Б.Янжиндулам дэлхийн рекордыг шинэчилсэн ч бухимдлаа илэрхийлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.19-нд нийтлэгдсэн

Б.Янжиндулам дэлхийн рекордыг шинэчилсэн ч бухимдлаа илэрхийлжээ

Б.Янжиндулам дэлхийн рекордыг шинэчилсэн ч бухимдлаа илэрхийлжээ

Австрийн нийслэл Вена хотод болсон ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Б.Янжиндулам оролцож, мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр таван минутанд 413 дүрс цээжилснээр дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон байна. Тэмцээн энэ сарын 14-16-ны өдрүүдэд болсон бөгөөд тэмцээнд эх орноо төлөөлөн Б.Янжиндулам оролцжээ.

Тэрбээр энэ удаагийн ДАШТ-ийг Европын тамирчдын дунд болсон гэдгээр нь онцолжээ. Мөн зарим орны тамирчид тэр дундаа монголчууд визний бэрхшээлтэй байдгаас уг тэмцээнд тэр бүр оролцож чаддаггүй байна. Үүнээс гадна тэмцээний талаарх зурагт хуудсанд Монголын туг байгаагүйгээс гадна зохион байгуулагч нараас “хорлон сүйтгэх ажиллагаа” явуулж, анхаарлаа төвлөрүүлэхэд саад болж байсан гэж Б.Янжиндулам өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Тэрбээр 2017 онд Индонезийн Жакарта хотод болсон ой тогтоолтын ДАШТ-ий үеэр “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 15 минутад 212 хүний нэр, царайг алдаагүй санаж дэлхийн рекордыг шинэчилсэн юм.

Дөрвөн настайдаа ээжийнхээ хамт Шведийг зорьсон ч багаасаа ой тогтоолтоор хичээллэж эхэлжээ. Тэрбээр англ, швед, испани, монгол хэлээр чөлөөтэй ярьдагаас гадна нийт 14 гадаад хэлийг эзэмшээд байгаа аж.

Б.Янжиндулам “Авьяаслаг шведчүүд” шоунаас алтан баззерийн эзэн болж, финалын шалгаруулалтад оролцож байсан юм. Мөн алдарт хөтлөгч Стив Харвигийн шоунд оролцсон анхны монгол оролцогч болж, ой тогтоолтоороо үзэгчдийг алмайруулсан билээ. Оюун ухааны гайхамшгаараа олон улсад эх орныхоо нэрийг гаргаж буй Б.Янжиндулам энэ жилийн ДАШТ-д амжилттай оролцсон ч сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

Б.Янжиндулам олон улсад Yanjaa Wintersoul нэрээр бүртгэлтэй байдаг бөгөөд ой тогтоолтын олон төрлөөр дэлхийн рекордыг шинэчилж, Монгол улсын нэрийг дэлхийд цуурайтуулж яваа шилдэг тамирчдын нэг юм.

А.Янжиндулам өөрийн фэйсбүүктээ: 

Харамсалтай нь, саяны энэ тэмцээн миний хувьд баяр бахдал, амжилт ололтоос илүү "алагчлал, бухимдал, гомдол гуниг" боллоо. Учир нь юуны түрүүнд хэлэхэд, зарим орны тамирчид тэр дундаа монголчуудад "визний бэрхшээл"-тэй оронд тэмцээнийг зориудаар зохион байгуулснаар дэлхийд өндөр чансаатай тамирчид оролцож чадсангүй.

Хоёрдугаарт, ой тогтоолтын тэмцээн бол сэтгэл санааны маш тайван байдалд анхаарлаа онц сайтар төвлөрүүлж байж л амжилт гаргадаг спорт гэдгийг мэдсээр байж зарим нэг тэмцээн зохион байгуулагч санаатайгаар "хорлон сүйтгэх ажиллагаа" явууллаа гэж би үзэж байна.

Жишээлбэл "хуудсаа 1 секундээр хурдан эргүүллээ, цаасны цаанаас нь нэвт харчихлаа" гэх мэтийн хөгийн шалтаг тавин "мөрдөн байцаалт" явуулж байна гэж чухал тэмцээний өмнөхөн сэтгэл санааны дайралт хийж ухаан санаа хямраах ажиллагааг удаа дараалан явууллаа. Миний ёс суртахуун, шударга зан байдлыг дорд үзэж мэдээжийн үндэслэлгүй бөгөөд үр дүнгүй иймэрхүү арга хэмжээ нь зөвхөн намайг ялуулахгүй гэсэндээ биш монгол хүнийг ялуулахгүй байх гэсэн ялгаварлан гадуурхах ажиллагаа гэж надад ойлгогдлоо.

Тэдний зурагт хуудсууд дээр Монголын туг ч байгаагүй! Саяны тэмцээн хэдийгээр "дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" нэртэй боловч бараг европын тэмцээн болчихлоо. Энэ бүхнээс үүдээд 2 зүйлийг хэлмээр байна.

Монгол улсын засгийн газар тамирчдаа гадаадад тэмцээнд оролцуулах тал дээр өөрсдийн дэмжлэгээ дипломат шугамаар өгч байгаасай. Тэмцээнд оролцох явцад гарч болзошгүй "алагчлах" явдалд хаанаас ирсэн хэн ч бай өртөх магадлалтай тул тэмцээний дүрмийг тодорхой болгож, тамирчдыг зохиомол шалтгаанаар ингэж үндслэлгүй дарамт үзүүлж тэмцээний үр дүнд нөлөөлөхийг цаашдаа дүрмэндээ хорих хэрэгтэй" хэмээн бичсэн байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж