Бага хурлын талаарх М.Энхболдын тайлбар

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Бага хурлын талаарх М.Энхболдын тайлбар

Бага хурлын талаарх М.Энхболдын тайлбар

УИХ-ын дарга М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай өдөр. Гэвч чуулганы хуралдааны ирц гурав дахь долоо хоногтоо бүрдэхгүй байна. Засгийн газрын гишүүд болон УИХ-ын нэр бүхий гишүүд зориуд зохион байгуулалттайгаар чуулганы ирцийг бүрдүүлэхгүй хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг зориудаар тасалж байна. Үүнийг би хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж байгаа. Өмнө нь ч гэсэн би энэ тухайгаа хэлж байсан.

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах шаардлагыг надад ирүүлсэн. Энэхүү шаардлагыг би Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд нийцэж байгаа үгүй эсэх талаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Хуульд нийцсэн хуулийн дагуу шаардлага тавиахад УИХ-ын даргын албан тушаалыг өгөхөд надад татгалзах зүйл байхгүй. Аливаа асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой. Ялангуяа хууль тогтоох байгууллагаас гаргаж байгаа шийдвэр хуулийн дагуу явагдах ёстой. Өчигдөр манай намын Бага хуралдаан боллоо. Энэ хурал хаалттай болсон. Гэхдээ зохион байгуулалттайгаар зарим хүний яриаг нээлттэй олон нийтэд хүргэсэн. Би намын даргаар хоёр ч удаа сонгогдон ажиллаж байсан. Намын дотоод асуудлын талаар хаалттай хуралдах явдал байдаг. Гэхдээ гарсан шийдвэр, яригдсан зүйлийг хэвлэл мэдээллийн байгууллагад эргээд мэдээлэлдэг. Хурлыг нээхэд  ч хэвлэлийнхэнд нээлттэй байлгадаг. Харамсалтай нь, өчигдрийн Бага хурал олон нийт, хэвлэлийнхнээс хаалттай болсон. Улс төрийн намын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой цаг үе. Гэтэл зориуд зохион байгуулалттай хурлыг явуулж сүүлийн 20-иод жилийн хугацаанд нийгэмд, хууль хяналтын байгууллагуудын хүрээнд болсон болж бүтэхгүй бүх зүйлийг надад тохох гэсэн оролдлого, гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй, хууль тогтоох дээд байгууллагын эрх мэдэл рүү шууд халдсан зэрэг ийм шийдвэр гаргасан намын Бага хурал болсонд би харамсч байгаа.

Бага хурлын үеэр Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ нарын ярьсан зүйлийг олон нийтэд шууд дамжуулсан. Би тухайн үед тэдний ярьсан зүйлд тайлбар няцаалтыг өгсөн. Миний ярьсан тайлбарыг олон нийтэд хүргээгүй.

МАНАН гэдэг үзэгдлийн талаар надтай холбож намайг буруутгах ийм зүйлүүдийг Бага хурал дээр ярьсан. МАНАН гэдэг сонгуулийн үр дүн, улс төрийн намууд дангаар Засгийн газрыг байгуулах боломжгүй зэрэг улс төрийн нөхцөл шалтгааны улмаас Засгийн газраа хамтарч байгуулж гаргасан шийдвэрүүдийг зөвтгөж, буруутгахаас үүдсэн яриа гэж үздэг. МАНАН гэдэг нэрийн дор хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаатай холбоотой ийм зүйлүүдийг хэлж байна.

2006 онд би Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газрыг эмхлэн байгуулах нөхцөл байдал үүсэхэд парламентад суудалтай таван намыг оролцуулж Үндэсний эв нэгдэл гэдэг тодотголтой Засгийн газрыг байгуулж байсан. Гэхдээ энэ Засгийн газарт АН-ыг оруулаагүй. Би 2017 онд МАН-ын даргын албан тушаалыг хүлээлгэж өгөхдөө МАНАН-гүй Засгийн газрыг байгуулж ажиллуулах улс төрийн нөхцөл бололцоог бүрдүүлэн 65 суудалтай мөн нийслэлд олонх болсон ийм намыг би хүлээлгэж өгсөн. Надад МАНАН гэдэг бүлэглэлтэйоролцсон зүйл болоод хийсэн явдал байхгүй гэдгийг би хариуцлагатай мэдэгдэж байна.

