Дэлхийн ихэнх улс орнууд ус хэрэглээнийхээ 80 орчим хувийг гадаргын усны эх үүсвэрээс хангаж байна. Харин манай орны хувьд ус хангамжийн 10 орчим хувийг нь гадаргын ус эзэлдэг бөгөөд гадаргын усны хэрэглээний бүтцийг ерөнхийлөн авч үзвэл газар тариалан, бэлчээрийн мал аж ахуй, усан цахилгаан станц, уул уурхайн салбар голлон эзэлж байна.
“Газар, газрын ус нэг, нэгийгээ харахаараа баярладаг” гэсэн утга төгөлдөр эртний үг бий. Гол, горхи эхэндээ өчүүхэн жижиг дуслаас бүрэлдэн тогтож, төд удалгүй өөр хоорондоо нэгдэн нийлж, түмэн саад бэрхшээлийг даван туулахын зэрэгцээ шингэж, ууршиж, үй олон бодисыг өөртөө уусган байгалийн хатуу шалгуураар гулдралаа олж, хүчээ аван урссанаар сая ариун тунгалаг гол, мөрөн болж, алс холыг бидэртэн зорьж, бидний нүдийг баясган сэтгэл, биеийг ариусгадаг билээ. Ус бол өнөөг хүртэл нууц нь төгс тайлагдаагүй, физик-химийн олон шинж чанартай гайхамшигт шингэн юм.
Гадаргын ус өөрийн гэсэн онцлог, зүй тогтолтой байдаг. Манай орны нийт усны нөөцийн 98.1 хувийг гадаргын ус (нуур, мөнх цас, мөсөн гол, гол мөрний ус) эзэлдэг бөгөөд нөөц нь 554 сая м3/жил, түүнээс ашиглах боломжит нөөц 4.96 сая м3/жил байна. Хур тунадасны 10 орчим хувь нь гадаргын урсцыг үүсгэнэ. Гол, мөрний нөөц 34.6 сая м3/жил ба усны нөөц, жилд унах хур тунадасны хэмжээ, байгалийн бүс бүслүүрээс хамаарч нутаг дэвсгэрийн хэмжээнд харилцан адилгүй тархалт, хуваарилалттай байна.
Гадаргын ус харьцангуй богино хугацаанд нөхөн сэргэдэг онцлогтой ч бохирдох, хомсдох, ширгэх эрсдэлтэй. 2016 оны усны тооллогоор улсын хэмжээнд нийт 2245 нуур, тойром тоологдсоноос 376 нь ширгэсэн харамсалтай мэдээ бий.
Хотжилт, үйлдвэржилтийн ачаалал бага учир манай орны гадаргын ус цэвэр тунгалгаараа хилийн чанад руу урсдаг. Хилээс гадагш урсаж буй гол мөрний урсцын 60 гаруй хувь нь ОХУ руу, 10 орчим хувь нь БНХАУ-ын нутаг дэвсгэр рүү урсаж байна.
Уул уурхай усыг ихээхэн хэмжээгээр ашигладаг онцлог бүхий салбар, усгүйгээр уул уурхай ажиллах боломжгүй юм. Тоосжилт дарах, зүлэг, мод услах, тоног төхөөрөмжийн хөргөлт, угаалга цэвэрлэгээ, гал түймэр унтраах зэрэг ажлууд болон баяжуулах, боловсруулах технологи, унд-ахуйд усыг өргөнөөр ашиглаж, хэрэглэдэг. Энэ салбарт гол мөрөн дээр урсцын тохируулга хийж, алс зайд дамжуулан ашиглах, хур бороо, цасны ус хуримтлуулан тогтоох, саарал усыг гүн цэвэршүүлж, эргүүлэн ашиглах шаардлага тулгарч байна. Судалгаагаар уул уурхайн ус хэрэглээний 6.9 хувийг гадаргын ус эзэлж байна.
