгаар түрэг гаралтай ард түмнүүдийн бүтээлүүдийн нэгдмэл онлайн номын санг нээх нь чухал юм.
Шинэ мужийн төв Түрэгстаныг улам хөгжүүлж, олон улсын тавцан дээр баттай байр суурьтай болгох ажлыг тогтвортой гүйцэтгэх хэрэгтэй.
Казахстаны эртний нийслэл болох энэ хот манай ард түмний зөвхөн оюун санааны төв биш нийт түрэгийн ертөнцийн онгон дагшин шүтээн газар билээ.
4.Их талын эртний урлаг ба технологийн музей.
«Их тал» хэмээх эртний урлагийн болон технологийн музей нээх бидэнд өргөн боломж байна. Түүнд шилдэг урлаг болон технологийн бүтээгдэхүүний жишээ болох амьтны загварт урлагийн бүтээлүүд, «Алтан хүний» гоёл, адууг гаршуулсан үзмэр, төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой зүйлс, зэр-зэвсэг, хөө хуягийг хийх уран дарханы багажууд бас бусад олон үзмэрүүдийг цуглуулж болно. Энд Казахстаны нутаг дэвсгэрээс олдсон археологийн дурсгалууд болон археологийн тахилын онгонуудын дүрс сэлтийг дэлгэн харуулах болно. Эдгээр зүйлс түүхэн дэхь үе үеийн аж ахуйн хөгжлийн явцыг харуулна.
Басхүү «Их талын агуу соёл иргэншил» хэмээх түүхэн сэргэн мандалтын үндэсний клубыг байгуулж, түүнийг түшиглэж Астана ба Казахстаны бусад мужид эртний Скиф, Хүннү, Их түрэгийн гүрний гэх мэт сэдвүүдээр их наадам зохион байгуулж болно. Үүнийг сонирхогчдыг сонирхдог сэдвээр зохион байгуулж, тухай тухайн сэдэвт ажлыг зэрэг зохион байгуулж болно.
Эртний Отырар хотыг хэсэгчлэн сэргээх, байшин , гудамжуудыг, олон нийтийн газруудыг, вааран усны хоолой, хотын цайз болон хэрэмийг сэргээн засварлах талаар аялал жуулчилалын төсөл хэрэгжүүлбэл сонин байхсан. Энэ үндсэн дээр эрдэм мэдлэгийг сурталчилж, бас аялал жуулчилалыг хөгжүүлж болно.
ИХ ТАЛЫН АМАН ЗОХИОЛ БА ХӨГЖМИЙН УРЛАГИЙН МЯНГАН ЖИЛ
Энэ төслийн хүрээнд «Их талын аман зохиолын цоморлиг» хийж болно. Энд Их талын мянган жилийн соёлын өв болох үлгэр, дууль, домог, тууль гэх мэт ардын билиг зүйн шилдэг төрөл зүйлүүдийг түүвэрлэн оруулж болно.
Бас казахын хуур, домбор, цоор, сазсырнай (лавай) зэрэг уламжлалт хөгжмийн зэмсэгт зориулсан ардын язгуур урлагийн бүтээлүүдийг «Их талын эртний аялгуу» түүвэрт оруулж болно.
Их талын аман зохиол болон аялгуу орчин үеийн цахим хэлбэрт орж олны хүртээл болох ёстой. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд Их талын өвийг нэгэн тогтолцоонд оруулах төдийгүй ач холбогдлыг нь үнэлж чаддаг эх орны болон гадаадын мэргэжилтэнүүдийг татан оролцуулвал таарна.
Манай соёлын үндсэн өгүүлэмж, дүр болон сэдэвт хязгаар байхгүй тул тэр бүхнийг тогтолцоотой судалж Төв Еврази болон даян дэлхийд сурталчлах ёстой.
Аман болон хөгжмийн уламжлалыг орчин үежүүлэхэд одоогийн сонсогч нарт ойр бөгөөд ойлгогдохуйц хэлбэртэй байх нь чухал.
Тухайлбал, хуучин үгс болон уг эхэд зураг чимэг дагалдуулж, яруу дүрсматериалын хэлбэрт оруулбал ойлгомжтой болно. Хөгжмийн аялгууг биет хөгжмийн зэмсгээр төдийгүй орчин үеийн электрон хувилбараар гаргаж болно.
Бас аман зохиолын уламжлалын түүхийг харцуулан судлах үүднэс Казахстаны мужуудад болон гадаадад хээрийн шинжилгээний ангиудыг явуулж болно.
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ КИНО БОЛОН ТЕЛЕВИЗИЙН ДЭЛГЭЦЭНД
Өнөөгийн үзэгчдийн танин мэдэхүйд кино урлаг гол үүрэгтэй. Эрдэм шинжилгээний дорвитой нэг сэдэвт зохиол дахь баримтат хөргөөс илүүтэйгээр кино дэлгэцэнд гардаг хурц яруу дүр олны сэтгэлд шингэж өгдөг.
Тийм учраас Казахстаны соёл иргэншилийн тасралтгүй хөгжлийг тусган харуулсан баримтат болон телевизийн цуврал кино, уран сайхны олон ангит кино зохиолуудыг цаг алдалгүй үйлдвэрлэх хэрэгтэй.
Энэ төсөл олон улсын нягт хамтын ажилгаанд үндэслэгдэж, үүнд эх орны болон гадаадын шилдэг кино зохиолч, найруулагч, жүжигчин, продюсер ба бусад кино урлагийн мэргэжилтнүүдийг татан оролцуулах ёстой.
Түүнээс гадна өнөөдөр үзэгчдийн дунд эрэлттэй байгаа мелодрамм, уран зөгнөлийн болон адал явдлын сэдвийг өргөн ашиглаж, теле болон кино зохиолын төрөл зүйлийг дээд зэргээр өргөсгөх хэрэгтэй.
Энэ зорилгод Их талын домог, аман зохиолын хэрэглэгдэхүүнийг сайтар ашиглаж болно.
Хүүхдийн чанартай кино, үндэсний супер баатрыг бишрэх үзлийг төлөвшүүлэхүйц хүүхэлдэйн цуврал киногоор гачигдаж байгаа өсвөр насныхныг онцгой анхаармаар байна.
Манай алдарт баатарууд, суут сэтгэгч мэргэд, гарамгай жанжинууд зөвхөн Казахстанаар барахгүй дэлхий нийтийн даган дууриадаг үлгэр жишээ гавьяатнууд мөн.
ДҮГНЭЛТ
Хагас жилийн өмнө «Ирээдүйд хандах чиг: оюун санааны сэргэн мандалт» гэдэг өгүүлэл минь хэвлэгдэсэн билээ.
Та нарын анхааралд толилуулсан саяны төслүүд «Оюун санааны сэргэн мандалт» хөтөлбөрийн үргэлжлэл мөн.
«Оюун санааны сэргэн мандалт» үндэсний хөтөлбөрийн шинэ агуулга өвөг дээдсийн олон зууны өвийг чухалчлах боломжийг олгож, тоон мэдээллийн соёл иргэншлийн нөхцөлд түүнийг ойлгомжтой, хүртээмжтэй болгож байна.
Түүхээ мэддэг, үнэлдэг, түүгээр бахархдаг ард түмний ирээдүй аугаа их. Өнгөрсөн түүхээр бахархаж, өнөөгийн байдлаа бодитой үнэлж, алс ирээдүйдээ тэмүүлэлтэй байх нь манай улс орны ололт амжилтын баталгаа билээ.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