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийг шалгаж байгаа асуудлын талаар ярьсан. Надад нэг ч удаа АТГ-т энэ шалгалтын талаар хэн нэгнийг нь шалга гэж хэлж ярьж нөлөөлсөн зүйл огт байхгүй.  хууль хяналтын байгууллага шалгаж үнэн зөвийг нь тогтоолгох хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

60 тэрбумтай холбоотой асуудлаар намын Бага  хурал дээр ярьсан. Үүнийг хууль хяналтын байгууллагууд өмнө нь хэдэнтээ шалгасан. Одоо Тагнуулын Ерөнхий газар шалгаж байгаа. Уг асуудлыг манай намын зарим гишүүд өөрсдөө дэвэргэж намынхаа нэр хүндэд муугаар нөлөөлөх явдлыг зориудаар гаргаж улмаар ЖДҮ-гийн асуудлыг бүдгэрүүлэх гэж байгаа нь буруу гэдгийг би өмнө нь хэлж байсан.

АТГ-ын удирдлагыг намайг томилсон, намайг удирддаг, миний хүн мэтээр ярьдаг. Энэ хүнийг чөлөөлөх тухай асуудлыг сүүлийн үед ярих болсон. Би хуульд нийцсэн шийдвэр байх юм бол АТГ-ыг даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулахад бэлэн гэдгийг би Ерөнхийлөгчид ч гэсэн хэлсэн. Харин хуульд нийцээгүй асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжгүй. Гэтэл  намайг буруутгах гэхээрээ хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг томилсон мэтээр ярьж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж  үзэж байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд цааш нь тайлбарлахдаа "Надад өнөөдөр нэг ч уул уурхайн лиценз байхгүй. Манай үр хүүхэд ч лиценз байхгүй. Би харин уул уурхайн салбарыг эдийн засгийн үр дүнтэй, өгөөжтэй, улс орны хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж хөгжих ёстой гэдэг байр суурийг баримталдаг.

Өчигдөр хурлын үеэр манай намын дарга надтай уулзсан. Хоёулхнаа зөвлөх зүйл байна гээд уулзсан. Нэгд, намайг өргөдлөө өг гэсэн. Би хуулийн дагуу энэ асуудлыг шийднэ гэсэн. Хоёрдугаарт, хоёулаа ажлаа өгчихвөл яасан юм бэ. Гэхдээ үүнийг зөвхөн хоёулаа л ярьж байгаа шүү” гэж хэлэхэд нь би  хэн нэгний албан тушаалтай зууралдаж, хэн нэгний албан тушаалаар барьцаалж УИХ-ын даргын албан тушаалыг өгөх, өгөхгүй нь тухай асуудал  биш ээ. УИХ-ын даргыг чөлөөлдөг тэр хууль журмаар нь асуудлаа тавь гэдэг байр сууриа хэлсэн.  Харамсалтай нь, ярьсан зүйлээ намын дарга өөрөө дэлгээд ярьсан. Бага хурлын хуралдаанаар над руу зориуд дайралт, гүтгэлэг  хийж байгаад харамсч байгаа. Манай намын нөхөд, миний удирдлагад байсан нөхөд, надтай олон жил хамт явсан хүмүүс ингэж ярьж байгаад би нэр төрөө сэргээлгэнэ. Би Ц.Нямдоржийг шүүхэд өгөхөөр шийдсэн. Хэрвээ ярьсан зүйл нь үнэн бол нотол, худлаа бол надаас уучлал гуйх хэрэгтэй. Сүүлийн хагас жил над руу янз бүрийн дайралтууд ирж байгаа. Би намынхаа залуу гишүүнтэй сайдаж, муудаж байгаа биш гэж тэвчээртэй хандаж байгаа. Нийгмийн бухимдал их байгаа учраас би дээр нь нэмээд яах вэ гэж тэвчиж чимээгүй явсан. Намын нөхөд маань над руу хууль бусаар  намын төлөөллийн байгууллага шийдвэр гаргаж УИХ-ын ажлыг зааж зааварлах гэсэн шийдвэр гаргаж байгаа учраас би өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгч байгаа юм” гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
144
ТэнэглэлТэнэглэл
23
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж