Үйлчилгээнийхэнд үгүйлэгдсэн үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2018.12.24-нд нийтлэгдсэн

Үйлчилгээнийхэнд үгүйлэгдсэн үйлчилгээ

Үйлчилгээнийхэнд үгүйлэгдсэн үйлчилгээ

Нэг мэдэхэд л сарын сүүл болж байрны мөнгөө төлөхөөр ХААН банк орлоо.  Тус банкинд үйлчлүүлэхээр дугаарласан олон хүн байв.  Миний ойролцоо сууж байсан настай эмэгтэй харуулаас жорлон асуух нь сонсогдов. Банкны хамгаалагч хоёр давхарт гарч үйлчлүүлэхийг санал болгов.  ХААН банкны энэ салбарын хувьд  үйлчлүүлэгчдээ үйлчлэх ариун цэврийн өрөө байгаад нь олзуурхав.

 Учир нь, Монголын арилжааны аль ч банкинд үйлчлүүлэхээр дугаарлах үед  өндөр настан, жирэмсэн эмэгтэй,  хүүхдэд тулгамддаг нэг асуудал нь ариун цэврийн өрөө юм.  Өөрөөр хэлбэл,  арилжааны банкаар үйлчлүүлж байгаа тохиолдолд  ариун цэврийн өрөөнд нь орж, давсагаа суллах нь "хориотой" үйлчилгээ байдаг нь худлаа биш.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, 13 дугаар хорооллын автобусны буудлын ард байрлах "Хас банк"-аар орвол мөн л  багагүй ачаалалтай, дугаараа хүлээж суух үйлчлүүлэгч олон харагдлаа. Тус банк дотроо ариун цэврийн өрөөтэй ч иргэд үйлчлүүлэхийг хориглодог гэнэ. Банкных нь ариун цэврийн өрөө нь онцгой бүсэд байрладаг тул гадны хүн орохыг хориглодог байна.  Энэ талаар тодруулахад банкныхан "Манай салбарын хувьд ариун цэврийн өрөө нь онцгой бүсэд байрлаж байгаа тул үйлчлүүлэгч орох боломжгүй. Банкны бичиг баримт, мөнгө зэрэг чухал зүйлс хадгаладагдаж байдаг цөөн салбарын нэг. Бид манай салбараар үйлчлүүлж байгаа иргэдэд банкнаас гарч бие засах газар ашиглахыг санал болгодог" гэх тайлбар өглөө. Тус банкны салбар хариуцсан захирал Ц.Ганболд "Арилжааны банк нь онцгой үйлчилгээний байгууллага тул тэр бүр ариун цэврийн өрөөгөөр үйлчлэх боломжгүй" гэдгийг онцолсон юм. Банкны хажуу талд "City Toilet" байрладаг учраас банкныхан ариун цэврийн өрөө сурагласан иргэдэд гарч үйлчлүүлэхийг санал болгодог аж.  Соёлын төв ордоны эсрэг талд байрлах "Төрийн банк" нь ариун цэврийн өрөө нь нээлттэй байна. Тус банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн хэлэхдээ "Бид жирэмсэн болон өндөр настай иргэдэд тусгайлан дугааргүй үйлчилдэг. Мөн ажилчдадаа боломж бололцоогоороо иргэдэд ариун цэврийн өрөөгөөр үйлчилж байх үүрэг өгсөн" гэлээ.

 Улаанбаатар хотод иргэд олноор үйлчлүүлдэг албан байгууллага, худалдааны төвүүд ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэгчдэдээ үйлчлэх ёстой. Гэтэл таг түгжчихдэг үйлчилгээний газрууд цөөнгүй байдаг. Хэн нэгэн тэвдэж яваа хүнд төрийн болон, хувийн байгууллага ороод бие засах газрыг нь ашиглах боломжгүй. Тухайлбал, өрхийн эмнэлэг, зарим нэг зоогийн газраар үйлчлүүлэхэд ийм хүндрэл тулгардаг.

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 11 дүгээр хорооллын “Өрхийн эрүүл мэндийн төв”-өөр орж, ариун цэврийн өрөөгөөрөө иргэдэд үйлчилж байгаа эсэхийг сонирхлоо.

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ АСУУСАН ХҮМҮҮСТ НЭЭЛТТЭЙ ҮЙЛЧИЛДЭГ

Тус эмнэлгийн сувилагч Д.ЧУЛУУНЦЭЦЭГ: 

-Манайх эмнэлгийн ажилтнууд ашигладаг болон иргэд үйлчлүүлдэг ариун цэврийн өрөө тусдаа. Иргэд үйлчлүүлдэг ариун цэврийн өрөө нь хоёр давхарт бий. Хүүхдээ дагуулж яваа эмэгтэйчүүд, дусал, тариа хийлгэсэн хүмүүс ариун цэврийн өрөө их асууна. Энэ асуудалд бид хүмүүст  нээлттэй л үйлчилдэг гэв.

