2018 оны 12 дугаар сарын 12-ноос 15-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон улсад албан ёсны айлчлал хийж айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр оролцон ажилласан билээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын яам, Япон улсын Байгаль орчны яам хоорондын Байгаль орчны салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан.
Айлчлалын үер Монгол Улсын Байгаль орчин аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр Япон улсын Байгаль орчны Дэд сайд Минору Киучитай хоёр талт уулзалт хийж Дэд сайд Ц.Батбаяр хоёр талт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд энэ сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах хоёр улсын байгаль орчны салбарын бодлогын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцсон.
Харин өнөөдөр/2018.12.20/ Монгол-Япон улсын Байгаль орчны салбарын бодлогын зөвлөлийн 12-р уулзалт боллоо. 2007 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус уулзалтад БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсын Байгаль орчны дэд сайд Яасуо Такахаши болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ удаагийн уулзалтаар хоёр орны яам хоорондын байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийн дагуу уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох асуудал, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, аялал жуулчлал, байгаль хамгаалал, шар шороон болон элсэн шуурга, агаарын бохирдлын хяналт, байгаль орчны хамгаалах, сайжруулах зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.