УИХ-ын гишүүн С.Одонтуяа өвлийн улиралд зарлагдсан уралдаанд 16-гаас доош насны хүүхдээр морь унуулахыг хориглох хуулийн төсөл санаачилан, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн байна.
Саяхан Дүнжингарав 2015 морин уралдаан болоход долоон ч хүүхэд унаж, бэртэл гэмтэл авсан тухай мэдээлж буй. Эл асуудалтай холбоотойгоор Шадар сайд У.Хүрэлсүх энэ асуудлыг анхааралдаа авч, хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт хийх тухайгаа хэвлэлийнхэнд онцолсон. Ингэхдээ Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсны дараа гарц гаргана гэсэн ч УИХ-ын гишүүн С.Одонтуяа өрсөж, хуулийн төсөл санаачлаад байна.
УИХ-аар дээрх хууль батлагдсан нөхцөлд өвлийн улиралд 16-гаас доош насныхан хурдан морь унахгүй болж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Хүний эрхийн үндэсний комиссоос УИХ-д тавьж ирсэн нэг зөвлөмж биелэх боломжтой болох юм.
Г.НАРАН