Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

Захууд шатахад бэлэн

Баянзүрх дүүрэгт оршдог "Баянзүрх" захад өчигдөр /2018.12.19/ гал гарсан юм. Энэ нь зах дэлгүүр, худалдааны төвүүд галд өртсөн эхний тохиолдол биш билээ.  Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг зах, томоохон худалдааны төвүүд жил болгон ээлж дараалан галд өртөх болсон. Харамсалтай нь, өмнөх гашуун туршлагаасаа огт суралцдаггүй монголчууд эд хөрөнгөөрөө хохирсныхоо дараа "ниргэсэн юм шиг хашгирдаг" нь гэм биш зан болжээ.

ГАЛЫН УЛМААС НИЙТ 12 ТЭРБУМ 300 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Он дарааллаар нь авч үзвэл 2007 онд “Бөмбөгөр” худалдааны төв шатаж, тэнд лангуу түрээслэн амин зуулгаа залгуулж байсан олон иргэн эд хөрөнгөөрөө хохирсон.. Тухайн үед хохирогчид нийслэлийн төв талбайд өлсгөлөн зарлаж байсан нь бий. “Бөмбөгөр” худалдааны төвд гарсан гал нь цахилгаанаас үүдэлтэй учраас тус худалдааны төвийн эзэн байсан Г.Алтан хариуцлага хүлээсэн байдаг. "Бөмбөгөр" худалдааны төвд гэхэд гурван удаа гал гарч байжээ.

Ийнхүү “Бөмбөгөр”-өөр эхэлсэн түймрийн эрсдэл 2013 оны наймдугаар сарын 23-ны өдөр "Нарантуул" олон улсын худалдааны төвийн хүнсний захад нүүрлэв. Тус зах бүхэлдээ галд  өртсөн юм.  Гал өглөөний 06.10 цагийн үед хүнсний захын дээврээс гарсан бөгөөд  түймэрт нэг эмэгтэй амиа алджээ.

Тус захад гарсан галд 300 орчим түрээслэгчийн эд бараа, бүтээгдэхүүн шатсан бөгөөд нийт 12 тэрбум 300 сая төгрөгийн хохирол учирсан гэх байцаагчийн дүгнэлт гарсан байдаг. Харин өдгөө шатсан хүнсний захын суурин дээр 300 орчим тэрбум төгрөгөөр "Баялаг ундраа" гэх захыг барьж ашиглалтад оруулсан билээ.  Шатсан хүнсний зах үйл ажиллагаа явуулах ямар ч  зөвшөөрөлгүй байсан  гэж онцгой байдлын газраас мэдээлсэн байдаг.

2013 он Ш.Сайхансамбуугийн  хувьд ихээхэн барцадтай байсан гэж хэлж болно. Учир нь мөн оны  арваннэгдүгээр  сарын 9-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах “Нарантуул -2” хүнсний захад гал гарсан юм.

Галын дуудлага тухайн өдрийн 22.45 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн бөгөөд албан хаагчдыг очих үед тус төвийн хоёрдугаар давхарт байрлах А заалны баруун жигүүрийн аж ахуй, гоо сайхан, шаазан эдлэл, дэвтэр соёлын барааны лангуунууд шатаж байжээ. Галд азаар хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй харин  А зааланд байсан 104 лангуунаас 28 нь галд өртөж арав орчим павильон бүрэн шатсан байна. Тус барилга анх 2006 онд  ашиглалтад ороход гал илрүүлэх автомат дохиоллын систем суурилагдсан байсан ч гал гарах үед ажиллаагүй байна. Улмаар цахилгааны утаснаас болсон гэсэн галын урьдчилсан дүгнэлт гарсан.

 ХАРХОРИН ГАЛД ӨРТӨВ

2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Хархорин” худалдааны төвд мөн л гал гарчээ.  Тус захын барилгын материалын захын барилгын дээвэр шатсан бөгөөд онцгой байдлын гал унтраах багийнхан шуурхай ажилласны үр дүнд галыг газар авхуулалгүй унтрааж чадсан юм. Тухайн үед гал гарсан шалтгааныг захын сантехникийн хэрэгсэл зардаг лангуунаас гарсан байх магадлалтай гэж үзэж байв.

“Хархорин” худалдааны төвд гал гарснаас нэг сарын дараа  "Нарантуул" олон улсын худалдааны төвд хоёр  контейнер шатсан  бол мөн  Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд байрлах “Барс-2” захад  гал гарсныг онцгой байдлын гал унтраах багийнхан шуурхай ажилласны үр дүнд галыг газар авхуулалгүй унтрааж чадсан юм.

