Сагсан бөмбөгийн Евролигийн 13-р тойргийн тоглолтууд энэ өдрүүдэд явагдаж байна. Өчигдөр Евролигийн талбай дээр 8 багийн 4 тоглолт болсон. Эдгээр тоглолтуудаас Туркийн Анадолу Эфес клуб талбайдаа Монтенегро улсын Будучност багийг хүлээн авч 106-68 харьцаатай хожиж клубынхээ түүхэн дэх хамгийн дээд оноог авав. Анадолу Эфес багаас энэ өдөр 4 тоглогч 10-с дээш оноо авсан бөгөөд Р.Бодуа 22 оноо авч багаа тэргүүлсэн бол К.Симон 15, А.Моерман 13 оноо авч сэлгээнээс Б.Мотум 17 оноо авчээ. Харин тэдний өрсөлдөгчдөөс 3 тоглогч 10-с дээш оноо авсан ч бусад хамтрагчид нь хангалтгүй тоглосон юм.
Анадолу Эфес баг 2004-2005 оны Евролигийн улиралд Грекийн Олимпиакос багийг 110-59 харьцаатай хожсон нь тус багийн Евролигийн талбай дээрээс авч байсан хамгийн өндөр оноо болсон байдаг.
Мөн өчигдөр Туркийн Фенербахче клуб талбайдаа ЦСКА Москва багийг 79-75, Грекийн Олимпиакос Испанид зочлон талбайн эзэн Барселона клубыг 69-60 харьцаатай хожсон бол Испаний Баскониа клуб нутаг нэгт Гран-Канариа клубыг талбайд нь 84-71 харьцаагаар хожсон байна.
Өнөөдөр Евролигийн талбай дээр 8 багийн 4 тоглолт болно. Евролигийг 13 тоглолтын дараах байдлаар Туркийн Фенербахче клуб 12 хожил, 1 хожигдолтой тэргүүлж байгаа бол Реал Мадрид болон ЦСКА Москва клубууд удаалж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