Гадаргын усыг уул уурхайн салбарт ашиглах эрх зүйн орчин Монголд бүрдсэн гэж үзэх үндэслэл бий. Гадаргын усыг ашиглах талаар гарсан тулгуур баримт бичгүүдээс дор дурдъя. Үүнд:
- УИХ-ын 2008 оны 12 тоот тогтоолоор баталсан “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын 5 дугаар тэргүүлэх чиглэлийн хүрээний стратегийн Зорилт 3-д: Гадаргын усны тодорхой хэсгийг аж ахуйн эргэлтэд оруулан арвижуулах замаар хүн ам, үйлдвэрлэлийн ус хангамжийг шийдвэрлэх;
- УИХ-ын 2010 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Ус” үндэсний хөтөлбөрийн 3.3.2-д: Орхон, Сэлэнгэ, Хэрлэн, Туул, Ховд, Булган, Халх, Онон, Эг, Хархираа, Түргэн, Шишхэд, Ерөө, Хараа, Тамир, Богдын голууд дээр урсцын тохируулга хийх, усан сан байгуулах, шилжүүлэн ашиглах боломжийн талаар судалгаа хийж, боломжтой газруудад зураг төсөл зохиох, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх;
- УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын 3.5.1.7-д: Гадаргын усны ашиглалтыг сайжруулах үүднээс томоохон гол, мөрөнд урсцын тохируулга хийж, бороо, цас, мөсний усыг хуримтлуулж нөөцлөх усан санг ууршил багатай, эрчим хүчний нөөц ихтэй бүс нутагт байгуулж, говь, тал хээрийн ууршил ихтэй бүсэд усыг нөөцлөх, дамжуулах далд систем барьж байгуулна;
- УИХ 2012 онд шинэчилж баталсан Усны тухай хуулийн: 4 дүгээр зүйл. Усны нөөцийн нэгдсэн менежмент;
- УИХ-ын 2014 оны 43 дугаар тогтоолоор баталсан “Ногоон хөгжлийн бодлого”-ын 3.2.11-д: Хур бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах санаачилга, гадаргын усны хуримтлал бий болгон ашиглах төсөл, газрын доорх усыг нөхөн сэргээх, нөөцийг нэмэгдүүлэх туршилт, судалгааг хөхүүлэн дэмжих;
- УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.1.4-т: “Эрдэс баялгийн салбар”: II үе шат (2021-2025 он): Ус хангамжийн найдвартай эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлж, уул уурхайн томоохон төслүүдийн үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг эзэмших;
- Засгийн газрын 2010 оны 151 тоот тогтоолоор баталсан “Өмнөд говийн дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн 3.1.3.3: Усны хэрэгцээг газрын доорх болон гадаргын усаар, хосолмол аргаар хангах бодлого барьж ирээдүйд өсөн нэмэгдэх усны хэрэгцээг “Хэрлэн-Говь” төслийг хэрэгжүүлж хангах хувилбар боловсруулж шийдвэрлэх;
- Засгийн газрын 2013 оны 389 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-ний 4.6-д: Боомт, усан сан байгуулах боломжит газруудад хайгуул, судалгаа хийж, ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулна;
- Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай” 88 дугаар тогтоол, хуралдааны 12 дугаар тэмдэглэлийн 2 дахь заалт: Өмнийн говьд шинээр баригдах Оюутолгойн баяжуулах үйлдвэр, Таван толгойн нүүрс угаах үйлдвэр, Таван толгойн цахилгаан станц болон Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх арга замын боломжит хувилбарыг Засгийн газарт оруулах;
- Засгийн газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолын 1-д: Өмнийн говьд байгуулагдах томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, дэд бүтцийн, бусад төслүүдийн ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх “Хэрлэн гол дээр урсцын тохируулга хийх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ажлыг шуурхай зохион байгуулах зэрэг болно.
Уурхайд ус зөөвөрлөн шороон ордын алтыг баяжуулах, цас борооны ус тогтоох гэх мэт шинэлэг ажлууд хийгдэж байгаа ч эхлэл төдий байна. Гадаргын ус ашиглах ажлын хүрээнд Хэрлэн гол дээр олон жилийн урсцын тохируулга хийж, Өмнийн говь руу дамжуулан ашиглах төсөл эрчимтэй яригдаж байна. Гадаргын усны нөөцийг уул уурхайд зөв, зохистой ашиглахаас өмнө судалгааны ажил, тухайлбал олон улсын жишигт хүрсэн нарийвчилсан судалгаа хийж, техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах шаардлагатай.
Манай оронд гадаргын усыг ашигладаг туршлага бий. Тухайлбал, Чоно харайхын гол, Завхан гол дээрх усан цахилгаан станцыг нэрлэж болно. Мөн Эрдэнэт, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрүүд газрын доорх усыг шугам хоолойгоор алс зайд дамжуулан хэрэглэж, ашиглаж байна. Гэхдээ энэ нь туйлын хангалтгүй дүр зураг юм.
Гадаргын усны нөөцийг хангалттай ашиглаж буй тод жишээ нь Хятад юм. Хөх мөрнөөс Шар мөрнийг дамнуулан 3 магистраль шугам хоолойгоор ус татаж усны чанар муу, хүрэлцээгүй бүс нутагтаа хүргэж байна. Суурилуулсан хүчин чадлаараа дэлхийд тэргүүлэх “Гурван хавцал” усан цахилгаан станцыг барьсан. Шар мөрнөөс ус татаж манай улсын урд хилд ойрхон байрладаг аж үйлдвэрийн парк, баяжуулах үйлдвэртээ ашиглаж байна. Бас нэг баримт: Япон 1710 боомт, Өмнөд Солонгос 1283 боомт, Турк 940 боомттой бол Монгол Улс дөнгөж 25 боомт барьжээ.
Гадаргын ус газрын доорх устай нэгдмэл систем үүсгэсэн харилцан шүтэлцээнд байдаг. Иймээс голын хөвөө, татам дагуу хайгуул хийж газрын доорх усны нөөц бодож, ашиглах явдлыг багасгах чиглэл барих нь зүйтэй санагдана.
Гадаргын усны нөөцийг ашиглах эрх зүйн орчинд тулгуурлан усны нөөцийн менежментийг оновчтой, зөв чиглэлд хөгжүүлэн, цэнгэг усаар ядмаг, ууршилт ихтэй Говийн бүс хийгээд газар тариалан, уул уурхайд гадаргын усыг нарийвчилсан судалгааны үндсэн дээр тодорхой хувь, хэмжээгээр ашиглах нь зүйтэй байна. “Чийг арвидвал ус болно. Манан арвидвал үүл болно”, “Цангасан хүнд мянган лан алтнаас нэгэн ооч ус тус болно” хэмээн ноён хутагт Д.Данзанравжаагийн хэлсэн мэргэн үгээр нийтлэлээ өндөрлөе.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төслийн нэгжийн мэргэжилтэн, доктор П.ХӨХӨӨ
Холбоотой мэдээ