Харин тус өрхийн эмнэлэгт харьяалалтай долдугаар хорооны оршин суугчдын зарим нь ариун цэврийн өрөөгөөр үйлчилдэггүй болохыг хэлж байлаа.

 

БАНК  ,ӨРХИЙН ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨГӨӨР ҮЙЛЧИЛДЭГГҮЙ, ХОРИГЛОДОГ

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны оршин суугч Н.ЦЭРЭНСОДНОМ

– Манай өрхийн эмнэлэг ариун цэврийн өрөөгөөрөө үйлчилдэггүй. “Гаднын хүн оруулахгүй” гээд хориглодог шүү дээ.

Ямар учиртайг нь мэдэхгүй. Ер нь банк, өрхийн эмнэлэг, худалдааны төвүүд ариун цэврийн өрөөгөө ашиглуулдаг болмоор байна. Хэдэн жилийн өмнө банкнууд үйлчлүүлэгчдэдээ ариун цэврийн өрөөг нээлттэй болгох тухай яригдаж байсан. Өнөөдөр бодит байдал дээр ийм ойлголт, үйлчилгээ алга. Банкинд дугаарлахдаа ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлж байсан удаа  байхгүй.

Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны оршин суугч Б.ЭРДЭНЭСҮРЭН: 

 

-Банк, өрхийн эмнэлэг ариун цэврийн өрөөгөө ашиглуулдаггүй. Ийм боломж байдаггүй. Ялангуяа банкаар үйлчлүүлж байгаа тохиолдолд ариун цэврийн өрөө ашиглана гэсэн ойлголт байхгүй.

Банкны ажилчид өөрсдөө ашиглана уу гэхээс иргэдэд хаалттай. Ер нь банкинд “ариун цэврийн өрөө оръё” гэсэн хүмүүс байдаг юм уу. Харин зоогийн газрууд бол нээлттэй үйлчилдэг.

 

Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны иргэн Ж.ЖАРГАЛСАЙХАН: 

-Монголд үйлчилгээний байгууллага, өрхийн эмнэлэг, олон нийтийн газар   ариун цэврийн өрөөний үйлчилгээ ховор. Банкинд энэ бол их асуудалтай. “Иргэдэд үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй” гэсэн хариултыг банкнаас өгдөг. Өрхийн эмнэлэг ч ариун цэврийн өрөөгөөр үйлчилдэггүй. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн даатгалаа төлсөн иргэд үйлчилгээгээ хангалттай хэмжээнд авч чаддаггүй гэсэн үг. Яаралтай үед том хүн хэцүүдэж байхад хүүхэд гэдэс нь өвдөх тохиолдолд яах вэ.  Зарим  томоохон худалдааны төвүүдэд ариун цэврийн өрөө байдаггүй.

ҮЙЛЧИГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДААС  ИРГЭД "00"-Н ӨРӨӨГ НЭХЭХ ЭРХТЭЙ

Ихэнх банк, өрхийн эмнэлэг, кино театр, зоогийн газар, сүлжээ дэлгүүрүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бие засах газраар иргэдэд үнэгүй үйлчлэх хэрэгтэй ч хаалгаа цоожилсон эсвэл төлбөр авч бизнес хийсэн хэвээр л байна. Үүний тод жишээ бол кино театрууд.  Тасалбараа үзүүлэхгүй л бол ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлнэ гэсэн ойлголт байхгүй.  Дор хаяж 200 төгрөг төлж байж үйлчлүүлнэ.  Түүнчлэн зарим зоогийн газруудад ариун цэврийн өрөө байдаггүй. Монгол Улсын их сургуулийн дөрөвдүгээр байрны орчимд байрлах зарим зоогийн газраар ариун цэврийн өрөө асуухад “байхгүй” гэж хээвнэг бас ундууцсан байдалтай хариулж байсан юм.  Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 4.18-д ‘Худалдаа үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэд нь иргэд үйлчлүүлэгчдэд бие засах газраар үнэ төлбөргүй үйлчилнэ’ гэхчлэн журамласан байдаг. Мөн Эрүүл ахуйн тухай хуульд “Худалдаа үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөөтэй байна” гэж бүр хуульчилсан байдаг. Тэгэхээр бид банк, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг үйлчилгээний байгууллагуудаас ариун цэврийн өрөө нэхэх эрхтэй гэсэн үг. Ариун цэврийн өрөөгөө "цоожилсон", "харамласан" төрийн болон үйлчилгээний байгууллагуудад сануулахад энэ бол хүний эрхийг зөрчиж буй хамгийн том зөрчил билээ. Үйлчилгээнийхэнд үгүйлэгдсэн энэ үйлчилгээг бий болгоё.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж