Йемений иргэний дайныг төгсгөх энхийн яриа хэлэлцээр Шведийн нийслэл Стокгольм хотноо арванхоёрдугаар сарын 6-нд эхэлж, долоо хоногийн турш үргэлжилсэн билээ. Энхийн яриа хэлэлцээрийн эхний үе шат амжилттай өрнөснөөр сөргөлдөгч талууд Йемений Ходейда боомт хотод гал зогсоож, НҮБ-ийн хяналтад өгөхөөр болсон юм. Ходейда хотод гал зогсоох хэлэлцээр өчигдрийн 00:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ч хэдхэн минутын дараа Хусит босогчдын тал гал нээсэн байна. Йемений дайны сөргөлдөгч тал нь Ираны дэмжлэгтэй Хусит босогчид болон Саудын Арабын дэмжлэгтэй Йемений албан ёсны Засгийн газар юм.
Хусит босогчид 2014 оноос хойш Ходейда боомтыг хяналтдаа байлгаж байгаа боловч энэ оны долдугаар сараас эхлэн Саудын Араб тэргүүтэй эвсэл /Йемений Засгийн газар, АНУ/ дайралт хийх болсон аж. Ходейда нь Йемений нийслэл Санаа хотоос 150 километрийн зайд орших боомт хот юм.
Йемений дөрвөн жил үргэлжилж буй иргэний дайнд тус улсын ард иргэд маш их зүдэрч, дор хаяж 22 сая хүнд анхны тусламж, хоол хүнс шаардлагатай байгаа бөгөөд Ходейда боомт нь тус улс руу тусламжийн барааг оруулах хамгийн чухал цэг байсан юм. НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссараас мэдээлснээр Йемений 16 сая хүн ундны усны хомсдолд орж, сургуулийн насны хүүхдүүдийн 25 хувь нь хичээлдээ явах боломжгүй болсон төдийгүй хоёр сая хүн дайнаас болж орон гэргүй болоод байгаа юм. Мөн дайны улмаас арван мянга гаруй хүн амь насаа алдаж, 14 сая хүн өлсгөлөнгийн ирмэгт тулаад байгаа нь сүүлийн 100 жилд дэлхий ертөнцөд нүүрлээгүй олныг хамарсан өлсгөлөн болж байна хэмээн НҮБ-ээс мэдээлжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