БНСУ-д хууль бусаар амьдарч байсан Шри Ланка улсын иргэн Нимал тус улсад урт хугацаагаар амьдрахаар болжээ. Хууль зүйн яамнаас иргэн Нималын хүний амь насыг аварсан сайн үйлсэд талархаж, ийм шийдвэр гаргасан байна.
Нимал 2018 оны хоёрдугаар сард ойролцоо амьдарч байсан айлын гэрт гал гарахад 90 настай солонгос эмгэнийг галын аюулаас аварч өөрөө хоёрдугаар зэргийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдэж байжээ. Тэгү хотын Гадаадын иргэд харьяатын албаас түүний эмчилгээний төлбөрийг гаргаж байсан байна.
Шри Ланка улсын иргэн Нимал 2013 онд БНСУ-д үйлдвэрт гэрээний ажилтанаар ирж, 2016 онд хугацаа нь дуусаж эх орондоо буцах байсан ч хууль бусаар амьдарч эхэлжээ. Гэхдээ эр зориг гарган хүний насыг хамгаалж чадсанд нь талархаж, БНСУ-д урт хугацаагаар амьдрах виз олгож Мягмар гаригт /2018.12.18/ Тэгү хотод гардуулан өгсөн байна.
Эх сурвалж: https://news.naver.com