Сириэс АНУ цэргээ гаргахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Сириэс АНУ цэргээ гаргахаар боллоо

Сириэс АНУ цэргээ гаргахаар боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр /2018.12.19/ Сири дэх Исламын улс бүлэглэлийг ялснаа тунхаглаж, тус улсаас цэргүүдээ гаргахаар шийдвэрлэснээ мэдэгджээ. Тэрбээр твиттер хуудаснаа “Сири руу орох болсон АНУ-ын шалтгаан нь Исламын бүлэглэлийг дарах байсан. Бид зорилгоо гүйцэлдүүллээ” хэмээн жиргэсэн байна.

Цэргүүдийг татах тухай төлөвлөгөөг АНУ-ын Батлан хамгаалах яам баталж, ойрын хугацаанд багтаан “Исламын улс” бүлэглэлд эзлэгдсэн Сирийн газар нутгийг чөлөөлсөн 2000 орчим АНУ-ын цэргийг тус улсаас гаргахаар болсон аж.

Гэвч АНУ-ын сенатын зарим гишүүд уг шийдвэрийг эрс эсэргүүцэж байгаа юм. Тухайлбал тэд “АНУ цэргээ гаргаснаар Исламын улс бүлэглэлтэй дахин тэмцэхэд хүндрэлтэй болно, учир нь Сири дэх Исламын улс бүлэглэлийн хүч нь суларсан хэдий ч тэд бүрэн дарагдаагүй” хэмээн үзэж байна. Мөн Ойрхи дорнодын бүс нутаг дахь АНУ-ын нөлөөг багасгаж, найм дахь жилдээ үргэлжилж буй Сирийн дайныг дуусгах дипломат хүчин чармайлтыг үгүй хийх үндэслэлтэй юм.

Цэргүүдээ буцаан татах Д.Трампын шийдвэрийг эсэргүүцэх хүн олон байлаа. Тухайлбал, Бүгд найрамдах намын сенатч “Исламын бүлэглэлийн хүч суларсан нь үнэн ч гэсэн “дарагдсан” гэж дүгнэх хараахан болоогүй байна” гэв. Харин сенатч Линдсей Грахам, “АНУ энэ цаг үед Сириэс цэргээ гаргах нь Исламын улс, Иран, Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Ассад болон ОХУ-ын хувьд томоохон ялалт болох болно” гэжээ. Мөн энэ нь АНУ-д төдийгүй Ойрхи дорнод, бүх дэлхий ертөнцөд аюултай үр дагавар учруулах болно" гэв.

АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обама Сирийн иргэний дайныг Афганистаны дайн шиг төвөгтэй зөрчил мөргөлдөөн болгохоос сэргийлж байсан ч 2014 оны есдүгээр сараас эхлэн агаарын цохилт өгч, дараа жил нь цэргүүдээ оруулсан билээ.

Цэргүүдийг эх оронд нь буцаан татах асуудлаар АНУ-ын албан тушаалтнууд хоорондоо зөрчилдөөнтэй мэдээллүүдийг өчигдөр хийсэн юм. Тухайлбал, Батлан хамгаалах яам цэргүүдийг 60-100 өдрийн дотор гаргана гэсэн бол Төрийн Департмент 24 цагийн дотор, харин өөр нэгэн эх сурвалж түүнээс ч хурдан хугацаанд цэргүүдийг эргүүлэн татна гэсэн аж.

Эдгээрээс үзвэл одоогийн байдлаар АНУ цэргүүдээ яг хэзээ Сириэс гаргах, мөн холбоотон Курдууд ямар байдалтай үлдэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн АНУ Сириэс цэргээ гаргаснаар Ойрх Дорнод дахь түүний нөлөө буурвал Израилд хохиролтой бол Курдуудтэй тэмцэхээр шийдсэн Туркийн хувьд ашигтай байж болох юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж