Хэвлэл мэдээллийн байгууллагууд МАН-ын Бага хурлыг сурвалжлах эрхээ эдэлж чадаагүй, ард түмэнд тэнцвэртэй мэдээлэл хүргэж чадаагүй учраас өнөөдөр /2018.12.20/ МАН-аас зарласан хэвлэлийн хурлыг сурвалжлахаас татгалзлаа. МАН-ын зүгээс Бага хурал зохион байгуулсан Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдийг нэвтрүүлээгүй, хаалттай хуралдааны мэдээлэл түгээхдээ хэт нэг талыг баримталсан мэдээлэл түгээсэн зэргийг нь ийнхүү эсэргүүцсэн юм.
МАН-аас өчигдөр болсон Бага хурлынхаа талаар мэдээлэл хийхээр төлөвлөөд байсан юм. Гэвч хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд “Хаалттай хуралдааны мэдээллийг түгээхдээ ард түмний мэдэх эрхэд халдаж, хэт нэг талыг буюу намын даргынхаа талд ажилласан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, мэдээллийг түгээх сэтгүүлчдийг Тусгаар тогтнолын ордонд нэвтрүүлээгүй зэрэг үйл явдлыг нь эсэргүүцэж, ард түмний мэдэх эрхийг хамгаалж байгаа"-гаа илэрхийллээ. Сэтгүүлчдийн зүгээс МАН-ын хэвлэл мэдээллийн алба болон удирдлагуудад хандан мэдээллийг тэнцвэртэй хүргэх, хэт нэг талыг барьсан мэдээлэл дамжуулахгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн боловч МАН-ынхан хүлээж аваагүй юм. Тиймээс иргэдийн мэдэх эрхийг хүндэтгэх үүднээс МАН-аас зарласан хэвлэлийн бага хурлыг дамжуулахгүй гэдгээ илэрхийлж, МАН-ын мэдээллийг нь дамжуулсангүй.
Энэ үеэр зарим хэвлэл мэлээлийн байгууллагын сэтгүүлчдийн төлөөллийн байр суурийг сонслоо.
Ш.ЧИМЭГ