Энэ онд дэлхий даяар 63 сэтгүүлч ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тухай Парис хотод төвтэйхэвлэлийн эрх чөлөөний төлөөх “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас мэдээлжээ. Шударга үнэнийг бичсэнийхээ төлөө амиа алдсан хамгийн сүүлийн жишээ бол Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн аллага билээ.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчийн тоо энэ онд 63 хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс эрс өссөн үзүүлэлт юм. Сэтгүүлчдэд хамгийн халтай газрыг энэ жил Афганистан улс дахин тэргүүлсэн байна. Тухайлбал, 2018 онд Афганистанд 15, Сирид 11, Мексикт 9, Йеменд 8 сэтгүүлч амиа алджээ.
Амиа алдсан сэтгүүлчдийн ихэнх нь захиалгат аллагын хохирогч болсон аж. Өнгөрсөн аравдугаар сард Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар нутаг нэгтнүүдийнхээ гарт амиа алдсан, “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамаль Хашогги ч бас Засгийн газрынхаа бодлого, шийдвэрүүдийг шүүмжилсэн нийтлэлүүдийг ихээр бичдэг байв. Түүнчлэн АНУ-ын “Capital Gazette” сонины газарт буутай этгээд халдаж, дөрвөн хүний амийг хөнөөсөн билээ. Халдлага үйлдсэн этгээдэд тэдний бичсэн нийтлэл, сурвалжилгууд таалагдаагүй тул ийм хэрэг хийх болсон аж.
“Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын гаргасан тайланд ажил үүргээ гүйцэтгэж яваад шоронд хоригдсон сэтгүүлчдийн тухай ч оруулжээ. Тэдний дийлэнх нь хэргийн газар сурвалжилга хийж, үнэн мөнийг олон нийтэд бодитоор харуулахыг зорьсон сэтгүүлчид байв. Тухайлбал Мьянмарын “Рохинжа” үндэстний цөөнх Засгийн газрынхаа үйл ажиллагааны улмаас тэвчихийн аргагүй нөхцөл байдалд амьдарч байгаа тухай сурвалжилсан “Ройтерс” агентлагийн хоёр сэтгүүлчийг Мьянмарт хорьсон билээ.
Судалгаанаас үзвэл амиа алдсан, шоронд хоригдсон сэтгүүлчдийн дийлэнх нь улс төрийн асуудлаас болж хэлмэгдсэн бол зарим нь дайн байлдаан болж буй газар сурвалжилга хийж яваад өөрийгөө эрсдэлд оруулсан байна.
Эх сурвалж: NHK
Холбоотой мэдээ