НИТХ-ын дарга С.Амарсайхан МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ. МАН-ын Бага хурлаас өчигдөр дээрх шийдвэрийг гаргасан байна. Энэ үеэр тэрбээр МАН-ын удирдлага болон гишүүдэд хандан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.
"Ѳнѳѳдѳр МАН-ын Бага хурлаар дотоод асуудлаа хаалттай хэлэлцэж байгаа ч гадна талдаа иргэдээсээ, цаашлаад олон улсад ч нуух, хаах юм бидэнд байхгүй болсноо бүгд ойлгоцгооё. Яагаад гэвэл, та бид муу сайнаа дуудалцаад, яс мах, ѳѳх булчирхай, батга бэтгэ, идээ бээр гэж байдаг бол тэр бүгдээ гаргаж нэг рүүгээ хаях гээд нийгэм рүүгээ хэдийнэ цацчихсан. Одоо дахиж гаргах, дэлгэх, бахархах, гүжирдэх сонин байхгүй болсон байх.
"Даравч далдайна, булавч бултайна" гэдэг үг бий. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал жаргаж төгсдөггүй 60 тэрбумаас эхэлсэн. Одоо дахиад л 60 тэрбум дээрээ тулж ирээд яг таг гацаж байна. Яасан ч салж, салгаж болдоггүй 60 тэрбум бэ? Дахиад 60 жил хичээгээд ч сэхэхгүй мөхлийг ард түмэнд өвлүүлэх үүд хаалга нь энэ гэж үзэж байгаа юм уу.
Одоо үргэлжлүүлээд ЖДҮ гээд бас нэг жиргэж дуусдаггүй асуудал ярьж явсаар 20 онтой золгож, 24 оныг угтах уу. Энэ ард түмний чинь сэтгэл, итгэл үлдсэн ганцхан утас нь МАН байсан учраас та биднийг сонгож олонхи болгосон.
Бид бүх асуудлаа яг өнөөдөр, энэ танхимд эцэслэж шийдээд 2019 онд илүү бүтээлчээр иргэд, нийгмийнхээ асуудлыг шийдэж ажил, амьдралаа үргэлжлүүлэх ёстой.
Одоо та бидний аав ээж ах дүү, эхнэр, нөхөр, үр хүүхдээс чинь эхлээд улс нийтээрээ дуудалцаж дуусдаггүй хэрүүл, тэмцэл, дурсаж ханадаггүй худал, үнэн түүхийг чинь битгий хэл бахархаад ч барахгүй гавьяа байгуулсан байсан ч, сонсож үзэхийг хүсэхгүй байна.
Иргэд олон нийт эд хөрөнгө биш эрүүл мэндийг хүсч байна. Хов жив биш хариуцлага, шударга ёсыг хүлээж байна. Өнгө мөнгийг биш өдрийн хоолтойгоо л байвал боллоо гэж хүлээсээр итгэл, сэтгэл нь улам алдарч байна.
Та бүхний зарим нь өнгөрсөн хорин хэдэн жил улс төрд оролцож, 4-5 удаа сонгогдсон гэж бахархаж ярьдаг. Зарим нэг нь хашаагүй алба, дэвшээгүй сонгууль байхгүй болтлоо энэ нам, олон түмнээр дэмжүүлсэн. Гэхдээ одоо болно.
Та нар төрт ёсоо уландаа гишгэж, төрсөн биесээ хоохойлж, тѳр түмнээ бужигнуулж байх хойгуур чинь иргэд оршин суугчид чинь уушиг ам, уураг тархи нь утаанд хордож эхнээсээ амь нас, эрүүл мэндээрээ хохирч 10 жилийн дараа улс тѳр биш улс үндэстэн, удам судар чинь байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсчихээд, улсаараа сүйрлийн ирмэгт хүрчихээд байна.
Улс орон, хот тосгоноор нь утаа, түгжрэл, ядууралд ямар хүмүүс, хэзээнээс оруулж, өнөөдөр ийм нөхцөлд хүргэсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Нийтийн эрх ашигт нийцсэн, улс төрийн бодлого шийдлээ дага. Эхнээсээ хариуцлагаа хүлээгээд дараагийн хүмүүсээ ажиллуул. Чадахгүй бол дахиад хариуцлагаа тооц. Одоо улс төрөөс илүү улс орноо бодох цаг болсон.
Улаанбаатарын энэ хонхортоо та бид уралцаж, арсалдаад хэн нь хожих юм. Хэн ч хожсон хилийн дээс алхаад хэн нь байсан гэлээ хэн ч биш гэдгээ ойлго.
Дэлхийд байхгүй эрсдэлтэй, хортой, ядуу зүдүү улс гэдгээрээ алдаршчихаад байна. Та бидэнд үүнээс ѳѳр хүсэх юм байна уу, байхгүй гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Холбоотой мэдээ