2018 оны 10-р сарын 27-31-ний өдрүүдэд Сингапур улсад ILAC-IAF (Олон улсын Итгэмжлэлийн Форум-Олон улсын Лаборатори Итгэмжлэлийн Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын хамтарсан 23 дугаар Ерөнхий чуулган зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон албаны бусад төлөөлөгчид оролцсон бөгөөд 2018 оны 10-р сарын 21-31-ний өдрүүдэд IAF-ын 32 дугаар, ILAC-ын 22 дугаар Ерөнхий чуулган, техник хуралдаанууд, хоёр байгууллагын хамтарсан чуулган тус тус хуралдсан юм.
Хуралдааны явцад IAF-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн зөвлөлийн шийдвэрээр 2018 оны 3 дугаар сард СХЗГ-ыг тус байгууллагын гишүүн (IAF MoU member), 2018 оны 10 дугаар сард Олон талт хэлэлцээрт гарын үсэг зурсан гишүүн (IAF-ын MLA signatory) гэрчилгээнд гарын үсэг зурах ажиллагаа болсон юм.
Ингэснээр IAF-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн Зөвлөлийн хуралдаанаас үндэсний баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үр дүнг бүтээгдэхүүн, менежментийн тогтолцоо (чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал)-ны чиглэлээр хүлээн зөвшөөрүүллээ.
Тус газраас явуулж буй баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн хөтөлбөрийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрснөөр экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал зохих шаардлага хангасан, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагын менежментийн зохистой тогтолцоо олон улсын стандартад нийцсэнийг үнэлэх баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн чадавхи, тогтолцоо олон улсын шаардлага, жишигт нийцсэнийг гэрчилж, IAF-ын олон талт ХХЗХ-Харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ (MLA-Multi lateral Agreement)-т Бүтээгдэхүүн, менежментийн тогтолцоо (чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал)-ын баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр нийцсэнийг харуулж байна.
Өөрөөр хэлбэл, Монгол улсын Засгийн газраас СХЗГ-ыг Олон улсын итгэмжлэлийн форум (IAF)-д гишүүнээр элсэхийг зөвшөөрч гаргасан 2013 оны 5 сарын 30-ны өдрийн “Олон улсын байгууллагад гишүүнээр элсэх тухай” 196 дугаар тогтоол бүрэн хэрэгжлээ гэж ойлгож болох юм.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад Стандартчилал, тохирлын үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх, хэрэглэх, ашиглах механизмыг оновчтой болгохоор эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлогыг тодорхойлсон. Засгийн газраас дэвшүүлсэн энэхүү зорилтыг хэрэгжүүлэн, СХЗГ-аас үндэсний итгэмжлэлийн тогтолцоог олон улсын байгууллагаар үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ биеллээ олж байна.
Стандарт, хэмжил зүйн газар ба олон улсын итгэмжлэлийн байгууллагуудын хоорондох харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгахад чиглэсэн Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Түүнчлэн Монгол Улсын Шадарт сайдтай Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2018 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний холбогдох заалт бүрэн хэрэгжлээ.
Эх сурвалж: СТАНДАРТ, ХЭМЖИЛЗҮЙН ГАЗАР
Холбоотой мэдээ