Испанийг төлөөлсөн анхны трансжендер гоо бүсгүй

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Испанийг төлөөлсөн анхны трансжендер гоо бүсгүй

Испанийг төлөөлсөн анхны трансжендер гоо бүсгүй

Гоо бүсгүй шалгаруулах дэлхийн дөрвөн гол тэмцээний нэг “Miss Universe” (Ертөнцийн гоо бүсгүй)-д энэ жил анх удаа трансжендер мисс  Испани улсаас оролцлоо. 67 жилийн түүхтэй тэмцээнд анх удаа оролцсон трансжендер гоо бүсгүй, Испанийн мисс Анжела Понсыг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна.

БЛИЦ

Нэр: Анжела Понс Камачо

Нас: 27 (1991 оны нэгдүгээр сарын 18)

Төрсөн газар: Испанийн Севиль хот

Өндөр: 180 см

Жин: 55 кг

Анжела Понс эх орондоо ялагчийн титмийг авчраагүй боловч тэмцээнийг түрүүлсэн Филиппиний гоо бүсгүй Катриона Грейгээс ч илүү олны анхаарлыг татлаа. “Miss Universe” тэмцээн арванхоёрдугаар сарын 16-нд Тайландын нийслэл Бангкок хотноо эцсийн шалгаруулалтаа явуулсан юм.

Анжела Понс өнгөрсөн зургадугаар сард Испани улсын “Miss Universe” тэмцээний шалгаруулалтад тэргүүлснээр хэдийн түүхэнд нэрээ бичсэн юм. Түүнтэй хамт Испанийн олон хотоос шалгарсан 22 гоо бүсгүй өрсөлдсөн байв. Мөн тэрбээр өмнө нь 2015 онд Испани улсын Дэлхийн мисст оролцогчийг шалгаруулах тэмцээнд Кадис хотоос оролцож байжээ. Тэрбээр “Зөвхөн эм бэлэг эрхтэнтэй байлаа гээд чи эмэгтэй болохгүй. Харин чиний дотор хүн чинь чамайг эмэгтэй болгодог. Би анх төрөхдөө л эмэгтэй байсан” хэмээн ярьжээ.

Бага байхдаа Анжела Понс үргэлж гүнж болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр мөрөөдлийнхөө төлөө тэмцэж, өөртөө үнэнч байснаараа гоо бүсгүй шалгаруулах олон улсын тэмцээний тайзнаа титэм зүүн бусад эмэгтэйчүүдтэй хамт зогсож чадсан юм. Өдгөө түүний Инстаграм цахим хуудас хагас сая гаруй хүн дагагчтай болжээ. Анжела зургаан настайгаасаа Испани ардын фламенко бүжгийг цагаан даашинз өмсөн бүжиглэхийг хүсч байснаа тэмцээний үеэр биелүүлсэн байна.

“Miss Universe” шалгаруулалтад трансжендер гоо бүсгүй оролцсон нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэмцээнийг орхисноос хойш гарсан хамгийн том өөрчлөлт болов. Өмнө нь 2012 онд Канад улсаас трансжендер гоо бүсгүй Женна Талакова тэмцээнээс “эмэгтэй биш” хэмээн хасагдсанаас ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм. “Miss Universe” тэмцээнийг дэлхийн 190 гаруй оронд шууд дамжуулж, хагас тэрбум гаруй хүн үздэг томоохон тэмцээн. Тэрбумтан бизнесмен Дональд Трамп 1996 оноос хойш тус тэмцээнийг ивээн тэтгэж, оролцож байсан ч 2015 онд өөрийн эзэмшлийн хувьцаагаа зарж, “Miss Universe”-ийг орхисон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж