Толгойгоо элсэнд нуудаг зуршилтай хоёр нутагтан амьтныг саяхан Панамаас олж нээсэн бөгөөд түүнд нэр өгөх эрхийг нь “Envirobuild” хэмээх компани дуудлага худалдаанд оролцон 25’000 ам.доллароор олж авсан байна.
Уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг тул устах аюулд ороод байгаа амьтанд “Demorphis Donaldtrumpi” хэмээх нэрийг өгсөн нь байгаль орчны асуудалд Д.Трамп болон дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой аж.
Demorphis Donaldtrumpi нь жижигхэн, сохор, элсэн дор амьдардаг хоёр нутагтан амьтан юм. Тус амьтныг нэрлэх эрхийг авсан “Envirobuild” компанийн захирал Айдан Белл түүнийг Д.Трамптай маш төстэй гэжээ. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн тухай асуудал яригдах үед Д.Трамп толгойгоо элсэнд хийсэн аятай үл хайхарсан, мэдэн будилсан байдалтай байдаг.
Цаг уурын өөрчлөлтийг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хэмээн судлаач эрдэмтэд бүгд санал нэгдээд байгаа боловч Д.Трамп болон түүний засаг захиргаа эсрэгээр нь үүнийг байгалийн хүчин зүйл учраас хүмүүс хариуцлага хүлээх ёсгүй гэдэг аж. Мөн тэрбээр Ерөнхийлөгч болсныхоо дараа “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг 2015 оны Парисын гэрээ”-ээс АНУ-ыг албан ёсоор гаргасан билээ. Тус гэрээнд нэгдсэн орнууд хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах үүрэг хүлээдэг бол П.Трамп энэ ажлыг хэтэрхий өндөр өртөгтэй хэмээн үзсэн юм.
“Цаг уурын өөрчлөлт явагдаж байгаад хүний нөлөө байхгүй гэж боддог. Дэлхий дулаарч байгаа гэдгийг би хүлээн зөвшөөрч байна, гэхдээ буцаад хэвийн байдалдаа орчихно” хэмээн Д.Трамп хоёр сарын өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа дурдаж байв. Мөн өнгөрсөн сард нэгэн сэтгүүлч түүнд “Цаг уурын өөрчлөлт АНУ-ын Засгийн газарт хэдэн зуун тэрбумын алдагдал учруулах төлөвтэй” байгааг хэлэхэд “энэ бол худлаа” хэмээн хариулжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