МАН-ын Бага хурлын талаар УИХ-ын гишүүн А.Ундраагаас тодрууллаа.
– Бага хурлаар ямар асуудал хэлэлцэж байна вэ?
– УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэсэн асуудлаар санал хураалт явуулах гэж байна. Намын Бага хурлын гишүүний хувьд, УИХ-ын гишүүний хувьд ч тэр ийм санал хураалт явуулах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг намын Бага хурлаар шийддэггүй. УИХ-аар шийддэг. Тиймээс Бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү турхирч, түлхэж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлээд гарч ирлээ. Намын бага хурлын гишүүд хууль зөрчих вий гэдгээс би болгоомжилж байна.
-Бага хурал өндөр хамгаалалт дор явагдаж байна. Дотор хурлын уур амьсгал ямар байна вэ?
– Би олон удаагийн хуралд оролцож байсан, гайхаж байна. Өмнө нь Бага хурлын хуралдаанууд хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хурлын танхимаас гараад үүдэнд ирэхэд хоёр янзын хамгаалалтын компанийн хүмүүстэй тааралдлаа. Энэ хүмүүстэй хэн хэн гэрээ хийсэн, яагаад ийм хамгаалалттай байгаа юм гэхэд боксын 200 орчим тамирчдыг авчирсан гэж байна. Хэнийг хэнтэй маргалдаан, тэмцэлдээнд уриалаад байгаа нь ойлгомжгүй, түгшүүртэй байна л даа.
–Бага хурлаар нэр бүхий гишүүдийг хөөнө гэсэн мэдээлэл байна. Танд мэдсэн зүйл байна уу?
-Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар нэр бүхий гишүүдийг намаас хөөх тухай яриа нэлээд хэд хоногийн өмнө гарсан. Өнөөдрийн байдлаар гишүүдийг хөөх шийдвэр гараагүй байгаа гэж ойлгож байна.
Ш.Адъяамаа
Холбоотой мэдээ