"Намуу цэцэг"-т донтсон томчуудын хүүхдүүд

Хуучирсан мэдээ: 2018.12.20-нд нийтлэгдсэн

"Намуу цэцэг"-т донтсон томчуудын хүүхдүүд

"Намуу цэцэг"-т донтсон томчуудын хүүхдүүд

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсч, улам залуужиж байгаа сэтгэл эмзэглүүлэм мэдээг цагдаагийн байгууллагаас өгдөг. "Хар тамниы хэрэглээ өнөөдөр шохоорол, сонирхлын шинж чанараас нэгэнт халиад, илүү зохион байгуулалттай, далд бизнесийн хэв шинж рүү орсон" талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр NEWS агентлагийн "Нэг сэдэв, найман эх сурвалж" буланд өгсөн ярилцлагадаа онцолсон байдаг. Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газарт бүртгэгдсэн мэдээллээс харахад 2018 оны есөн сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Гэмт хэрэгт холбогдогчийн дотор  насанд хүрээгүй хүүхдүүд ч байна. Монголын нийгмийг чимээгүйхэн “идэж” буй хар тамхины хэрэгт улстөрчид, бизнесийнхний хүүхдүүд холбогдож байсан дуулиант хэргүүдийг хүргэе.  Дашрамд сонирхуулахад, Холливудын алдарт жүжигчин Жэки Чаны хүү Жэйси Чаныг хууль бусаар хар тамхи эзэмшиж байсан хэргээр баривчилсан бөгөөд дэлхийн кино од “Би хүүгээ хүмүүжүүлж чадаагүйдээ үнэхээр их ичиж байна. Гэмшиж байна. Намайг уучлаарай” хэмээн мэдэгдэж байв.


ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТ

Одоогоос бараг хоёр жил шахмын өмнө буюу 2017 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Рояал Кэстл” хотхоны 103 дугаар байрны 13 давхраас 21 настай Х гэх хөгжимчин залуу амиа алдсан дуулиан дэгдсэн. Хэрэг болсон хотхоны байр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн эзэмшлийнх бөгөөд тэнд байсан 12 залууг мансууруулах бодис хэрэглэсэн гэх асуудлаар цагдаагаас шалгаж эхэлсэн юм. Тэдэнд Эрүүгийн хуулийн 188-ийн 1, 192-ын 1,2,3,4-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тун удалгүй  тэдгээр залуусын хэргийг хэрэгсэхгүй болгох замаар нам жим болсон тухай хэвлэлүүд нэг хэсэгтээ онцлон мэдээлж байлаа. Түүнтэй хамт Ерөнхийлөгчийн экс эхнэр  З.Уянгын хүү Э.Есүгэнэ гэсэн залуу байсан гэх мэдээлэл ч цацагдаж байв.

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ГИШҮҮН АСАН Д.СУГАРЫН ХҮҮ ЦОГ

 

Өнөөдрөөс хоёр жил гаруйн өмнө буюу 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цогийг  ice буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч, түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон билээ.  Үүнээс өмнө тэрбээр 2014 онд мөн энэ хэргээр шүүхээс хоёр жилийн ял авсан  ч Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж суллагдаж байв.

 

ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙГАА Г.БАЯСГАЛАНГИЙН ХҮҮ ХЯТАДАД ХОРИГДОЖ БАЙВ

ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байгаа Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. “Ачаа хүнд дамжуулж өгөөч” гэсэн хүний гуйлтаар авч явсан бараанаас нь хар тамхи илэрсэн уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн билээ.

Түүнийг Хулан, Халиунаа гэх эгч дүү хоёрын золионд явсан олон монгол хүний нэг болсон тухай тэр үед хэвлэлүүдээр шуугьж байлаа.

“ЭРДЭНЭТ”-ИЙН Х.БАДАМСҮРЭНГИЙН ХҮҮ БАДРАХ

Зайсан дахь нэгэн ресторанд томчуудын хүүхдүүд 2017 оны долдугаар сард наргиж байхдаа хар тамхинд мансуурч, рестораны ажилчдын биед халдаж, танхайрсан хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан. Гэвч, хэрэг нь шүүхээр шийдэгдээгүй тэгсхийгээд мөн намжсан билээ. Б.Бадрах өмнө нь мөрийтэй тоглоом, хар тамхины хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж, эрүүгийн хавтаст хэрэг хүртэл үүсгүүлж байсан ч аавынхаа буянаар ял шийтгэлгүй өнгөрсөн талаар хэвлэлээр мөн л бичиж байлаа.

ТЭЭВРИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЯНАЛТЫН ПРОКУРОР Х.ТАМИР

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноосон байдаг.

Гэвч тэд давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэр шүүх  энэ оны есдүгээр сард гаргасан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
12
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж