Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор өнөөдрөөс /2018.12.20/ эхлэн алт худалдан авах үнээ нэмлээ. Ингэснээр нэг грамм алтыг 106 мянган төгрөгөөр худалдан авч байгаа юм. Одоогоор Монголбанкинд 3.2 тэрбум ам.долларын гадаад валютын нөөц байгаа аж.
Монголбанк нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, хариуцлагатайгаар олдворлосон алтыг эх орондоо тушаахыг уриалж олон ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд алтны гарал үүслийг тодорхой болгох, гар аргаар олт олборлож байгаа хүмүүст хүрч ажиллах зэргээр олон ажил зохион байгуулсан. Үүний нэг хэлбэр нь, энэ жил Баянхонгор аймаг болон Дархан-Уул аймагт сорьцын лаборатори байгуулсан явдал юм. Монголбанк нь эдгээр лабораториас 160 орчим кг алт худалдан авчээ. Ингэснээр Монголбанк 2018 онд 21 тонн алт худалдан аваад байгаа юм.
Мөн Монголбанк болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хариуцлагатай уул уурхайг дэмжихийн тулд уран бүтээлийн уралдаан зарласан. Уралдаанд 31 нийтлэл, радиогийн хоёр, гэрэл зураг, телевизийн гурван бүтээл ирсэн байна. Үүнээс нэгдүгээр байр хоёрыг, тусгай байр дөрвийг шалгаруулсан юм. Нэгдүгээр байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Т.Энхбат, “25 дугаар суваг телевиз”-ийн сэтгүүлч нар шалгарсан юм.
Монголбанк хэр хэмжээний алт худалдан авснаас шалтгаалан гадаад валютын нөөц нэмэгдэнэ. Гэвч хэр хэмжээний алтыг хууль бусаар хил, гаалиар гаргаж, Монголбанканд тушаахгүй байгаа зэрэг судалгаа одоогоор байдаггүй. Гэхдээ хил, гаалиар гаргахыг завдсан гэх шалтгаанаар жилд 10 орчим кг алтыг хурааж, улсын орлого болгон Монголбанкинд хүргэдэг ажээ.