ОХУ-ын 18 иргэн болон дөрвөн аж ахуйн нэгжид хориг тавих болсныг өчигдөр /2018.12.19/ АНУ-ын Сангийн яамнаас мэдээлжээ. Хориг арга хэмжээ авах болсон шалтгааныг нь “ОХУ олон улсын хэм хэмжээг удаа дараа зөрчсөн” хэмээн тайлбарласан байна.
Хориг арга хэмжээ авхуулсан 18 хүний 15 нь ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын албан хаагчид байсан бөгөөд тэднийг “АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцож, сонгуулийн дүнд нөлөөлөхийг оролдсон, олон улсын байгууллагад кибер халдлага хийхийг оролдсон хэмээн буруутгажээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Оросын дөрвөн тагнуулч Нидерландын Гааг хот дахь Химийн зэвсгийг хориглох байгууллагын төв байрны гадаанаас серверийг нь хакердах халдлага хийж байгаад баригдсан юм. Мөн Их Британид Оросын тагнуулч асныг хөнөөхийг завдсан хэргүүдэд АНУ-ын зүгээс Оросын зэвсэгт хүчнийхнийг буруутгаж байгаа юм. Эдгээр 15 хүнээс гадна АНУ-ын сонгуульд нөлөөлөхийг оролдсон хэрэгтэй холбоотой хүмүүс болон байгууллагуудад хориг тавьжээ.
Хориг арга хэмжээний хүрээнд тус хүмүүс болон байгууллагуудын АНУ дахь хөрөнгийг царцаах, АНУ-тай холбоотой өмчийн харилцаанд орохыг болон, АНУ-ын иргэдтэй банкны гүйлгээг харилцан хийхийг хориглох юм.
АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр тус улс өнөөг хүртэл ОХУ-ын 272 иргэн болон байгууллагуудад хориг тавиад байгаа аж. АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаас гадна “1987 оны дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн гэрээ”-тэй холбоотой асуудлаар хоёр улсын харилцаанд таагүй уур амьсгал бий болоод байгаа юм.
Эх сурвалж: Синьхуа
Холбоотой мэдээ