112 ХҮН 1,5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХОХИРСОН

“Сандэй” худалдааны төвийн долдугаар давхрын цайны газарт 2013 оны есдүгээр сарын 10-ны өдөр гал гарч, хэргийн газарт ажилласан Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатар “Хүний амь эрсдээгүй, цайны газраас өөр лангуу, эд бараа галд өртөөгүй” хэмээн мэдэгдэж байсан юм. Галын шалтгааныг хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс буюу ахуйн гаралтай гэсэн дүгнэлт гаргаж, хэргийг хаасан байдаг. Халуун тогоог салгалгүй орхисон ажилчдад Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон аж.

Мөн 2015 оны аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө  тус худалдааны төвд гал гарч, B1 давхар нь бүхэлдээ шатсан юм. Галын улмаас 1,5 тэрбум төгрөгөөр хохирчээ.

Гал ямар нэгэн гадны нөлөөгүй байх юм бол бүх хариуцлагыг “Сандэй плаза" ХХК хариуцна гэж  мэдэгдсэн байдаг.

Харин мөрдөн байцаалтын ажил дуусч “гадны нөлөө байхгүй цахилгааны асуудлаас болж шатсан” хэмээн дүгнэлт гарсан хэдий ч өнөөг хүртэл  хүмүүсийн хохирлыг барагдуулаагүй байна. “Сандэй” худалдааны төвийн галын шүүх хурал дөрвөн  удаа хойшлогдсон бөгөөд харамсалтай нь, бараг дөрвөн  жилийн нүүр үзэх гэж буй энэ хэрэг одоог хэр нь шийдэгдээгүй байгаа юм.

Ш.САЙХАНСАМБУУ: ХЭН ГАЛ ТАВЬСАН БОЛОХЫГ  МЭДНЭ

“Нарантуул” олон улсын худалдааны төвд 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдөр дахин гал гарав. Гал шөнийн 03:00 цагийн үед гарсан бөгөөд тус худалдааны төвийн бөс барааны хэсгийн найман эгнээ бүрэн шатсан  юм.

Тус захын эзэн Ш.Сайхансамбуу захад гарсан галын шалтгаан, хэн гал тавьсан болохыг  мэднэ хэмээн твиттер хуудсанд жиргэсэнээс үүдэн хэн нэг нь зохион байгуулалттайгаар галдан шатаагаад байгаа юм биш биз гэсэн хардлага хүмүүст төрсөн нь лавтай. Дээрх томоохон зах, худалдааны төвүүдээс гадна "Нарлаг", "Анун" зэрэг худалдааны төвүүдэд мөн л гал гарч байжээ.

Мөн 2017 оны  арванхоёрдугаар сарын 26-ны өдөр тус  захын  хашаан дотор байрлах “Баялаг-Ундраа” төвийн хойно байрлах барааны павильон  шатсан юм. Гал цахилгаан  барааны 4-5 лангууг хамарсан байна.  Ийнхүү  “Нарантуул” худалдааны төв дөрөв дэх удаагаа галд өртсөн  юм. “Нарантуул” худалдааны  төвд гарсан галын шалтгаанууд нь ихэвчлэн урьдчилсан дүгнэлтээр цахилгааны муудсан утаснаас үүдэлтэй хэмээн гардаг.

УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ЦАХИЛГААНЫ БОГИНО ХОЛБОЛТООС ГАЛ ГАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Энэ сарын 18-ны өдөр “Баянзүрх” худалдааны төвийн  нэгдүгээр давхарт  зургаан ширхэг хүнс, барааны лангуу шатаж байна гэсэн дуудлага нийслэлийн онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын нэгдүгээр хэлтэс очиж  25 минутын дотор галыг унтраан Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Тэд галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны богино холболтоос гал гарсан байж болзошгүй нөхцөл байдал илэрчээ. Харин захын  худалдаачдын  хэлж буйгаар нэг хүнсний лангуунд хамгийн багадаа 500 гаруй мянган төгрөгийн бүтээгдэхүүн байгаа хэмээх тайлбарыг өгч байсан юм.

Худалдааны төв, захууд ийнхүү их бага хэмжээний галын осолд өртөж байгаа нь энд юун түрүүн галын аюулгүй байдлыг чанд сахихгүй байгааг харуулж байна. Галын аюулгүй байдлыг сахихгүй байна гэж хэлэх амархан ч үүний цаана өөр олон асуудал бий.

Тухайн барилгын цахилгааны холболт, холболтод ашигласан утас, түрээслэгч, түрээслүүлэгчийн хооронд хийгдэх хариуцлагын гэрээ, дамжин түрээслэх гэдэг түгээмэл байдал гээд. Тиймээс хожим тохиох уршгийг бодсон ч тэр цахилгаан хэрэгслээ байнга хянаж, хаа хаанаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанад сахиж, аюулгүй байдлыг хангахгүй бол өнөөдөр галын дуудлага өгөөгүй худалдааны төв үлдэхгүй байж мэдэхээр байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж