МҮЭ: Засгийн газар нэмэгдэл олгохгүй бол ажил хаяна

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

МҮЭ: Засгийн газар нэмэгдэл олгохгүй бол ажил хаяна

МҮЭ: Засгийн газар нэмэгдэл олгохгүй бол ажил хаяна

Өнгөрсөн есдүгээр сард боловсролын салбарын ажилтнууд цалингаа нэмэгдүүлэхийн төлөө ажил хаяж, асуудал даамжирсны  эцэст  Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам /БСШУСЯ/ Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо багш ажилчдын цалинг 2018-2019 онд нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр байгуулсан билээ. Тодруулбал, 2018- 2019 онд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд 267 тэрбум төгрөгөөс доошгүйгээр эх үүсвэрт тусгаж хэрэгжүүлэхээр Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Улсын нэмэлт хэлэлцээрт тохиролцсон юм. Тэгвэл хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах албан чиглэлийг БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа нь аймаг нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн ч сангийн яамнаас захиран зарцуулах эрхийг өгөхгүй байгаагаас  дээрх шийдвэр хэрэгжихгүй байсаар өдийг хүрсэн талаар өнөөдөр /2018.12.20/ багш, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл мэдээлэл хийлээ.


2019 ОНД ДАХИН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны  дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны  дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Боловсролын яам дээр очихоор бүх  төсвөө  хуваарилсан гэж ярьдаг. Хэдхэн өдрийн  дараа төрийн сан хаалаа. Аягүй бол он дамнаж цалингийн  нэмэгдлийн асуудлыг шийдэхгүй гэж хаях гэж байгаа байх.

Надад аймгуудаас ирсэн мэдээлэл байна. Цалингийн нэмэгдэл бүрэн олгогдсон  ганц ч аймаг алга. 2019 онд дахин ажил хаялт зарлахыг үгүйсгэхгүй. Шинжлэх ухааны ажилтнуудын цалингийн  нэмэгдлийг өнөө маргаашгүй нэн яаралтай олго. Энэ асуудалд үнэхээр  хариуцлагагүй хандаж байна. Өнөөдөр Сангийн яам, БСШУСЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны  /ХНХЯ/  гурван сайдыг Ерөнхий сайд дуудаж уулзан өнөөдрийн  дотор дээрх асуудалд тодорхой  хариу өгөхийг шаардаж байна.

Ер нь Засгийн газартай  гэрээ хэлэлцээр хийхэд үнэхээр хүнд  болсон. Хугацаа хождог, яг хэрэгжиж эхлэх үед мөнгөгүй гээд толгойгоо гэдийлгэчихдэг.  Гэтэл  70-80 мянган хүний арван тэрбум төгрөгийн  нэмэлт эх үүсвэр байгаа юм.   БСШУСЯ  нь  “Цалингийн  нэмэгдлийн эх үүсвэрийг шийдсэн. Сангийн яам шилжүүлэхгүй байна” гэдэг бүр цаашлаад ярихад  Сангийн сайд болон БСШУСЯ-ны сайд хоёрын хоорондын үл ойлголцлоос болж цалин нэмэх асуудал  шийдэгдэхгүй байгаа гэсэн яриа бий.  Боловсролын салбарын ноён оргил гэж нэрлэгддэг  шинжлэх ухааны салбарыг гадуурхаж шоовдорлож  хаяснаас болж өнөөдөр олон  мянган эрдэмтэд эх орондоо ажиллах хүсэлгүй болж байна” гэв.

АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГГҮЙ ХҮМҮҮСЭЭС БОЛЖ МОНГОЛД ХАРИУЦЛАГЫН ЗУД НҮҮРЛЭЧИХЖЭЭ

Шинжлэх  ухааны байгууллагуудын үйлдвэрчний  эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан

Шинжлэх  ухааны байгууллагуудын үйлдвэрчний  эвлэлийн нэгдсэн хорооны дарга Т.Баясгалан “2018 оны есдүгээр сарын 14-ны өдөр БСШУСЯ, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн   холбоо, Сангийн яам, ХНХЯ,  Засгийн газраас томилогдсон эрх  бүхий хүмүүсийн гаргасан санал хүсэлтийг үндэслэн зургаан зүйлд нэмэлт хэлэлцээр байгуулсан.  Тус  хэлэлцээрийн нэгдүгээр заалтад зааснаар  2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эрдэм шинжилгээний ажилтан болон нийт багш ажилчдын цалинг долоон хувиар нэмэгдүүлэхээр тохиролцсон.  Хэлэлцээрийн биелэлт дөрвөн сарын турш хэрэгжсэнгүй. Багш нарын  ихэнх нь  нэмэгдэл авч чадаагүй. Хөдөө орон нутагт ч тэр нэмэгдэл цалин авсан хүн байхгүй. Шинжлэх ухааны салбарынханд энэ нэмэгдэл огт олгогдоогүй.

Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд бид юу хийсэн бэ  гэхээр хэлэлцээрийг хэрэгжүүлэх гэж холбогдох байгууллагуудын хооронд хөлөө эцтэл явлаа. Горьдож итгэж шаардаж гуйж явлаа. Монголын төр засаг хоорондоо тэмцээд байхаас биш жирийн албан хаагчдын амьдрал ахуйг өөд нь татъя хийсэн гэрээ хэлэлцээрээ биелүүлье, нийгмээ амгалан тайван байлгая гэдэг  талаар огт санаа тавихаа байсан юм байна. Ер нь нийгэмд гэрээ хэлэлцээрийн соёл гэж огт байхгүй болж. Үйлдвэрчний эвлэлийн зүгээс эцсээ хүртэл гэрээ хэлэлцээрийн түвшинд шийдье гэж бодсон болов ч яамнууд бие бие рүү гээ асуудлыг чихсээр байгаад өнөөдрийг хүргэчихсэн.

Шинжлэх ухааны салбарын хувьд  2018 онд 279 сая төгрөгийн асуудлыг шийдэж чадахгүй байна.  Өчигдрөөс эхлээд Сангийн яамны гадаа шинжлэх ухааны салбарынхан  өглөө 10-12 цагийн хооронд жагсаал хийж байгаа. Өнөөдөр  ч үргэлжилж байна.  Маргааш ч болно. Бид гэрээ хэлэлцээрт тохирсон зүйлээ л шаардаж байгаа. Түүнээс биш шинэ зүйлийг нэмж гаргаж төрд  дарамт учруулж улсын  төсвийг эвдэх зүйл шаардаагүй. Гэрээ  хэлэлцээрийг шаардахаас гадна албан тушаалтнуудаас хариуцлага нэхмээр байна. Тэд ажлаа хийж чадахгүй байгаагаас болж өдийд ийм байдал үүссэн. Үүнээс болж нийгэм хямарч байна. Ажлаа хийж чаддаггүй хүмүүсээс болж Монголд хариуцлагын зуд нүүрлэчихжээ.

Ерөнхий сайд үүнийгээ анхааралдаа аваач ээ. Битгий хүмүүсээ өмөөрөөч. Дуудаад уулзаач. Бид Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн. Хариу байхгүй. Сангийн яамд мөн шаардлагаа хүргүүлсэн.  Ер нь яам тамгын газарт явуулсан бичиг нэг мэргэжилтний сейфт ороод л гацчихдаг. Таг дарагдаад өнгөрдөг. Юу ярьж юу шийдвэрлүүлэх гэж байгаа  талаар огт судалдаггүй.

Өнөөдөр энэ асуудлын талаар  холбогдох яамны хүмүүс   нүүр нүүрээ харж суугаад асуудлаас гарах гарцыг олсон бол аль хэдийн асуудал шийдэгдчих байсан юм шүү. Асуудал шийдэгдэхгүй бол шинэ жилийн өдөр талбай дээр суулт зарлаж ч магадгүй” гэдгийг анхааруулав.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж