Говийн гайхамшигт зургаан амьтны нэг монгол бөхөнгийн талаар Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтэн, доктор Б.Гантулгатай ярилцлаа.
-Монгол бөхөн мөстлөгийн үеэс үлдсэн цорын ганц ховор амьтан гэх нь бий. Бас говийн гайхамшигт зургаан амьтанд багтдаг. Бөхөнгийн онцлогийн талаар мэдээлэл өгөөч?
-Тиймээ, монгол бөхөн нь сүүлчийн мөстлөгийн үед арслан заан, үст хирс, сэлмэн соёот бар зэрэг өнөө үед устаж мөхсөн амьтадтай зэрэгцэн оршиж байсан эртний эрмэл амьтан. монгол бөхөн нь Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээр, тахийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг. Дэлхий дээр монгол бөхөн болон соргог бөхөн гэсэн хоёр зүйлийн бөхөн байдаг. Үүнээс монгол бөхөн нь зөвхөн Монголд байдаг.
Сонирхуулахад, бартаа саад багатай говь нутгийн уудам цэлгэр тал хөндийд туруутан амьтад махчин амьтдаас биеэ хамгаалах гол арга нь хурдан зугтах. Монгол бөхөн нь Монгол оронд буй аль ч амьтдаас хамгийн хурдан давхин зайлдаг. Тухайлбал, 80 км цаг хүртэл хурдалж чаддаг. Хамгийн хурдан амьтан нь юм. Монгол бөхөнгийн хамрын хөндий нь бусад туруутан амьтадтай харьцуулахад илүү том. Энэ нь монгол бөхөн хурдан гүйж, ялангуяа удаан хугацаагаар хүйтний улиралд гүйх боломжийг олгодог байгалийн зохилдлогоо. Гүйх явцад их хэмжээний хүйтэн агаар хамрын хөндийд байрлах маш олон тооны хялгасан судсууд бүхий ханын ачаар түргэн зуур бүлээцэж уушгийг гүйх явцад нэн шаардлагатай дулаан агаараар хангадаг юм.
-Та саяхан монгол бөхөнгийн тархац нутгаар яваад иржээ. Нөхцөл байдал ямар байна вэ. Монгол бөхөн харагдана уу?
-Одоогийн байдлаар Монгол бөхөнгийн нөхцөл байдал өмнөх хоёр жилийн байдлаас дээрдсэн зүйл алга байна. Энэ зуны хувьд бөхөнгийн тархац нутаг болох Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд наймдугаар сарын сүүл хүртэл хур тунадас тун бага орж өвсний гарц гэх зүйлгүй зуншлага тааруу байлаа.
Харин наймдугаар сарын сүүлээр бөхөнгийн нутгийн зарим хэсгээр хур бороо орж бэлчээрийн гарц сайжирсан боловч малчид малаа тарга тэвээр авхуулах зорилгоор бэлчээрийн гарц сайжирсан газарт бэлчээрлүүлж тухайн бэлчээрийг ерөнхийд нь дуусгасан байна.
Өвлийн хувьд Дөргөний хүрэн тал, Хүйсийн говь, Шаргын говьд бөхөнгийн гол байршдаг хэсгүүдэд үнэндээ бөхөнд идэх өвс алга. Зарим нутгаар, ялангуяа Дарвийн нурууны хойд бэл, Хүйсийн говьд үлдсэн багахан шар өвс арваннэгдүгээр сард болсон хүчтэй шуурганы үед хийсэж, бүртийх өвс үлдээгүй.
Намар усны эх үүсвэрээс хол алаг цоог багахан бэлчээр малын хөлд сүйдэлгүй үлдсэн. Энэ маш бага талбай бүхий цөөн хэдэн тасархайтсан газар бөхөнгийн хувьд өвлийг давах гол амин сүнс нь болох төлөвтэй. Хэрэв цас ихээр орвол бөхөнгийн нөхцөл байдал энэ өвөл хүндрэх төлөвтэй байна.
-Бог малын мялзангийн өвчлөлөөс шалтгаалан монгол бөхөнгийн тоо толгой эрс цөөрсөн. Мөн хулгайн анчид бөхөнд их ширүүн байдаг юм шиг ээ. Олноор нь хоморголон агнасан тохиолдол гардаг гэдэг. Энэ талаар ярихгүй юу?
-Тиймээ, бог малын мялзан өвчнөөр Монгол бөхөнгийн тоо толгой 2017 оны нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл хоёрхон сарын хугацаанд 54-66 хувиар хорогдсон нь үнэн. Тухайлбал, 2017 оны зун хур бороо маш бага орсны улмаас бөхөнгийн тархац нутаг бүхэлдээ гантай байж, бэлчээрийн гарц маш муу байсан. Бог малын мялзан өвчнөөс мэнд үлдсэн бөхөнгүүд өмнөх зуны ган, өвчний нөлөөллөөс болж тарга тэвээр сайн авч чадаагүй. Энэ цөөн хэдэн бөхөн 2018 оны нэгдүгээр сард болсон цасан шуурганаар, их цас болон цочир хүйтрэлийн үед 40 хүртэл хувь нь хорогдсон.
2018 оны дөрөвдүгээр сарын тооллогоор 3500 орчим тооны монгол бөхөн үлдэж хоцорсон. Уг нь 2014 оны байдлаар 15 мянган бөхөнтэй байлаа.
Монгол бөхөн өвчнөөр олноороо үхсэн нэг шалтгаан нь говь нутагт өвчтэй, дорой амьтдыг барьж идэн эрүүл амьтдад өвчин эмгэг халдварлах боломжийг багасгадаг “байгалийн эмч” болох саарал чоно, бусад махчин амьтдыг хүмүүс олноор нь алж устган байгалийн тэнцвэрийг алдагдуулснаас шалтгаалсан болов уу.
Өнгөрсөн жил буюу 2017 оны нэгдүгээр сараас хойш бөхөнтэй холбоотой нэлээд хэдэн хэрэг гарсан. Эдгээрийн гурав нь шүүхэд шилжсэн. Эдгээр хэргүүдээс хамгийн их хохирол учруулсан нь бөхөнгийн өвчлөлийн үеийг далимдуулан агнах, үхсэн бөхөнгийн эврийг авах зэргээр нийт 74 бөхөнгийн эврийг нутгийн иргэн Улаанбаатар хотод оруулж зарахыг завдсан явдал.
-Монгол бөхөнгийн эвэрт шунаад тэднийг агнадаг гэж сонссон. Эврийг нь чухам юунд ашигладаг юм бол?
-Зүүн өмнөд Ази, ялангуяа, БНХАУ-ын уламжлалт анагаах ухаанд зэрлэг амьтдын эврийг ихээр ашигладаг. Хирсний эврийн нийлүүлэлт багассаны улмаас үүнийг орлуулах зорилгоор бөхөнгийн эврийг сүүлийн 20 жилд ихээр ашиглаж байгаа. Казахстан улсын соргог бөхөнгийн тоо толгой эрс цөөрснөөс болж бөхөнгийн эврийн үнэ өсөж Монгол бөхөнг агнах, эврийг нь хууль бусаар зарж борлуулах оролдлого ихэсч байна.
-Монгол бөхөн төллөхдөө ихэрлэх нь элбэг байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Бусад туруутан амьтадтай харьцуулбал Монгол бөхөн нь ихэрлэх нь элбэг. Дунджаар нийт хэрэгчингийн 30 хувь нь ихэрлэдэг. Өвөлжилт сайн, бэлчээрийн гарц сайтай жилүүдэд хээлтэй хэрэгчингүүдийн 68 хүртэлх хувь нь ихэрлэдэг.
-Монгол бөхөнгийн махыг идэж, хэрэглэж болдоггүй гэдэг. Бэлчээрийн асуудал хурцдаад байгаа энэ үед монгол бөхөн нь малчидтай бэлчээр булаалдах болжээ. Эндээс харахад бөхөн ямар ашигтай юм бэ?
-Монгол бөхөн махны гарц муутай, мах нь амт муутай гэсэн дам яриа байдаг. Энэ нь ч үнэн байж болох юм. Бэлчээрийн хувьд зарим малчид нэг зүйлийг тунгаан бодох хэрэгтэй байна. Гуравхан айлын малын дайтай 3500 гаруй л үлдсэн Монгол бөхөн олон сая малын бэлчээрийг нь булааж, малчдыг хүнд байдалд оруулж байна гэдэг нь илт үнэнийг гуйвуулсан яриа. Харин хэт олширсон малын тоо, бэлчээрийн зохицуулга муутай байгаа одоогийн байдал, төрийн буруу бодлогоос үүдсэн бэлчээрийн талхагдлын бурууг Монгол бөхөнд үүрүүлэх гэсэн явуургүй оролдлого олон зуун мянган жилийн турш энэ нутагт оршин амьдарч экологийн үүргээ биелүүлж ирсэн байгалийн нэгэн содон бүтээл, говийн чимэг болсон Монгол бөхөнг мөхөл рүү түлхсээр байна. Түүнчлэн Монгол бөхөн нь малын идэхээс зайлсхийдэг бударгана, баглуур зэрэг говийн ургамлаар голчлон хооллодог. Энэ нь харин ч малыг зарим хортой ургамлаас үүдэн хорогдох эрсдэлийг нь бууруулж өгдөг байж магадгүй. Энэ талаарх судалгааг удахгүй хийх болно. Бөхөнгийн хамгийн гол үнэ цэнэ нь энэ амьтан Монголоос өөр хаана ч байхгүй, Монголын унаган амьтан.
Холбоотой мэдээ