Тэрбумтан Илон Маск өнгөрсөн мягмар гаригийн орой хоёр жилийн өмнөөс Лос Анжелес хотын доогуур тавьсан 1,8 км урт, өндөр хурдны замын хонгилынхоо эхний хэсгийг нээж, олон нийтэд танилцуулсан талаар “The Time” мэдээлсэн байна.
Илон Маск “Хонгилоор нийт 240 км/цаг гаруй хурдтай зорчиж болно. Ийм хурдтайгаар автомашинуудыг нэг цэгээс нөгөө цэгт хүргэнэ” гэж хэлжээ. Тэрбээр тус хонгилоор өндөр хурдтай явахын тулд ирээдүйд цахилгаан автомашин, ялангуяа эвхэгддэг дугуй бүхий “Тесла”-гийн автомашинуудаар зорчих боломжтой гэж хэлсэн байна.
“The Boring Company” туршилтын хонгилыг барихад 10 сая ам.доллар зарцуулжээ. Маскийн тайлбарласнаар хотын түгжрэлийг шийдэх цорын ганц арга нь тээврийн системийг гурван хэмжээст болгох бөгөөд энэ нь харьцангуй энгийн шийдэл аж. Хонгилын систем бүрэн ажилд орвол цагт 4000 автомашин зөөх багтаамжтай байх юм байна.
“France Press” агентлагийн мэдээлснээр өнгөрсөн мягмар гаригт Маск сэтгүүлчдийг хонгилоор 65 км/цаг хурдтай аялуулж үзүүлсэн нь паркийн тоглоом мэт сэтгэгдэл төрүүлжээ. Мөн тэрбээр хонгил газар хөдлөлтөд тэсвэртэйг баталсан байна. “The Boring” компани энэ хонгилын системийг Лос Анжелесын метроны сүлжээтэй холбох боломжийн талаар хотын захиргаатай ярилцаж байгаагаа дуулгажээ.
Маск Лос-Анжелес болон Зүүн эрэг хавийн нийслэл хотын бүсэд хонгилын хоёр сүлжээг зэрэгцүүлэн барихаар төлөвлөсөн байна. Мөн Техас, эсвэл Сан-Францискод газар доогуурх өндөр хурдны хонгил барьж магадгүй байгаа аж.
Эх сурвалж: Time, Reuters, AFP
Холбоотой мэдээ